Categories
мэдээ улс-төр

АН-ын дарга Эрдэнэтийн хувьцааг иргэдэд тараах шийдвэр хууль бус гэлээ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, хотын дарга асан Э.Бат-Үүл нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ эрх баригч нам Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчлөө хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр “МАН-ын дарга М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд бэлтгэж байгаа бичлэг цацагдсан. Үүнийгээ Ардчилсан нам эвлүүлээд зохиогоод тараагаад байгаа юм шиг ярьж байна. УИХ-ын даргын арын өрөө гэдэг онцгой хамгаалалттай байдаг. Түүн рүү Ардчилсан намаас хэн нэг нь ороод бичлэг хийх боломжгүй. Сарандаваагийн үгэнд итгэж байгаа ард түмэнд юу гэж ч хэлсэн яадаг юм гэж ярьж байгаа нь бодит зүйл. Энэ бичлэгийг МАН-ын шударга гишүүд нь өөрсдөө гаргаж тавьж байгаа хэрэг. Сахилга батаа өөрсдөө барьж чадаагүй байж, өрсөдөгч намдаа нялзах хэрэггүй. Зориуд зохион байгуулалттай бэлтгэсэн байсан гэдгийг харуулсан” хэмээн ярилаа. Мөн “60 тэрбумын асуудал гэж яригдаад байгаа. Энэ 90 минутын бичлэг бол нэг газар, нэг цаг дор бичигдсэн байна гэдгийг АНУ-ын өндөр шинжээч тогтоосон. Шаардлагатай бол хоёр хөршөөрөө шалгуулахад бэлэн. Ичгүүр сонжуургүйгээр 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж яриад зогсож байгаа нь увайгүй үйлдэл” гэсэн юм.

С.ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗАР ДАНГААРАА ШИЙДВЭР ГАРГАЖ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ

Засгийн газрын хуралдаанаас өчигдөр хүүхдийн мөнгийг хүн бүрт олгох шийдвэр гаргасан. АН-ын дарга энэ талаар ч байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Хүүхдийн мөнгө Ардчилсан намын санаачилсан хөтөлбөр. Ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт. 2012 онд Ардчилсан нам Засгийн эрх авахад зогсоосон байсныг бид сэргээгээд 10 мянгыг 20 мянга болгож тогтвортой дөрвөн жил олгосон.МАН Засгийн эрх авангуутаа улс орны эдийн засаг сүйрлээ гээд хүүхдийн мөнгийг хүчингүй болгосон. 40 хувьд нь мөнгө олгохоор 2017 оны төсвөө УИХ-аар батлуулсан.Олон улсын валютын сан/ОУВС/-гийн өмнө хүлээсэн үүрэг дотор хүүхдийн мөнгийг хасахаар тохирсон тухай ярьж байсан. Бид ОУВС-тай зөвшилцсөн юм уу, зөвшилцсөн ямар ч мэдээ баримт байхгүй байгаа. Хүүхдийн мөнгийг олгохын тулд 2017 оны төсвийн хуульд тодотгол хийж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаас аргагүй байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан мөнгөн амлалтын шоу хийж байгааг эрс эсэргүүцэж байна. Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгохыг эрх барьсан үеэс нь шаардсан. Өнөөдөр хүүдийн мөнгийг ялгаваргүй олгохыг шийдвэрлэсэнд талархаж байгаа, гэхдээ худал хуурмаг байдлаар олгохоор болсныг дэмжихгүй. Засгийн газар дангаараа шийдвэр гаргаад хүүхдийн мөнгө олгох боломжгүй. УИХ-аар төсвийн хууль болон дагалдах хуулиуд оруулж батлуулж байж, шийднэ” гэсэн юм.

Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг ард түмэнд тараах шийдвэр дээр ч АН-ын дарга байр сууриа хэлэв. С.Эрдэнэ “Эрдэнэтийн 49 хувийн асуудал шүүх дээр ирээд шийдвэр нь гарсан.Тус үйлдвэрийн 49 хувийг төрд авах УИХ-ын тогтоол хууль зөрчсөн гэдгийг тогтоогоод зөрчсөн байгаа. Төр өөрт ирээгүй өмчийг хувьцаа болгон тараах эрх байхгүй. Шүүхийн хараат бус байдалд төр халдаж байгаа нь ноцтой үр дагавар дагуулна. Уул уурхайн баялгийг ард түмэндээ тэгш хуваарилах ёстой гэсэн байр суурийг Ардчилсан нам барьж ирсэн, одоо ч энэ байр суурин дээрээ зогсож байна” хэмээн онцоллоо.

Э.БАТ-ҮҮЛ: НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙРЫГ ЗАРСАН ГЭДЭГ БОЛ ГҮЖИРДЛЭГ

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл хэвлэлийн хурлын үеэр “Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хотын дарга С.Батболд “Ардчилсан нам эрх барьж байх үедээ нийслэлийн засаг захиргааны байгууллагын байрыг зарсан байна гэж хэлсэн. Энэ бол гүжирдлэг. Бусдыг гүжирдсэн үйл ажиллагаа явууллаа. М.Энхболд өөрөө нийслэлийн Засаг дарга байсан хүн. Улаанбаатарын хотын захиргааг зардаг эрх мэдэлтэй албан тушаалтан Монгол Улсад байхгүй. Нийслэлийн Засаг дарга хүн гүтгэж байгааг эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдэж байна” гэлээ. Тэрээр “Бид нийслэлийг 2012-2016 онд удирдахдаа шилэн болгосон.Өөрсдөө удирдаж байхдаа харанхуй удирддаг байсан. Нийслэлчүүдийг цагаан цаас гэж доромжилж байгааг эсэргүүцэж байна. Цагаан цаас мэтээр доромжилсон хүмүүст хариу өгөх болно. Үндсэн хууль зөрчөөд байна.Энэ гүтгэж гүжирдэж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *