ОХУ-ын Приморийн хязгаарын дархан цаазат газрын Амур нэртэй бар, Тимур нэртэй ямаа хоёр сүүлийн нэг сарын турш нөхөрлөж буй нь олны анхаарлыг маш их татаж байгаа билээ. Тэдний нөхөрлөлийн талаархи мэдээг сонирхон унших хүн их байгаа учраас Дархан цаазат газрын захиргаа фэйсбүүкийн сүлжээнд аккаунт нээсэн байна. Амур, Тимур хоёрын байгаа газар дөрвөн вэб камер тавьж, тэдний өвөрмөц үерхэлийг дархан цаазат газрын цахим хуудсаар дамжуулж эхэлжээ. Гэвч тус цахим хуудас хандалтын ачааллаа дийлэхгүйд хүрч, түр зогсоод байгаа аж. Дархан цаазат газрын захиргаанаас нийгмийн сүлжээгээрээ дамжуулан “Хэт их ачааллын улмаас манай сайт түр ажиллахгүй, бид асуудлыг хурдан хугацаанд шийдэхээр ажиллаж байна” хэмээн мэдээлжээ.