Categories
мэдээ улс-төр

АН-ын гүйцэтгэх зөвлөлд шаардлага хүргүүлжээ

“Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-өөс АН-ын дотоод шинэчлэлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

Мэдэгдлийн үеэр Ардчилсан намын шинэчлэл нь цаг үеийн шаардлагаас урган гарсан зайлшгүй үйл явц бөгөөд Монгол Улс дахь засаглалын хямралыг шийдвэрлэх үндсэн гарц байх болно. Ардчилсан намын шинэчлэлийн цөм нь тус намын олон нийтээр хэлэлцүүлэгдсэн намын үндсэн дүрмийн шинэчлэлд тусгалаа олох ёстой. Энэ удаад намын үндсэн дүрмийг шинэчлэх түүхэн хурал зохион байгуулагдах гэж байна. Үндсэн дүрмийн шинэчлэл нь Ардчилсан намын бүх гишүүд, түүнчлэн үндэсний хэмжээний гол улс төрийн намын хувьд Монголын бүх иргэнд хамаатай тул улс төрийн намын шинэчлэлийн процесс нь ил тод, нээлттэй байх ёстой гэж үзэж буйгаа хэлсэн юм. Энэ асуудлаар Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлд шаардлага хүргүүлж байгаа аж.

  • Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд үзэл баримтлал, намын дотоод засаглал, гишүүнчлэл, санхүүжилтийн талаар олон талд дүрмийн төслүүд боловсруулагдаж байгааг нэг цонхоор олон нийтэд хүргэх шаардлагатай байгаа тул Ардчилсан намын вэб сайтад дүрмийн төсөл бүрийг байршуулах;
  • Ардчилсан намын дүрмийг хэн, хэрхэн хэлэлцүүлэх нь шинэчлэлийн үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг тул Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлаар дараах асуудлаар санал оруулж шийдвэрлүүлэх гэсэн шаардлагыг
  • Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс боловсруулсан намын шинэчлэлийн үзэл баримтлалыг Үндэсний зөвлөлдөх хороогоор батлуулах гэжээ.

Үүнд:

2.1. Дүрмийн шинэчлэлийн хүрээнд

  • Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийн бүтцийн төсөл
  • Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн бүрэлдэхүүнд тавигдах шаардлага
  • Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлэх журмын төсөл

2.2. Намын их хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд

  • Ардчилсан намын их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүтцийн төсөл
  • Намын их хурлын төлөөлөгчдийг сонгох журмын төсөл

Энэхүү шаардлага нь зөвхөн Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй Ардчилсан намын олон мянган энгийн гишүүний шаардлага гэдгийг анхаарууллаа.

Мөн Гүйцэтгэх зөвлөлөөс шаардлагын хүрээнд гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Ардчилсан намын нийт гишүүдэд хандаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариу ирүүлэхийг хүсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *