Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН-ын үнс нурман дундаас ардчиллын галт шувууг дахин төрүүлье

Ардчилсан нам ардчилсан хувьсгал хийсэн гэж 30 жил гай, гавьяаг нь үүрч байна. Энэ нам одоо гай, гавьяа хоёрын гай нь дийлэнх болчихоод байна. Ягаад гэвэл ардчилал сорилтод орчихлоо. Ардчилал бол маш эмзэг зүйл, түүнийг байнга хамгаалж, тордож байх ёстой. Ер нь ардчиллыг үргэлж додомдож явахгүй бол болдоггүй гэж ярьдаг. Ингэхгүй бол ардчиллын цэцэрлэгт хогийн өвс дорхноо л ургадаг гэцгээдэг. Одоо Монголын ардчилал яг ийм л байдалтай болчихсон. Ерөнхийдөө ардчилал хумигдаж байна. Сүүлийн зургаан жил нэг нам дангаараа төрийн эрхийг барьж байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд гэхэд л бүх л түвшинд МАН дангаараа эрх барьж байна. Хүний эрх, эрх чөлөө, ардчилал өдөр хоногоор хумигдаж байна. Эрх баригчдыг бодитоор шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, жагсаал цуглаан хийх, эдлэх ёстой эрхийнхээ төлөө тэмцсэн бүхэн алгуурхнаар гэмт хэрэг болж хувираад байна. Ардчилал гэнэт үгүй болохгүй ч, сонгуулиас сонгуульд хумигдаж, сөрөг хүчингүй эрх баригчид өөрсдийг нь шүүмжлэн дуугарсан нэгнийг шийтгэх нэг намын системд эргэн ороход ойртоод байна. Ард түмэн ядуурч, төгрөгийн ханш унаж, улсыг удирдаж байгаа цөөхөн хэдэн хүмүүс хагартлаа баяжиж, тэднийг дагаж яваа хэдэн гэр бүл хөлжиж байгаа дүр зураг л өнөөгийн нийгмийг тод томруунаар илэрхийлж байна. Энэ бүгдэд ардчиллын нэр барьж, хувийнхаа эрх ашгийн төлөө өөрсдөө баяжих гэж зүтгэж ард түмнээ умартсан АН-ынхны буруу. Тэд ард түмнээ боддоггүй байсан юм байна гэдэг нь сүүлийн хэдэн жил намаа яаж устгаж, би л биш бол юун ардчилал, юун нам гэж улангасан тэмцэлдэж байхыг хараад ойлгогдож байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд, нийгэм тэр чигтээ нэг намын дарангуйллын байдалд дасаж, ийм л байсан, ийм л байх ёстой мэт сурталчилж, иргэд ч ийм л байдаг гэж ойлгодог боллоо. Ардчиллын 30 жилд манай улс ийм дүр төрхтэй байгаагүй гэдгийг санаж байгаа, энэ бүгд ардчилал алгуурхнаар мөхөж байгаагийн илрэл гэдгийг мэдэх хүмүүс улам цөөрсөөр. Гэтэл өнөөдөр ардчиллыг түгээн дэлгэрүүлж, сахин хамгаалж, ард түмнийхээ төлөө зогсохоор байгуулагдсан Ардчилсан нам хаана байна вэ. Тэд юу хийж байна вэ. АН-д ардчилал, ард түмэн, тусгаар тогтнол огт хамаагүй юү. Тэдэнд зөвхөн хэн дарга болох, хэний бүлэглэл намын толгойд байж нийгмийн баялгийн өрмийг хамах нь энэ бүгдээс илүү чухал болчихсон байна. Хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх эрх зэрэг ардчиллын анхдагч үнэт зүйлээсээ АН ухарсаар, иргэдийн итгэлийг алдсаар байгаа нь үнэн. Үнэт зүйлгүй, чиглүүлэх манлайлагч, чирэх зүтгүүргүй л болчихсон, Ардчилсан нам. АН-ын асуудал бол зөвхөн гишүүд, дэмжигчдийнх нь бус, бүх монголчуудынх юм аа. Хамгийн гол нь өнөөдөр ардчиллын манаач байх үүрэгтэй АН нь өөрөө амьгүй болчихсон.

Саяхан гэхэд л Дээд шүүх энэ намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бас л бүртгэсэнгүй. Ардчилсан нам учраа олж байж л уул нь ардчиллын жам ёсны өрсөлдөөнт улс төр эхлэх учиртай. Одоо ч тэгээд улсаараа АН-ыг харж, горьдож, шинэчлэгдэхийг нь хүлээх хэрэггүй болж байх шив дээ. Тэднээс шинэчлэлийг хүлээх хэрэггүй гэдгийг тэнэг хүн ч ойлгохоор болсон биз. Ийм л дүр төрхтэй, эв нэгдэл, ойлголцолд хүрэхэд хол байна даа гэж харагдах Ардчилсан нам арван таван толгойтой атгаалжин мангас болчихоод байгаа нь л зовлонтой. Сонгогч, дэмжигчид нь Ардчилсан намаас арван таван толгойтой атгаалжин мангас биш эв нэгдэл, ойлголцлыг хүлээсээр өдийг хүрсэн. Ардчилсан нам сэргэж, ардчилал бодит болж ард түмний нуруу тэнэгэр, санаа амар бизнесээ эрхэлж, гар амар хөл хөсөр жаргах болов уу гэж хүлээсээр цөхөрлөө. Шүүх эрх баригчдын гар хөл болж, биднийг шахаж хавчиж байна гэсэн тэдний үлгэрт одоо итгэх хүн байхгүй болсон. Сонгуулиас сонгуульд Ардчилсан намд итгэсээр ирсэн сонгогчдын итгэл хөрсөн. АН-ын үйл хэргийг нь зүрх сэтгэлээрээ дэмжиж байсан олон мянган иргэдийг тэд гонсойлгосон. Энэ нам ард түмний урмыг хугалсан.

Нэг нам Засгийн бүх эрхийг авснаар ажил сайжирна гэдэг худал гэдгийг одоо бүгд харж байна. Хаалттай, хяналтгүй төр засаг улам бүр хариуцлагагүй болж, доройтдог гэдэг үнэн аж. Хэрүүлтэй уруултай ч оролцоотой, нээлттэй, өрсөлдөөнтэй ардчилсан төр илүү дээр. Нэг намын хэт эрх мэдлийг хязгаарлах, эрх баригчдыг шахаж шаардаж ажил хийлгэх, хянах үүргийг ард түмний өмнөөс сөрөг хүчин л хийнэ. Гэтэл өнөөдөр Монголд хагас дарангуйлал аль хэдийнэ бий болж улс орноороо уруудах өнгөндөө орчихлоо. Эдийн засаг доройтож, төрийн хулгай гаарч, эдийн засгаараа нэг улсын харьяанд орох зам мөр рүү шуударч байгаа нь зөв бурууг нь хэлээд өгөх сөрөг нам байхгүй болсны л үр дүн. Энэ бүгдийн хариуцлагыг Ардчилсан намын жирийн гишүүд хүлээхгүй ээ. Харин энэ намыг удирдаж ирсэн, удирдах гэж санаархаж байгаа үе үеийн дарга, удирдлагууд хүлээх болно.

Гэхдээ Ардчилсан нам улс төрийн тавцангаас арчигдах нь яавч сайн зүйл биш. Учир нь ардчилсан тогтолцоот улсад нэг нам ноёрхох нь аль ч тохиолдолд хортой. Ардчилсан нам 2016 оноос хойш тувт уруудсан. Эцэст нь, тэд улс төрийн хоёр дахь хүчин гэж нэрлэгдэж байсан орон зайгаа алдахад ч тун ойртсон. Ерөнхийдөө ардчилсан нам ёроолдоо уначихсан. Сүүлийн үед энэ намаас дуулдаж байгаа сураг чимээг сонсоход аль хэзээний үеэ өнгөрөөсөн хуучин лидертэйгээ нэгдэх юм л дуулдах боллоо. Хэрэв тэрэндээ тулбал энэ намыг татан буулгаж, суурин дээр нь шинэ нам байгуулах хэрэгтэй. Энэ намыг дагаж ажил амьдралаа зориулсан, хавчигдаж яваа хүмүүс мөн энэ намыг дэмждэг, ардчиллыг дэмждэг Монголын ард түмэнд энэ нь илүү ашигтай. Одоо энэ намыг дээрээс нь биш, доороос нь өөрчлөх хэрэгтэй байна. Дээрээс нь шинэчлэх гээд хэдэн жил үзээд барсангүй. Тиймээс одоо байгаа АН-ыг татан буулгаж, шинээр нам байгуулах хэрэгтэй. Ардчилал жамаараа ард түмний хүслээр бий болсон нь үнэн л юм бол үүнийг МАХН зохиомлоор бий болгоогүй. Үнэхээр ардчиллын лидерүүд ард түмний дундаас төрсөн нь үнэн л юм бол ингэхэд ямар ч асуудалгүй. АН-ын гишүүд аймаг, сум бүртээ шинээр намаа байгуулж үүрийн дарга нараа сонгож, тэд нь Их хурлаараа даргаа сонгох нь зүйтэй. Монголын ардчилал хяналтгүй, манаачгүй болчихоод байна. Монголчуудын тусгаар тогтнолын гол хүчин зүйл бол ардчилал, олон нам бүхий ардчилсан парламентат төр засаг. Энэ утгаараа АН хэдхэн лидерийнхээ төлөө бус, АН-ын эрх ашгийн төлөө ч бус, тусгаар тогтнол, ардчиллаа амьд байлгахын тулд дахин босож, дахин нэгдэх үүрэгтэй. Одоо АН шинэчлэлээ дорвитой эхлүүлмээр байна. Энэ бол АН-ын нийгэмд үүрэх ёстой үүрэг, хүлээх ёстой хариуцлага мөн. Дэлхий даяар галт шувууг шударга ёс, ардчилал эрх чөлөөний бэлгэдэл гэж үздэг.Тэгвэл галт шувуу үнс нурман дундаас төрдөг гэцгээдэг. Ардчиллын галт шувууг шатаж дуусаад одоо зөвхөн утаа нь уугьж байгаа АН-ын үнс нурман дундаас шинээр бий болгоё оо, ардчилалд дуртай, ардчиллыг эрхэмлэдэг монголчууд аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *