Ангараг гараг дээр нэгэн цагт ширүүн урсгалтай гол урсаж байсныг нотлох ул мөр байх магадлалтай шинэ зургуудыг “Perseverance” сансрын төхөөрөмж авсан талаар АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төв /NASA/ нийтлэв. Энэхүү фото зураг эрдэмтдийг Улаан нүдэн гараг дээр эрт үед ус хэрхэн урсаж байсныг эргэцүүлэн бодоход хүргэж байна. Ийм гол ус байсан ул мөрийг судалж ойлгох нь эрдэмтдэд Ангараг гаргийн чулуулагт хадгалагдан үлдсэн байх магадлалтай эртний бичил биетний амьдралын ул мөрийг хайж олоход нь тус нэмэр болж магадгүй гэж “NASA” мэдээлжээ.
“Perseverance” өөрөө явагч төхөөрөмж одоогоор 250 метр өндөр тунамал чулуулгийн овоолгын сэнс хэлбэртэй орой хэсэг болон урсаж буй ус байсан тахиралдсан давхаргуудыг судалж байгаа аж. Ангараг дээрх “Perseverance” өөрөө явагч төхөөрөмжийн гол зорилго нь астробиологи, тэр дундаа эртний бичил биетний амьдралын ул мөрийг хайх явдал юм. Түүнчлэн уг гарагын геологи, өнгөрсөн цаг үеийнх нь цаг уурын онцлогийг тодорхойлсноор хүн төрөлхтөний уг гаргийг эзэмших замыг нээхийн зэрэгцээ Ангарагийн чулуулаг, сул хөрсийг /реголит/ цуглуулж хадгалах анхны хөтөлбөр юм.
Г.АМАРСАНАА