Categories
мэдээ улс-төр

АН бүлэг Өрийн удирдлага, НӨАТ-ын хуулийг дэмжинэ

УИХ дахь АН-ын бүлэг даваа гаригт хуралдаж хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тус намын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл, УИХ-ын даргын мэдээлэл, Чингэс бондоос санхүүжүүлэх зарим төсөл болон энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонсч, байр сууриа нэгтгэсэн тухай тэрбээр ярианыхаа эхэнд онцолсон юм. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар айлчлал хийгээд ирсэн. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон “Роснефть” компанийн Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүстэй уулзсан. Энэ удаагийн айлчлал үр дүнтэй болсон гэдгийг Ерөнхий сайд АН-ын бүлэгт танилцуулсан бөгөөд хамтарсан төмөр замын асуудал болон хийн хоолойг Монголоор дамжуулах, “Роснефть” компаниас импортын шатахуун авах талаар гэрээ хийсэн гээд олон чухал ач холбогдолтой айлчлал болсон гэжээ. Түүнчлэн “Чингэс” бондын мөнгөнөөс Жижиг, дунд үйлдвэрийн санд 100 сая ам.доллар олгохыг дэмжсэн байна. Ингэснээр 579 жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр санхүүжилтийг “Чингэс” бондоос гаргаж байгааш бүлэг дэмжжээ. Мөн цементийн дотоодын хэрэгцээг хангах зорилгоор “МАК”, “Монполимент” хамтран Баян-Өлгийн аймагт байгуулж буй компанид “Чингэс” бондын мөнгөнөөс хөнгөлөлттэй зээл олгохоор болсныг АН-ын бүлэг дэмжсэн аж. Үүнээс гадна тус бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хууль, НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга, Бараа, ажил үйлчилгээний хууль буюу тендерийн тухай хуулийн төслүүдийг дэмжсэн байна. Үүний дараа бүлгийн дэд дарга С.Одонтуяа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Хийн хоолойг Монгол Улсаар дамжуулахыг ОХУ-ын талаас ямар байр суурьтай хүлээж авсан бэ?
-Энэ талаар Ерөнхий сайд мэдээлэхдээ, Монголын талаас хууль тогтоомж гарган бүх талын дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ хэлсэн гэсэн. ОХУ-ын талаас ч нааштай хариу хэлсэн гэдэг мэдээлэл өгсөн.
-Үйлдвэр,  хөдөө аж ахуйн яам болон Уул уурхайн яам хоёулаа ачаалал ихтэй салбар. Энэ хоёр салбарыг нэг сайд хариуцаад явж байгаа. Энэ байдал хэр удаан үргэлжлэх юм бэ. АН-ын бүлэг энэ асуудал ямар байр суурьтай хандаж байгаа вэ?
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын асуудлыг бүлгийн  хуралдаанаар хэлэлцээгүй. Гэхдээ энэ салбарын сайдын асуудлыг яаралтай оруулж ирж, томилох нь зүйтэй гэдэгт АН-ын бүлгийн гишүүд санал нэгтэй байгаа.
-Дараагийн сайд “давхар дээл”-тэй байх уу эсвэл дан дээлтэй байх уу. АН-ын бүлэг ямар суурьтай байна вэ?
-Энэ талаар мэдээлэл алга байна. Бүлгийн зүгээс энэ талаар ярилцсан зүйл алга. Хувь хүний хувьд нэгэнт “давхар дээл”-ийн асуудлаас болж ийм байдал үүссэн учраас гаднаас сайдаа томилох нь зүйтэй гэж бодож байна.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *