Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдхэн хоногийн өмнө анхдугаар чуулганыг нээж үг хэлэхдээ “Монголын түүхт төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж ажиллах түшээ болно гэдэг их үүрэг хариуцлага, их нэр төр, эрхэм нийтлэг эрх ашиг юм. Үүнд та бүхнийг тэнцэж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гээд улстөрчдийг ном дүрмийн дагуу албаны хэлээр ярих шаардлагатай байгааг хэлж “царцаа”, “хар машин” гэдэг үгсийг өдөр тутамдаа хэрэглэж байгаа нь зохимжгүй гэдгийг сануулсан билээ. “Царцаа” гэдэг нь сонгуулийн санал хураалтын өмнө ийш тийш шилжилт хөдөлгөөн хийсэн иргэдийг хэлж байгаа бол санал тоолох автомат төхөөрөмжөө “хар машин” гээд буй. Ерөнхийлөгч улстөрчдийг ингэж зэмлэдэг нь тун зөв.
Анзаараад байхад сүүлийн үед улстөрчдийн ам нь “өтчихөөд” байна уу даа гэж харагддаг юм. Үг өмхийрдөггүй, мах өмхийрдөг гэдэг. Гэхдээ өмхий үг байдааг. Манай төрд байгаа эрхмүүдийн амнаас эвгүй, хэцүү үгс өгүүлбэр өгүүлбэрээр урсан гардаг. Гэтэл олон нийтийн өмнө, хүмүүсийн дэргэд хэлэх байтугай эхний авиаг нь хэлж боломгүй үг гэж бий. Ялангуяа төрд өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс янз бүрийн үгнээс татгалзаж албаны үг, ёс жаягаар нь ярьж сурмаар байна. Хүмүүсийн дэргэд байтугай олигтой боловсролтой хүн амнаасаа унагаж чаддаггүй үг олон. Гэтэл манай улстөрчид муухай үгсийг бэлэн цэцэлж, түргэн хэллэг шиг хэлж байгаа нь телевизээр их харагдах юм. Энэ бол туйлын буруу жишиг. Улстөрчид уг нь манай нийгмийн сор, салбар бүрээ манлайлан гарч ирсэн шилдгүүд. Олон мянган хүний итгэлийг дааж, эх орныхоо төлөө бүхий л зүйлээ дайчлан зүтгэх удирдагчид. Тэднийг залуу үе, хойч үеийнхэн даган дуурайдаг бол ахмадууд маань бахархан харж, алга ташин дэмждэг. Ийм л хүмүүс байх учиртай.
Сонгуулийн өмнөхөн гарсан намуудын мэтгэлцээний нэвтрүүлгийн үеэр Д.Сүхжаргалмаа гуай хэлж байна лээ “Олон нийтийн газар хэлэхэд эвгүй юм даа. Гэхдээ яах вэ хэлье. Төрд хулгайчууд битгий гараасай” гэж. Д.Сүхжаргалмаа бол Монголын элитүүдийн нэг. Д.Сүхбаатар жанжны гурав дахь үеийн гуч охин. Улс төр, нийгэм, хүний эрхийн чиглэлээр үйл хэрэг явуулж, хэлсэн үг нь олон нийтэд хүчтэй хүрдэг боловсролтой эмэгтэй. Хулгайч гэдэг үгийг халгаж байж арайчүү амандаа эвлүүлэн байж хэлсэн нь энэ. Анх удаа хэлсэн байж мэднэ шүү.
Гэтэл манай улстөрчид яадаг билээ. Захын улстөрч, төрийн албан хаагчаас эхлүүлээд том улстөрч нь хүртэл амандаа энэ үгийг “Сайн уу” гэдэгтэй агаар нэгэн өдөр тутамдаа хаа ч хамаагүй хэлж, бүр уриа лоозондоо оруулчихсан. “Төрөөс хулгайчуудыг зайлуулъя”, “Хулгайчгүй төртэй болъё” гэж ирээд л хаана ч хамаагүй “гуаглацгаадаг”.
Угтаа монгол ёсонд хулгайч гэдэг үгийг гэрт байтугай гадаа хээр ч хэлдэггүй. Хулгай гэдэг үг нь өөрөө хар эрчимтэй, хар үг. Тийм ч болохоор энэ үгийг хэлэх байтугай бичихээс ч цээрлэдэг. Харамсалтай нь манай төрийн ажил хэрэг бичихээс зүрхшээмээр, хүнд хэцүү үгсийн дунд явж байна. Зарим албан бичиг дээр ч тэр нь явж байсан удаатай. Ийм үгсийг дахин хэлцгээхгүй, бичицгээхгүй юмсан гэсэндээ энд заримаас нь сийрүүлье л. Бөлдөгдөх, төмсөгдөх, боож унагах, “Түгжилдэх”, “царцаа”, “хар машин”, араас нь хутгалах. Тэр бүү хэл Хуульзүйн сайд байсан, манай урдаа барьдаг туршлагатай, тулхтай улстөрч хүн “Бөөр рүү чинь хутга шаана шүү” гэж хэлж л байсаан.
Улстөрчид, УИХ-ын гишүүдийн ингэж бие биедээ хандаж ярьж, хэлсэн бичлэгийг цуглуулаад хэн нэгэнд үзүүлэхдээ нүдийг нь боогоод сонсговол онц хүнд гэмт хэрэг хийсэн ялтнууд хоорондоо буу халж байна уу даа гэж андуурч мэднэ. Зан араншин нь эвдэрсэн рецедив гэмт хэрэгтнүүдийн шоронгийн яриаг сонсгочихлоо гэх байх. Манай улстөрчдийн ярианы өнгө, хэв маяг, сонголт нь шорон маягийнх руу дөхөж байгаа нь энэ. Улс орныг залж, удирдаж, гол бодлогыг барьж яваа түшээд нь ийм яриа хэлтэй байхаар нийгэм нь дагаад шоронгийн яриатай болно.
Нийгмийн сүлжээ бол өөрийн гэсэн үг хэллэгтэй, албаны бус гэж хэлж болохоор мэдээлэл солилцдог орчин. Гэтэл тэр орчинд хэрэглэгддэг үгсийг чирч авчраад төрийн үйл хэрэгт наах хандлагатай. МАХН-ын дарга Н.Энхбаяр манан, манан гэж яриад байдаг. Энэ жилийн сонгуулиар дахиад л манан татах нь. Өнөө зун манантай байх нь ээ гэж ярих. Үнэндээ Монгол оронд зуны цагт манан татна гэдэг ховор үзэгдэл. Манантай зун мөөг гарч, хур ихэсч гэрэл зурагчин, зураач, зураглаач хүмүүс манантай өглөөний үзэсгэлэнг дурандаа, уран бүтээлдээ тусгах гэж яаж мэрийж зүтгэдэг билээ дээ. Түрхэн зуурын агшинг тольдох гэж бүтэн жил хүлээх нь бий. Манай алдартай уран зохиолч, яруу найрагчид хүртэл манан, хүдэн татсан байгалийн гоо үзэмжийг олон уран бүтээлдээ мөнхлөн үлдээсэн. Гэтэл энэ дарга яагаад мананг үзэн ядаад байдаг юм гэж зарим хүн гайхахаар. Жирийн иргэд үнэндээ энэ хүний яриад байгаа мананг ойлгохгүй шүү дээ. МАНАН гэдэг нь Монгол ардын нам, Ардчилсан намын нэрийн товчлол юм. АН, МАН хоёрыг үгсч хуйвалдаад байна гэдгийг сүр оруулж МАНАН-таад байна гэж байгаа утгатай.
Эртний шаштирт алтан шумуул гэсэн зүйрлэлийг оруулсан байдаг. Ярих тоолонд амнаас тань гудамжны хараал, ёс бус үг биш бэлгэ дэмбэрэлтэй, зөв, тогтсон албаны үг, өгүүлбэр гарахыг нэг ёсондоо алтан шумуул амнаасаа гаргалаа гэж адилтгаж болох юм. Монголчууд үгсийн баялаг сантай ард түмэн. Үгс нь албаны, бичгийн, ярианы, хүндэтгэлийн гэх зэргээр ангилагдахаас гадна аливааг ухааруулж, сэнхрүүлэхдээ хэрэглэдэг үгс нь ч өөр. Юмыг шууд хал палхийтэл нь, хүнийг эвгүй байдалд оруулчихалгүй хэлэхээс зайлсхийж егөөдөх, наадах, чимхэх маягаар эвтэйхэн ойлгуулчихдаг.
Улстөрчдийн хувьд шинжлэх ухаанч биш үг хэллэг, үйлдэл гаргачихаад байдаг. 99 тэнгэр, 88 төсөл ч гэх шиг. Ёст төрийн үйл хэрэгт энэ мэт аль нэг шашинд хамаарах нийтлэг биш үг хэллэг, ойлголтыг ашиглахыг санаархсан, эдгээр үгсийг томьёолж оруулах гэсэн зүтгээс бий. Цэнхэр нүдэн гаригийн түг түм, буман хүмүүс бүгд шинжлэх ухаанд итгэж, аливаа зүйлийн туйлын утга учрыг шинжлэх ухаан л тайлна гэдэгт бат итгэчихээд хүлээн зөвшөөрөөд зуу гаруй жил явчихаад байхад аль галавынхаа үгсийг ингэж ухан гаргаж ирээд байдаг юм бэ дээ. Төрийн үйл хэрэгт энэ мэт үг зохимжгүй. Улстөрчдийг энэ мэтчилэнгийн буруу, зөрүү муухай үг хэллэгээс нь салгах хэрэгтэй байна.
“Царцаануудын саналыг хар машинд оруулжээ. Царцааны саналыг тусад нь тоол” гэхээр юу гэж ойлгогдож байна. Угтаа бол “Хууль бус шилжилт хөдөлгөөн хийсэн иргэдийн саналыг санал тоолох автомат машинд оруулж уншуулжээ. Тэдний саналыг тусад нь тоолж дүнг нь гарга” гэвэл илүү ойлгомжтой байна.
Голыг тунгалаг байлгая гэвэл эхийг нь хамгаалах хэрэгтэй. Үүнтэй адил УИХ-ын энэ удаагийн гишүүд үг хэл, хэллэгтээ анхаарч Ерөнхийлөгчийн захисанчлан албан үг хэллэгийг хэвшүүлж, ёс зүйгүй үгээс татгалзаж, хэлээ цэвэрхэн байлгах хэрэгтэй байна. Анхнаасаа л зөв зүйтэй яриад ажиллаад сурчихвал та бүхний таатай хэв маягийг даган дуурайх залуу үеийнхэн тань аяндаа уусгаад авчихна, өөртөө. Нөгөөтэйгүүр төрд элдэв бэлгэгүй үг эргэлдэхээ байчихвал төрийн эрхэм ажил ч саадгүй урагшилна гэж найднам.
Засгийн газар, парламент, төр засгийн байгууллагад ажиллаж байгаа эрхмүүд ээ, УИХ-ын шинэ гишүүд ээ, энэ цаг мөчөөс та бүхний амнаас гарах үгс тань алтан шумуул мэт өнгөтэй, үнэтэй, ончтой, эрчтэй байх болтугай. Ерөөлтэй сайхан үгс урдах замыг тань гэрэлт дэнлүү байг. Амнаас гарах үгс тань алтан шумуул мэт байг ээ хэмээе.