Өнгөрсөн ням гаригт болсон сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд Баянзүрх дүүргийн Ардчилсан нам олонх болж, 22 суудал авсан. Гэвч дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий хууль бусаар АН-аас нэр дэвшин ялалт байгуулсан зургаан хүний нэрийг жагсаалтаас хасах тухай тогтоолыг гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Сонгуулийн тухай хууль тогтоомжид зааснаар дээрх нэр дэвшигчдийн хууль бус үйл ажиллагаа явуулсныг тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага тогтоогоогүй байхад ийнхүү дур мэдэн тогтоол гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 159.3, 3.1.7, 116.1, 116.2, 117.1, 117.2 болон 118.1 дэх заалтуудыг ноцтой зөрчжээ.
Тодруулбал, дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзийгийн тогтоолд сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан болон хорооны бусад гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа нь уг тогтоол хүчин төгөлдөр бус байгаа ажээ.