УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Уг хуралдаанд Сангийн яамныхан оролцож концесстой холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Засгийн газар энэ онд концессын жагсаалтаар есөн ажил хийхээр төлөвлөсөн. Гэвч эдгээр хийх ажлын жагсаалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын хувь эзэмшдэг Цагаан суваргын орд руу цахилгаан эрчим хүч татах ажлыг концессын жагсаалтаар хийхээр төлөвлөснийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж шүүмжилж байсан. сөрөг хүчнийхэн ч ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж шүүмжилсээр байгаа билээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй холбоотойгоор Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс мэдээлэл авахаар төлөвлөжээ.
Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд болсон ч Монгол Улсыг дээрх хөтөлбөрт хамруулах эсэх асуудлыг хэлэлцүүлэлгүй хойшлуулсан. Иймээс хөтөлбөр ямар шалтгаанаар хойшлов, хөтөлбөрт хамрагдахгүй бол цаашид ямар асуудал үүсэх вэ гэдгээс эхлээд олон асуултад цөөнхийн бүлэг мэдээлэл авах бололтой. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна.