Ирэх амралтын өдрүүдэд ямар үзвэр байгаа талаар мэдээллийг хүргэж байна. Энэ өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 52 дахь улирлын сүүлийн үзвэрүүд болох юм байна. Аравдугаар сараас долдугаар сарыг дуустал бямба, ням гариг бүрт тоглолттой байдаг нь Монголын цорын ганц театр нь ДБЭТ билээ. Тус театрын уран бүтээлчид өчигдөр “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрөө өндөрлүүлсэн. Тэгвэл ирэх амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд 52 дахь улирлын хаалтын тоглолтууд болох гэж байна.
“Балетын үдэш” өвөрмөц гала тоглолтыг ирэх бямба гаригт буюу долдугаар сарын 25-ны өдрийн 17.00 цагаас тоглоно. Харин ням гаригт Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетаар хөшгөө хаах гэж байна.
52 дахь улирлын хаалтын тоглолт болох “Үйлийн гурван толгой” үндэсний балетыг Нансалмаад О.Анужин, Юндэнд Б.Пүрэв-Очир, Балганд Х.Мөнгөнхөлөг, Хоролмаад М.Мөнхтуяа бүжиглэж, симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдана.
Д.Нацагдоржийн алдарт бүтээлийг балетын цомнол болгон хөрвүүлж дэлгэсэн хүн нь Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт ардын жүжигчин Б.Жамъяндагва. Энэ балет 1987 оноос хойш Монголын үзэгчдийн мэлмийг баясгаж байгаа юм.
Үзэгч та бүхэн ирэх амралтын өдрүүдэд театрт ирж, “Балетын үдэш” өвөрмөц гала тоглолтыг бямбын 17.00 цагаас, “Үйлийн гурван толгой” үндэсний балетыг ням гаригийн 17.00 цагаас театрт үзээрэй.