Categories
мэдээ нийгэм улс-төр

АН-ын зөвлөл: Цар тахлын үед иргэдийн орлого багассан, хүнд үед өндөр дүнтэй мөнгөөр торгох, хорих ял шийтгэл оноох нь буруу

УИХ дахь АН-ын зөвлөл онлайнаар хуралдана

УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Эрүүгийн хуультай зөрчилдөж байна гэж үзсэн талаар мэдээлэв.

Төслийн долоодугаар зүйлийг 1.2-т заасан хэсэг нь Үндсэн хуулийн 25.1, Төсвийн тухай хуулийн 42.1-ийг зөрчиж байгаа аж. Харин төслийн иргэнийг торгох, хорих ял шийтгэх зэрэг нь Эрүүгийн хуулийн зарим заалттай давхардаж байгааг мэдээллийн үеэр тэмдэглэж байв.

Төслийн долоодугаар зүлийн 1.2-т “…хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зардлын хэмжээг нэмэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч ооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” хэмээн тусгажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, “Үндсэн хуулийн 25.1-т УИХ нь төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан. Үүний I зүйлд, хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах заалт, харин долоодугаарт, төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, Засгийн газрын ажлын хөтөлбөрт улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах гэсэн бүрэн эрхтэй. Энэ бүрэн эрхийг хэн ч зөрчих зохицуулалт хуульд байхгүй юм. Харин Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг 42.1-т Төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ” гэсэн тодорхой заалт бий. Ийм байхад энэ хууль хамаагүй мэт тайлбарлаж болохгүй” хэмээв.

Мөн “Цар тахлын үед иргэдийн орлого багассан, хүнд үед өндөр дүнтэй мөнгөөр торгох, хорих ял шийтгэл оноох нь буруу. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд, иргэн 200-500 мянган төгрөгийн торгууль төлөх боломж байхгүй. Энэ хуулийг мөрдөхөд зөрчилдөөн үүснэ. Үүний оронд иргэд хоорондоо бие биенээ ойлголцдог заалт хэрэгтэй. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд сануулах арга хэмжээ огт байдаггүй. Хамгийн түрүүнд иргэнд сануулаад, болохгүй бол үе шаттай арга хэмжээ авах хэрэгтэй. Түүнээс биш таван мянган төгрөгөө олж чадахгүй иргэнийг 50, 500 мянган төгрөгөөр торгож дарангуйлдаг хуулийг УИХ батлахгүй байх нь зүйтэй гэдгийг анхааруулж байна” хэмээв. АН-ын зөвлөлөөс төсөлд тусгахаар өмнө нь Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн таван багц, 38 зарчмын зөрүүтэй саналаас есийг нь заавал нэмэх шаардлагатай гэж үзээд, төслийн ажлын багт хүргүүлэхээр шийдвэрлэсэн гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *