Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дүүргүүд дэх цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид хамтран нийслэлд тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдэж байгаа зөрчил, автомашины хулгай болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учруулж байгаа зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн хяналт шалгалтыг явуулж байна.
Зөвхөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 378 зөрчил илрүүлсний 304 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдснээс 13 согтуу жолооч зам тээврийн осол гаргаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учрууллаа.
Хяналт шалгалтаас гадуур хэчнээн жолооч согтуугаар хөдөлгөөнд оролцож та бидний аюулгүй амьдралд занал хийж байгааг тааж хэлэхэд хэцүү байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас 92 хүн хорвоогийн мөнх бусыг үзээд байгаа бол 29040 согтуу жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцоод байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, жолоодуулахгүй байх, таны эргэн тойронд энэ төрлийн зөрчил үйлдэгдэж байвал 102 дугаарын утсанд мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.