Өнөөдөр АН-ын зарим гишүүд мэдэгдэл хийлээ. АН-ын залуучууд нэгдэж, намаа шинэчлэх шаардлагыг АН-ын төв байранд хүргүүллээ. Мөн 100 гаруй залуучууд нэгдэж, есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулжээ.
АН-ын гишүүн В.Ган-Эрдэнэ “УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр АН парламентэд 11 суудал авч, хоёр сонгуульд дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ АН-ын олон жилийн турш дэмжиж, Ардчилалд итгэж ирсэн олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй үйл явдал боллоо. АН-ын гишүүд бид энэ байдлыг хараад зүгээр суух эрхгүй болжээ. Намыг ялагдалд хүргэсэн одоогийн удирдлага дүрмийн дагуу хариуцлага хүлээж, шинэчилсэн зохион байгуулалтыг шуурхай хийж чадах эсэх, дотоод ардчиллыг гишүүдийн оролцоотой хангаж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Иймд цаашдын өрнөлд хяналт тавих, шинэчлэлийг сууриар нь зөв зохион байгуулах нь намын төдийгүй Монголын ардчилалд чухал ач холбогдолтой гэж бид үзэн АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулснаа үүгээр зарлаж байна. Түр хороо дараах ажлыг хийхээр зохион байгуулсан болно. Үүнд:
- АН-ын үндсэн дүрмийн дагуу АН-ын дарга, дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн даргыг 2020 оны зургаадугаар сарын 24-ны орой огцорсныг ажлын таван хоногт буюу 2020 оны долдугаар сарын 1-нд багтаан албажуулах ажлыг АН-ын үндсэн дүрмийн хороо хийж чадах эсэхийг хянах
- Намын Үндэсний бодлогынхорооны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардах
- АН-ын дүрмийн хэрэгжилт дотоод ардчиллыг хангуулах бусад ажлыг зохион байгуулах гэх ажлуудыг хийхээ мэдэгдэж байна.
Мөн АН-ын үндсэн дүрэмд нам сонгуульд олонхийн санал аваагүй тохиолдолд намын дарга болон дэд дарга огцрох ёстой гэж заасан. Үүн дагуу АН-ын Үндэсний бодлогын хороо нэн даруй хуралдаж намын даргыг огцруулах тогтоолыг гаргахыг шаардаж байна. АН бол дотоод дүрэмтэй нам бөгөөд хэрвээ дүрмээ биелүүлээгүй тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авна” хэмээн мэдэгдлээ.
Б.МӨНХДУЛАМ