АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай мэдээлэл хийлээ. Өнөөдөр Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд 100 хоногийн хугацаанд хийгдсэн 30 ажлыг тайлагнасан. Харин АН, Засгийн газрын 100 хоногийн хугацаанд хийгдсэн шүүмжлэлтэй ажлуудыг нэрлэсэн юм. Тухайлбал, 2016 онд ам.долларын ханш 1850 төгрөг байсан бол өнөөдөр 2470 төгрөг болсон. Иргэдийн худалдан авах чадвар 30 хувиар буурсан. Инфляцийн төвшин 2016 онд 1.2 хувьд хүрч байсан бол өнөөдөр долоон хувьд хүрсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зургаан хувиар өссөн гэж ойлгож болно. Ядуурал гурван функт, ажилгүйдлийн төвшин таван функтээр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, МАН өнгөрсөн 1.7 жилийн хугацаанд нэг ч ажлын байр шинээр бий болгоогүй” хэмээн тодотгов.
Түүнчлэн “У.Хүрэлсүх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа үндсэн гурван асуудлыг гол болгосон. 807.8 тэрбум төгрөгийн концессын гэрээг хууль зөрчин Засгийн газрын танхимдаа олгосон”, “Хүүхдийн мөнгийг хугацаанд нь эрх тэгш олгоно”, “Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар боловч мэргэжлийн бус ах дүү, хамаатан садны хүрээнд томилгоо хийсэн” гэх шалтгаанаар өмнөх Засгийн газраа унагасан. Харамсалтай нь, өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хүүхдийн мөнгийг бүгдэд нь өгсөнгүй, концессын гэрээг хүчингүй болгосонгүй, ах дүү нарын томилгоо эрчээ авлаа. Дээр нь 60 тэрбумын хэрэгт улс төрийн хариуцлага хэнтэй ч тооцсонгүй. Энэ бүхнээс дүгнэхэд У.Хүрэлсүх гэдэг хүн зөвхөн нүүрсний гэрээ хийж, зэсийн наймааг гартаа авахын тулд Ерөнхий сайд болсон нь харагдаж байна” гэлээ. Мөн “У.Хүрэлсүх гэдэг хүнээс нийгэм өндөр хүлээлттэй байсан. Хүн зоддогтойгоо адилхан иргэний зориг гаргаж, нийгэмд зайлшгүй хэрэгтэй байгаа шинэчлэлийг хийх болов уу гэж харж байсан. Хамгийн харамсалтай нь нэг ч шийдвэр гарсангүй. Алсын хараагүй, иргэний зориггүй, нийгмийг шинэчлэх онолгүй нөхөд Монголын Засгийн газарт байна. МАН-ын Засгийн газрын нэг жил, долоон сарын хугацаанд “Муу” дүн өгч байна” гэсэн мэдээллийг өгөв.