Categories
мэдээ нийгэм

Анагаах ухааны доктор, профессор Готовын Чойжамц: Генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгээ “чулуу” болгож, өвөг дээдсийнхээ үлдээсэн энэ баялагаас монголчууд хүртэх хэрэгтэй байна

-Генетик нөөц гэдэг үг сүүлийн үед чихний дэргэдүүр өнгөрөх нь элбэг боллоо шүү. Эрдэмтэн хүний хувьд танаас энэ талаар тайлбар авах гэсэн юм.

-Юуны өмнө, чихнийхээ гадуур өнгөрүүлчиж болохгүй чухал өмч, их хөрөнгө, мөнгө гэж монголчууд минь ойлгоосой гэж хүсч байна. Генетик нөөц гэдэг нь бидний өвөг дээдсээс хойч ирээдүйн үе үеийнхэндээ өвлүүлэн үлдээсэн асар их нөөц баялаг юм шүү дээ. Хэрэв судлаад, гүйцэд танин мэдэж чадвал мэдлэг оюуны хүрээнд монголчууд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг эрин зуунаасаа түрүүлж илрүүлж мэдээд, хойч үедээ оюуны бүтээл болгон өвлүүлж үлдээсээр ирсэн. Нөгөө талаасаа бид өвөг дээдсээсээ өвлөж ирсэн оюуны бүтээлээ өнөө үед улам бүр боловсронгуй болгож бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, Монголчууд бид өвлөж ирсэн энэ оюуны бүтээл, түүнд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ эзэн болж, үүнийгээ баталгаажуулах хууль эрх зүйн орчинг бий болгон нийтийн хүртээл болгох, шударгаар үр ашиг хүртэх эрхтэй улс. Монгол айл өрх бүрт генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт технологид суурилсан бүтээгдэхүүн тодорхой хэмжээгээр өвлөгдсөн байдаг.

-Генетик нөөц гэдэг үгтэй уламжлалт мэдлэг гэдэг үг байнга ашиглагдаад байна. Үүнд ямар учир байна?

-Бидний өвөг дээдсээс өвлөн үлдээсэн генетик нөөц, уламжлалт технологи хоол хүнс, хувцас, эд хэрэглэл, эм, эмчилгээний хэрэгсэл, арга ухаан, мал амьтан маллах, арчлах, байгаль орчноо хамгаалах хэлбэрээр бидний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байна.

Булган аймгийн Сайхан сумын айраг яагаад зах зээлд илүү борлуулалттай эрэлттэй байдаг билээ. Тэнд айргийн хөрөнгө болгоод үе дамжуулан хадгалагдсан эсдэг нянгийн омог байгаа. Нян бол амьд махбод болохоор удамшлын мэдээлэл агуулсан бусад нутаг оронд айраг исгэхэд хэрэглэдэг хөрөнгийн нянгаас өөр ген Сайхан суманд байна аа л гэсэн үг шүү дээ. Сайхан суманд очоод эрэл судалгаа хийвэл магадгүй нэг юмуу, хэдхэн айлд л тэр сайхан айрагийн хөрөнгө хадгалагдаж байгаа даа. Тэгэхээр тэд бол генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн эзэд гэсэн үг. Маш товчхон тайлбарлахад ийм байна. Асуудал үүгээр дуусахгүй, тэр айлуудаас хөрөнгө аваад өөр айл, аймаг суманд очоод айраг исгэхээр яг адил амт чанартай айраг гарахгүй байж магадгүй. Яагаад гэдэг асуудал гарнаа. Генетик нөөц бол эх сурвалж, харин түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь технологи юм. Тэр сайхан айрагны эзэн бол генетик нөөцийн ч, уламжлалт технологийн ч эзэн гэсэн үг.

Амьдралд ойр хүн бүхний мэддэг бас нэг жишээ хэлье. Манайхан ярьдаг даа, хурдан адуутай айл гэж. Тэдний адуунд хурдан эсвэл жороогийн ген хадгалагдаад эцэг өвгөдийнхөө зааснаар угшилыг нь таслахгүй, бас уяа сойлгыг нь тааруулаад яваад байгаа л гэсэн үг юм. Харин хэн нэгнийг хурдан морьтой гэвэл өөр ойлголт. Хурдтай айлаас үрээ, гүү аваад ч юм уу эсвэл төл аваад хурд гараагүй тохиолдол бишгүй л дуулддаг. Яагаад билээ? Технологийг нь аваагүй л байхгүй юу. Яаж уяа сойлгыг нь тааруулах вэ, яаж угшилыг нь хадгалж явах вэ гэх мэт олон асуудлын цаана нөгөө л уламжлалт мэдлэгийг анзаарахгүй өнгөрсөний баримт. Бүтээгдэхүүнийг дуурайгаад яг адилхан хийж чаддаггүй юм байна. Энд л уламжлалт мэдлэгийн үнэ цэнэ оршиж байгаа юм. Бас өөр нэг жишээ. Монголчуудын борц хийдэг уламжлалт мэдлэгийн үнэ цэнийг бид тоохгүй л байна. Дэлхий дээр манайхаас хүйтэн орон байдаг биз дээ. Тэнд ийм бүтээгдэхүүн байдаггүй юм байна. Сүүлийн үед орчин цагийн хөргөх техник ашиглан борц хийх болж нөгөө хөдөөний хөх өвгөдийн хийсэн борцонд хүрэхгүй л байна. Уламжлалт мэдлэгийг тооцоогүй өнгийж хараад амархаан аргаар хийгээд ашиг олчих гэж яваад борц гэдэг үнэт хүнснийхээ ач холбогдлыг унагачихгүй юмсан. Эзэнгүй генетик нөөц, эзэнгүй уламжлалт мэдлэг эмзэг зүйл учраас эзэнтэй болгоод чанарыг нь жиших бүтээгдэхүүнтэй болчихвол мөн хэрэгтэй сэн.

-Монголчууд эм, хүнсээ байгалиасаа бэлтгэж хэрэглэж ирсэн олон мянган жилийн уламжлалтай. Энэ чинь генетик нөөц, уламжлалт мэдлэгтэй холбоотой болж таарах нь. Тийм үү?

-Монголчуудын уламжлалт мэдлэгийг анхаараад үнэлж чадвал гайхамшиг их байгаагийн нэг том баримт бол Уламжлалт анагаах ухаан юм. Манай оронд 600 орчим эмийн ургамал байдаг гэж бичицгээдэг юм. Үнэн байх. Монгол бол Төв Азийн өндөрлөгт оршдог байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд зохицон ургадаг ургамалтай орон. Монголын ургамал химийн шинж чанараараа ялгаатай гэдэг нь ургамлын химийн судалгааны олон арван баримтаар батлагдсан. Жишээ нь, Химийн хүрээлэнгийн эрдэмтэн Д.Батсүрэн нар 120 шахам химийн шинэ нэгдлийг Монголын ургамлаас нээн илрүүлж патент авсан байна. Ургамлын дотор агуулагддаг алкалоид, флаваноид гэх мэт биологийн идэвхтэй олон төрлийн бодис бол ургамлын бие махбодод явагддаг бодисын солилцооны хоёрдогч бүтээгдэхүүн юм. Монголын нутаг дэвсгэр дээр ургадаг ургамлын бодисын солилцоо түүний бүтээгдэхүүн бусад оронд ургадаг ижил ургамлаас өөр байдаг болохоор Дэлхийн шинжлэх ухаан мэдээгүй төдийгүй олон бодис манай ургамалд агуулагддаг аж. Бид бол их юмтай, нөөцтэй хүмүүс байгаа биз. Ургамлын химич нартаа баярлахаас яах вэ. Энүүхэндээ гэж хэлэхэд хангайн ургамлын биологийн идэвх, говийнхдоо хүрэхгүй л байх шиг ажиглагддаг шүү. Эргээд Уламжлалт анагаах ухааны эмийн тухай яриандаа оръё. Үгүй энэ олон ургамлаас яг энэ нь ийм өвчнийг анагаахад тустай юм байна гэдгийг эрт цагт эмч оточ нар маань яаж мэдэж олсон юм бол оо гэж гайхмаар баримт олон байна аа. Жишээ нь, лидэр, барбад, тарну, дүржид, гэх мэт. Магадгүй судар бичигт бичигдчихсэн байгаа гэх хүн гарах л байх. Монгол оточ нар манайд ургадаггүй ургамлыг орлуулах ижил үйлчилгээтэй өөр ургамлуудыг бас олсон байна аа. Одоо орчин үеийн шинжлэх ухааны аргаар судалсан үр дүнг нь үзэхээр хүлээн зөвшөөрөхөөс бас гайхахаас өөр аргагүй.

-Монгол орны генетик нөөц өөрөө их онцлог юм байна. Манай эрдэмтэд энэ талаар хэр их судалсан байдаг юм бол?

-Манай судалгааны баг, АШУҮИС-ийн Эм судлалын тэнхимийн эрдэмтэд Монголын зарим ургамлын генетик шинж чанарыг судлах зорилт тавьж ажилласны үр дүнд гадаад морфологийн шинжээрээ яг ижил ургамал дотоод мөн чанарыг харуулах генетик мөн чанараараа өөр гэдгийг нотолж дэлхийн ген банкинд зарим ургамлын генийн онцлогийг бүртгүүлсэн юм. Монголын Нөмрөгт банздоо Хятад, Түвдийн өндөрлөгт ургадаг ижил нэршилтэй олон янз байдлаас өөр л юм байна. Энэ бол Монголын ургамлын нөмрөгийн генетик нөөцийн их санг харуулах нэгээхэн баримт болов уу. Монголын ургамлыг эмэнд олж холиод байгаа нь санамсаргүй биш. Тиймээс манайхан өөрсдөө гадныханд ургамлын түүхий эдээ зүгээр л хэдэн төгрөгөөс өгөөд байж болохгүй. Өнөөдөр анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа европ эмийн бараг 60 шахам хувь нь ургамлын гаралтай байна. Цаашид эмийн ургамалд хандах шинжлэх ухааны сонирхол улам л өсөх төлөвтэй байна. Уламжлалт анагаахын архин эм бол тэр чигээрээ генетик нөөц, уламжлалт мэдлэгийн хүрээнд хамаарах биотехнологийн (орчин цагийнхаар) асуудал боловч бидний өвөг дээдэс их юм хийж чадаж байсан нь харагдаж байна Одоогийн бид чинь харь юманд сөхрөөд өвөгдийнхөө үлдээсэн өвийг мартчихсан хүмүүс юмуу даа.

-Генетик нөөцийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна. Энэ хууль гарвал юу өөрчлөгдөх бол?

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам Генетик нөөцийн тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Генетик нөөцийн тухай Монгол улсын хууль гаргах шаардлага их байна. Учир нь Монгол бол бусдаас нууж, чадвал өөрсдөө эс чадсан тохиолдолд л гадаадтай хамтран судлах замаар шинжлэх ухааны нотолгоо гаргаж, улмаар үр шимийг нь хүртэх арвин нөөцтэй орон. Мал аж ахуйгаас гадна, онгон сайхан байгаль, ургамал, ан амьтан, онцгой нутагшмал бичил ертөнцийн баялаг, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэг, мөн эртний түүхийн улбаатай нүүдэлчний соёл, зан заншил нь тэр чигээрээ уламжлалт мэдлэг. Тиймээс генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгээ “чулуу” болгож өвөг дээдсийнхээ үлдээсэн энэ баялагаас хүртэх боломжийг хуулиар баталгаажуулах нь цаг алдалгүй хийх чухал асуудал болоод байна. Үүнийг манай Их хурлын эрхэм гишүүд ойлгож байгаа гэж итгэж найддаг хүмүүсийн нэг нь би. Энэ бол манай ард түмний нийтлэг том эрх ашигт чухал ач холбогдолтой гэдгийг жирийн иргэнээс төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл ойлгож хойшлуулашгүй шийдвэрлэх асуудлын нэг мөн юм шүү.

-Энэ хууль маш чухал юм байна. Гэтэл судлаачдын хувьд судалгаа шинжилгээний ажил хийх шат дамжлага нэмэгдэх нь гэсэн болгоомжлол байх шиг байна. Та өөрөө судлаач хүн. Юу бодогдож байна вэ?

-Одоохондоо эзэнгүй, зохицуулалт сул байгаа болохоор манай судлаачид дур зоргоороо сонгож судлацгааж байна. Мэдээж эзэнтэй, зохицуулалт сайжрахаар би судлаад танд ашиг тусыг нь батлаад өгье гэж асуух л болох байх. Дамжлага шиг санагдаж магадгүй гэхдээ шинжлэх ухааны судалгааны үр дүн өөрөө генетик нөөцийг ч, уламжлалт мэдлэгийг ч хавьгүй өндөр өртөгтэй болгох ач холбогдолтой, судлаачидын санал ч тэр, судалгааны үр дүн ч тэр бас л их үнэлгээтэй болно. Манай судлаачдын бүтээл шинжлэх ухааны үр дүн практикт нэвтрэхгүй байгаад байгаагийн шалтгааныг судлаад үзэх хэрэгтэй. Ихэнх эрдэмтэн судлаач хүн үйлдвэрлэгч биш байдаг, харин үйлдвэрлэгчидтэй хамтраад ажиллавал гарах үр дүн ихээхэн өөр болно гэж асуудалд хандах хэрэгтэй биз дээ. Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл гээд байдаг чинь зүгээр нэг хоршоо гэсэн үг биш. Тийм болохоор харин ч судлаачдад илүү боломж нээгдэнэ гэж бодож суугаа.

О.ЧИМГЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *