Categories
мэдээ улс-төр

АН-ын дарга З.Энхболд “Торгоны зам” сэдэвт Азийн улс төрийн намуудын олон улсын бага хуралд оролцоно

Ардчилсан намын дарга З.Энхболд Бээжин хотод болох “Торгоны зам” сэдэвт Азийн улс төрийн намуудын олон улсын бага хуралд оролцохоор өнөөдөр тус орныг зорилоо. Түүнийг дагалдан УИХ-ын гишүүн, АН-ын нарийн бичгийн дарга Г.Батхүү, АЭХ-ны УЗ-ийн бөгөөд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарын хүмүүс явах юм байна. Ардчилсан намын дарга З.Энхболд “Торгоны зам” сэдэвт Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлэх бөгөөд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийхээр төлөвлөжээ. Мөн энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах уулзалтад оролцоно.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал нь Ази, Номхон далайн улсуудын улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар бүс нутгийн улс орон, ард түмэн хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн зорилго бүхий яриа хэлэлцээний механизм юм. Уг механизм нь 2000 онд Филиппиний Манилла хотноо үүсгэн байгуулагджээ. Одоогийн байдлаар тус механизмд 53 улсын 370 улс төрийн нам гишүүнээр элсээд байна. Азийн улс төрийн намуудын бага хурлын Ерөнхий Ассамблей хоёр жилд нэг удаа хуралддаг бол Бага хурал нь Ерөнхий ассамблейн завсар хооронд хуралддаг.

Энэ удаагийн Бага хурал “Торгоны замыг шинээр байгуулж, хамтын хөгжлийг урагшлуулах” сэдвийн дор явагдана. Бага хурлын зорилгыг “Хятадын Нэг зам, нэг бүс санаачилгын талаар торгоны зам дагуух улс орнуудын улс төрийн намууд хамтдаа хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх явдал” юм гэж зохион байгуулагчид тодорхойлжээ. Энэ хүрээнд “Улс төрийн манлайлал: Торгоны замын дагуух улс орнуудын улс төрийн намуудын нэгдсэн ойлголт”, “Ард түмний хэлхээ холбоо: Торгоны замын дагуух соёл иргэншлийн шинэ яриа хэлэлцээ”, “Эдийн засгийн интеграци: Торгоны замын дагуух улс орнуудын хөгжлийн шинэ хөдөлгүүр” гэсэн тодорхой сэдвүүд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар салбар хурлууд зохион байгуулах аж.

БНХАУ-ын шинэ удирдлага 2013 онд “Нэг бүс, нэг зам” санаачилгыг дэвшүүлсэн байдаг. Үүнийгээ тус бүс, замын дагуух орнуудын хөгжлийн стратегийг уялдуулах, хамтдаа хэлэлцэн, хамтдаа бүтээж, хамтдаа үр ашгийг нь хүртэх зорилготой үйл явц гэж тодохойлдог. “Нэг бүс, нэг зам” нь эдийн засгийн эрч хүч ихтэй Зүүн Азийн тойрог, Европын хөгжингүй эдийн засгийн тойрог болон эдийн засгийн хөгжлийн асар их боломжтой Төв Ази, Ойрхи Дорнодын улс орнуудыг хамарна.

Хуурай газрын хувьд, “Нэг бүс, нэг зам” нь олон улсын тээврийн коридоруудад түшиглэх, “Нэг бүс, нэг зам”-ын дагуух хотуудыг тулгуур болгох, эдийн засаг, аж үйлдвэрийн гол паркуудыг хамтын ажиллагааны тавцан болгох замаар Евразийн эх газрын шинэ гүүр болон “Хятад-Монгол-Орос”, “Хятад-Төв Ази-Баруун Ази”, “Хятад – Энэтхэг-Хятадын хойг”-ийн эдийн засгийн коридоруудыг хамтран байгуулна.

Нэг бүс буюу Торгоны замын эдийн засгийн бүсийн гол чиглэлүүд нь Хятадыг Төв Ази, Оросоор дамжин Европтой (Балтийн тэнгис)-т холбох; Хятадыг Төв Ази, Баруун Азиар дамжин Персийн булан, Газар дундын тэнгистэй холбох; Хятадыг Зүүн Өмнөд Ази, Өмнөд Ази, Энэтхэгийн далайтай холбох юм. Нэг зам буюу 21 дүгээр зууны далайн торгоны замын гол чиглэлүүд нь Хятадын далайн эргийн боомтуудаас Өмнөд Хятадын тэнгисээр дайран Энэтхэгийн далай, цаашлаад Европ хүрэх, Хятадын далайн эргийн боомтуудаас Өмнөд Хятадын тэнгисээр дайран Номхон далайн өмнөд хэсэгт хүрнэ гэж Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *