АН-ын удирдлагууд БНХАУ-д айлчлахдаа сонгуульд зориулж хандив авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарах болсон. Тиймээс уг асуудлаар АН-ын удирдлагууд тайлбар өглөө. Мөн уг асуудалтай холбоотой мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “АН болон Хятадын Коммунист намын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны арваннэгдүгээр сард АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд Хятадын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн болон тус хорооны олон улсын харилцааны газрын дарга албаны бусад хүмүүстэй уулзаж улс хоорондын найрсаг харилцаа болон намуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон. Хятадын Коммунист намын зүгээс дэлхийн улс төрийн намуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг бөгөөд дэлхийн улс төрийн намуудын дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн.Энэхүү зарчмынхаа хүрээнд Монгол Улсын улс төрийн хүчнүүд, улс төрийн намуудтай адил түвшинд харилцан хамтран ажиллаж УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөгчдийг солилцох хөтөлбөрийг олон жил хэрэгжүүлж ирсний нэг жишээ нь АН-ын төлөөлөгчдийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал юм.
УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын нэр хүндийг унагах, АН-ын гадаад харилцаа бусад улс орны улс төрийн намуудтай хийж буй хамтын ажиллагаанд сэв сууж болзошгүй гүтгэлийн чанартай мэдээг зарим намын удирдлагууд мөн нэр хаяг тодорхой бус хаягуудаас тарааж байгааг АН-ын гишүүд, дэмжигчид эрс буруушаан эсэргүүцэж байна. АН-ын зүгээс бусад улс орон тэр дундаа Хятадын Коммунист намтай сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратеги түншлэлийн харилцааг намуудын хамтын ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар аливаа уулзалт яриаг хийж байгаа бөгөөд сонгуулийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн талаар огтхон ч дурдаагүй яриа хэлэлцээр хийгээгүй цаашид ч ийм агуулга бүхий харилцаа манай намын гадаад бодлогод огтоос үгүйг хариуцлагатайгаар хатуу мэдэгдэж байна” гэлээ.