Categories
мэдээ спорт

“Анхдагчдын цом-2019” цанын нээлттэй тэмцээнд хилчид амжилттай оролцлоо

Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Булган аймгийн Тэшиг суманд “Анхдагчдын цом-2019” гүйлтийн цанын нээлттэй тэмцээнийг Хилийн 0286 дугаар анги, Булган аймгийн засаг даргын тамгын газартай хамтран хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 14 багийн 122 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдлөө. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Булган аймгийн засаг дарга Ч.Батзориг, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатан, Хилийн 0208 дугаар тусгай салбарын захирагч, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Хилийн 0286 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Жамсрандорж, Хилийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр, бэлтгэл хурандаа Д.Батцэнгэл нарын хүндэт зочид төлөөлөгч оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд Швейцарь улсаас цанын мэргэжлийн тамирчид ирж монгол тамирчидтай өрсөлдөж, харилцан туршлага солилцсоноороо онцлог байлаа. Тэмцээн насанд хүрэгчид ба өсвөрийн тамирчид гэсэн ангилалтай явагдлаа. Насанд хүрэгчид 19-25, 26-36, 37-өөс дээш, өсвөрийн тамирчид 11-12, 13-14, 15-16, 17-18 насны гэсэн ангиллаар болон багуудын буухиа уралдаанаар үргэлжилсэн юм. Тус тэмцээнээс Хилийн 0286 дугаар ангийн ахлах ахлагч П.Мөнхбат мөнгө, дэд ахлагч З.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль, ахлах ахлагч А.Нарангарав хүрэл медаль хүртлээ. Буухиа тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Хилийн 0286 дугаар ангийн нэгдүгээр баг тэргүүлж, хоёрдугаар баг хүрэл медаль хүртэв. Харин буухиа тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Хилийн 0286 дугаар ангийн эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртлээ. Багийн дүнгээр Хэнтий аймгийн тамирчид түрүүлж шилжин явах цомын эзэн болсон бол хоёрдугаар байранд Хилийн 0286 дугаар анги шалгарч Хилийн 0303 дугаар тусгай салбар удаах байрыг эзлэв. Тэмцээнд оролцсон тамирчид, ирсэн хүндэт зочид төлөөлөгчдөд Хилийн 0286 дугаар ангийн Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны хамт олон “Булган хангайн хилчдийн аялгуу” нэртэй концерт, үдэшлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж Монгол өв соёл болон хилчдийн алба үйл ажиллагааг сурталчилав. Мөн Швейцарь улсын иргэн Паскалын өсвөрийн цаначдыг бэлтгэхэд хөрөнгө оруулалж, хойд хилийн ангиудын хилчин тамирчдыг цанын спортод бэлтгэхэд онцгой туслалцаа үзүүлж байгаа юм. Паскаль энэхүү тэмцээнд амжилт үзүүлсэн өсвөрийн цаначдыг ирэх жил Швейцарь улсад зохион байгуулах “Lausanne-2020” тэмцээнд оролцуулахад өөрийн хөрөнгөөр ивээн тэтгэх ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *