Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан Төрийн ордны их танхимд товлосон цагаасаа хоцорч эхэллээ. ҮЗХ-ны гишүүдийн зарим нь хуралдаа ирээгүй байгаа аж. Гэхдээ хуралдаан ирцээс хамаарахгүй явна гэдгээ мэдэгдэж байсан билээ. Энэ удаагийн хуралдаанаар Их хурлаа зарлан хуралдуулах, дүрмийн шинэчлэлийн төслийг боловсруулах ажлын хэсгийг томилох, Хяналтын хорооноос гаргасан УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий 15 гишүүнийг намаас хөөх шийдвэрийг хэлэлцэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, экс намын дарга З.Энхболд нар оролцсонгүй.
Яг одоо болж буй АН-ын ҮЗХ-ны хуралдааны үеэр гишүүд дараахь байр суурийг илэрхийлэв.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан: АН-ын шинэчлэл хийхдээ хамгийн эхлээд дүрмээ дагадаг болох шаардлагатай байна. Даргаасаа өгсүүлээд намынхаа дүрмийг дагадаг болох хэрэгтэй. Асуудлаа дүрмийн дагуу энгийн гишүүдийн оролцоотойгоор шийддэг болох шаардлагатай. Хамгийн гол нь дүрэмтэй нам дүрэмгүй болчихоод байна. Миний хувьд намын даргад дэвших үгүй нь одоогоор тодорхой бус. Намын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг гишүүд л шийднэ.
АН-ын ҮЗХ-ны гишүүн Р.Амаржаргал:Үндэсний зөвлөлдөх хороог шинэчлэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Шинэчилдэг механизм нь бүх хүнийг хамардаг бол зүгээр байгаа юм. Тухайлбал, УИХ, орон нутгийн сонгуулиар ҮЗХ нь автоматаар шинэчлэгддэг байх хэрэгтэй. Манай намын өнөөгийн дүрэмд ийм зүйлийг оруулж өгөөгүй. Тийм болохоор аль нэгэн хүнийг ҮЗХ-нд бүх насаар нь дархалчихдаг юм шиг зөрчил бий. АН-д өнөөдөр хамгийн их тулгамдсан асуудал бол намын дотоод ардчилал.Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх асуудал юу байна. Өнөөдөр үг хэлэх болон намын дүрэмд өөрчлөлт оруулах хүмүүс эсвэл ямар нэгэн фракц,хөдөлгөөнийхөн энэ өнцгөөс асуудлыг хараасай.Миний ярьж буй үг үйл хөдлөл намын дотоод ардчиллыг бэхжүүлж байна уу эсвэл ямар нэгэн байдлаар саад тотгор болсон уу гэдгийг харах хэрэгтэй. Эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн дархлагдсан байдлыг баталгаажуулаад байна уу, салхи оруулах бололцоог хангаж өгөх үү гэдэг өнцгөөс харах ёстой. Энэ бүхэн намын дүрэмд тусгагдах хэрэгтэй байна.
ҮЗХ-ны өнөөдрийн хурлаар намын дүрмийг шинэчлэх ёстой юм. Энэ талаар хувилбар гаргаж ирээд түүнийгээ нийт гишүүнээр хэлэлцүүлээд явуулъя гэсэн шийдвэр гаргачихвал болж байна. Мөн Их хурлаар намын дүрмийг батална. Энэ утгаараа намын Их хурлыг хуралдуулах түүнд бэлтгэх ажлын хэсгийг байгуулна. Ингээд хоёр ажлын хэсэг байгуулчихвал энэ ҮЗХ-ны хурал түүхэн үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг.
Намын даргыг сонгох асуудал нь дотоод ардчиллаар явагдах уу, үгүй юу. Мөн дотоод ардчиллыг бэхжүүлэх үү, үгүй юу гэдгийг харуулж өгөх байх. Энэ утгаараа хамгийн найдвартай арга бол нийт гишүүдийн дунд сунгаа зохион байгуулаад бусад гишүүдээр нь даргыг сонгуулах нь зүйтэй.
АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Ганхуяг: Намын даргыг сунгаагаар сонгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. ҮЗХ-ны хурал өмнө нь хуралдчихсан байсан. Бид бүхэн нэгдүгээрт, намын дүрмээ шинэчлэх, хоёрдугаарт, ирэх сарын 6-нд болох Их хурлын тэргүүлэгчдээ сонгох асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа мөн намынхаа дүрмээ шинэчилсний дараа намын даргаа сонгох ажил эхэлнэ. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ч гэсэн нэр дэвшихээ чөлөөтэй зарлаж болно. Гол нь төрийн сонгууль Сонгуулийн тухай хуулийнхаа дагуу явагдах ёстой. Хувь хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаж болно. Намаас бол одоогоор шийдвэр гараагүй байна.
АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Батцогт: Намын удирдлагын баг хаанаас яаж сонгогддог асуудлаа тодорхой болгох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намд гаднаас салхи ороогүй гэсэн шүүмжлэл явж байгаа. Хэдэн улсуудыг сонгочихдог, тэдгээр хүмүүс нь маш олон жил намын ажлыг хийж явснаас болж, алдаа дутагдал гарлаа гэсэн шүүмжлэл ч байна. Миний хувь АН-ыг шинэчлэх процесс зөв явж байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ удаа бид намын дүрмээ шинэчлэх ажлаа хийх ёстой. Ингэснээр намын дүрмийн шинэчлэлийн хүрээнд намын дарга нь хэрхэн сонгогдох, ҮЗХ-ны гишүүдээ яаж сонгох, аймаг дүүргийн намын хороодын дарга нараа яаж сонгох зэрэг асуудлууд илүү тодорхой болох юм. Шинэчлэлээ ингэж доороосоо хийж байж, нам шинэчлэгдэнэ гэж харж байна.
Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан үргэлжилж байна.