УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад асуудлыг хэлэлцжээ.
Бүлгийн хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо оролцож, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр мэдээлэл хийсэн байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2017.05.17-нд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг хийхээр болжээ. Хэлэлцүүлэгт эрдэмтэд, судлаачид, мэргэжлийн байгууллага, холбоодын төлөөлөл оролцох аж.
Бүлэг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж буй.
МАН-ын бүлэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2012 оны төсвийн төсөөллийн тухай хэлэлцлээ. Уг хуралдаанаар бүлгийн гишүүд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээллийг сонсчээ.
Сангийн сайд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслөөр танилцуулга хийжээ. Бүлгийн гишүүд сайд Б.Чойжилсүрэнгээс энэ сэдвээр асууж тодруулсан байна.