Зөвлөгөөний үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат , АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа нар мэдээлэл хийсэн бөгөөд мөн Ардчилсан Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Батбаярын Хулан “Андууд” санаачлагыг танилцуулав.
Монгол хүн Монгол хүндээ эх орон байж, нийгмийн бүхий л хэлбэрийн тэгш бус байдлыг багасган, эх орны өнцөг булан бүрт байгаа залуучуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг жинхэнэ утгаар нь бий болгож, нийгмийн хөгжлийн төлөөх бодит оролцоо, залуучуудын хөгжлийн төлөөх олон талт санаачилгыг дэмжин, хандлагын эерэг өөрчлөлтийг залуус өөрсдөө үлгэрлэн үзүүлэх зорилготой, таван дэд хөтөлбөр бүхий “АНДУУД” санаачилга зөвлөгөөнд оролцогчдын анхаарлыг ихэд татсан юм. “АНДУУД” санаачлагыг 2017 оны 12 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо чуулах Ардчилсан Залуучуудын Холбооны VIII их чуулганы үеэр бүрэн эхээр нь залуустаа танилцуулан, хэрэгжүүлж эхлэх ажээ.
Дашрамд дурьдахад, анх удаа Ардчилсан Залуучуудын Холбооны нийт гишүүдийнхээ дунд явуулсан санал хураалтын дүнгээр С.Эрдэнэболд Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.