Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ангарагийн бэлэг

Энэтхэгчүүдийн олж харсан гэрлэн дохио

Хүн төрөлхтний сонирхлыг ихээр татдаг гаригуудын нэг бол Ангараг. НАСА-гийн эрдэмтэд тус гаригийг идэвхтэй судалж, судалгааны ажлаа алхам алхмаар урагшлуулсаар буй. Бусад улс орны судлаачид ч энэ гаригийг судалж, шинэ зүйлс эрэлхийлдэг. Ангараг гаригаас дэлхийд байдаг эд зүйлстэй төстэй олон эд олддог. Тэр ч бүү хэл хүнтэй төстэй, хүний нүүр царайг илэрхийлдэг олон зүйлс дуранд үлддэг. 15 жилийн өмнө “Сожоунер” роботын авсан олон мянган зураг НАСА-гийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Уг хөмрөгийг шүүж үзэн, судалгаа хийж байсан археологич У.Скотт чулуун баримлын толгой хэвтэж байгааг олж илрүүлсэн байна. Хэрвээ энэ зүйл үнэхээр баримлын толгой мөн байвал Ангарагаас олдсон анхны баримал, хүний гараар бүтсэн бүтээл болж таарах юм.

Гүрвэл. НАСА-гийн судлаачид үүнийг хэдэн сая жилийн өмнө Ангараг гариг дээр амьдарч байсан гүрвэлийн чулуужсан үлдэгдэл гэж үздэг.

Монголчууд уг гаригийг Улаан нүдэн гариг гэж нэрийддэг. Марс буюу Улаан нүдэн гаригийг судалдаг эрдэмтэд тэнд амьдрал бий, эсвэл амьдрал байсан гэдэг дээр санал хуваагддаг. Марс гаригт голын гольдрол олдсон, тэр бүү хэл пирамид бий ч гэцгээдэг. Ер нь тэнд амьд амьдрал бий гэдэгт бат итгэдэг хүмүүс ч олон.

Байсхийгээд л барууны мэдээллийн хэрэгслүүд, сүүлийн үед Азийн томоохон цахим хуудсууд Ангарагаас ямар нэгэн эд зүйлтэй төстэй юм олдсон тухай мэдээлдэг болсон. Хамгийн сүүлчийн мэдээ нь дээр дурдсан чулуун хөшөөний толгой. Энэ толгойг шинжилж үзээд дэлхийн хүн төрөлхтөний эртний домогт өгүүлдэг бурхдынхтай төстэй гэж үзэж байгаа аж. Үүнээс улбаалаад Марс гаригт хүний нэг төрөл оршиж байсан, оршиж байж магадгүй гэдэг таамаглалыг улам лавшруулж байгаа гэнэ.

Майжгий гутал

Марс гариг дээр судалгаа хийсэн роботуудын авсан зургийг судлаачид төдийгүй, одон орон, гариг эрхэс сонирхдог жирийн иргэд хүртэл нарийн ажиглаж, шинэ зүйлс илрүүлдэг. “Ангарагаас өрөөсөн майжийсан гутал олдлоо”, “Чулуужсан, могой, гүрвэл, харх олджээ”, “Гэрлэн дохио мэтийн зүйл илрүүллээ” гэх мэтээр олон мэдээлэл цацагддаг ч эдний алийг нь ч эрдэмтэд нотолж, хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Юутай ч хүн төрөлхтөн Улаан нүдэн гаригаас камерын бичлэгт үлдсэн дүрслэлийн тусламжтайгаар олон арван эд олчихоод байгаа. Энэ бүх “олдвор”-ыг үнэн байгаасай, жинхэнэ байгаасай гэдэг далд итгэл хүмүүст төрж “Тэнд амьдрал байгаасай” гэсэн бодол төрдөг.

“Ангарагийн үзэсгэлэнт бүсгүй”. Марс гаригийн гадаргаас ийм дүрстэй хад олджээ

Марсаас одоогоор хэдэн зуун дүр, дүрслэл олдчихоод байгаа. Пирамид, хотын балгас, хүний царай, галт уулын тогоо, харх, гүрвэл, могой мэт чулуужсан зүйлс харагддаг аж. НАСА-гийн эрдэмтэд “Марс бол бидний сонирхол татдаг, итгэл тээдэг гаригуудын нэг. Тэндээс бидний энд хэрэглэдэг эд зүйлтэй төстэй юмс бичлэгээс олонтаа харагддаг. Энэ талаас нь тус гаригийг чулуужсан зүйлсийн агуулах гэж хэлж болох ч нөгөө талаас музей ч юм шиг байдаг. Гэхдээ хамгийн гол нь хүн төрөлхтөний өөр гариг дээр амьдрал байж болзошгүй гэдэг мөнхийн горьдлогыг Марс сэрээсэн гэдгийг мартаж болохгүй” гэж тодорхойлдог.

Харин НАСА-гийн судалгааг таашаадаггүй зарим орны судлаачид Ангарагтай холбоо энэ бүхнийг үгүйсгэж “Америкчууд Ангараг гэдэг супермаркетаас одоо юу олдлоо гэж шоудах бол доо. Крисмас дөхлөө. Тэндээс бэлэг ирэх байх даа” хэмээн хатуухан хошигнодог. Улс төрийн шинжтэй энэ мэт даажигнал, тохуурхлыг АНУ-ын судлаачид огтхон ч тоодоггүй бөгөөд Марсаас олддог эд зүйлсийг хүн төрөлхтөнд илгээж буй бэлэг хэмээн үзэж судалгааны ажлаа үргэлжлүүлсээр байна.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *