Categories
мэдээ улс-төр

АН-ын 60 мянган гишүүн саналаа өгчээ

Ардчилсан намын даргыг сонгох сонгуульд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан гишүүдийнх нь 50 хувь буюу 60 мянга орчим нь саналаа өгчээ. Энэ нь улсын хэмжээнд 16.00 цагийн байдлаар гаргасан мэдээлэл аж.

Аймгуудын хувьд санал өгсөн гишүүдийн тоо харилцан адилгүй байгаа ч үндсэндээ ирц өндөр гарна гэж Сонгууль зохион байгуулах хорооноос мэдэгдлээ.

Цаг агаар хүндхэн байгаа ч санал хураалтад ноцтой нөлөөлөх хэмжээнд хүргээгүй гэх мэдээллийг орон нутгаас ирүүлж буй юм байна.

Харин сонгуультай холбоотой зөрчил маргааны тухайд Ардчилсан намын дарга З.Энхболдын гаргасан тушаалтай холбоотойгоор шинэчилсэн бүртгэлээс хасагдсан гишүүдийн зүгээс “Намын даргыг сонгох сонгуульд саналаа өгөх эрхийг боогдууллаа” гэсэн гомдлыг гаргаж тавьж буй ажээ.

Ардчилсан намын дарга З.Энхболд намын анхан шатандаа бүртгүүлээгүй гишүүдийг намын дүрэм зөрчсөн хэмээн үзэж, бүртгэлээс нь хасах шийдвэр гаргасан юм. Нийтдээ 16 мянга орчим иргэн шинэчилсэн бүртгэлээс хасагдсанаар намын даргыг сонгох сонгуульд оролцох боломжгүй болсон юм.

Санал хураалт өнөөдөр 22.00 цагт дуусна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *