“Бүх амьтан тэгш эрхтэй. Гэхдээ зарим амьтан илүү тэгш эрхтэй” хэмээх алдартай ишлэлийг та олон дуулж байсан байх. Энэ бол Жорж Оруэллийн “Амьтны ферм” хэмээх жижигхэн ч часхийсэн айхтар номд гардаг үгс л дээ. Дашрамд сонирхуулахад “Амьтны ферм”-ийг Оруэлл 1945 онд бичсэн байдаг юм. Зөгнөлт ном гэсэн үг. Тэгсэн хэрнээ эв, хамтын уриаг эрхэмлэсэн социалист дэглэмийг нуран унасны дараа шоглон бичсэн мэт санагдах нь гайхалтай.
Англи оронд Жонес гэх хүний эзэмшлийн “Эртний ферм” хэмээх ферм байна. Нэгэн шөнө эзнээ унтсаны дараа Өвгөн хошууч гэгдэх нэр хүндтэй хөгшин бодон бүхий л амьтанд хачирхалтай зүүд зүүдэлсэн талаараа ярьж өгөхөөр цуглуулна. Тэрээр Англи даяар бүх амьтан хүний дарлалаас ангижирч тэгш эрхтэйгээр амьдарч, үржил шимт нугад амар тайван идээшилж болох талаар ярин бослогод уриална. Түүнчлэн түүний зүүдэнд “Английн мал сүрэг” хэмээх дуу орсныг амьтдад сонсгосон нь тэр дорхноо цээжлэгдэнэ. Үнэхээр ч мах, сүү, өндөг гээд хамаг зүйлсээ өгдөг боловч эргээд үргэлж тарчиг амьдардаг амьтдад түүний үгс таалагдах нь мэдээж. Гурав хоногийн дараа Өвгөн хошууч үхлээ. Түүний хэлсэн үгийн дагуу зарим ухаалаг амьтад идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлэх аж. Удалгүй Цасанбөмбөг, Наполеон тэргүүтэй бодонгуудаар удирдуулан бослого гаргалаа. Жонесийг ажилчдынх нь хамт хөөж явуулав. Нүдэнд үзэгдэх бүхэн тэднийх болов. Ингээд “хоёр хөлтэй болгон дайсан, дөрвөн хөлтэй, хоёр далавчтай болгон нөхөд, нэг ч амьтан хувцас өмсөхгүй, нэг ч амьтан оронд унтахгүй, нэг ч амьтан архи уухгүй, нэг ч амьтан нөгөөгөө хөнөөхгүй, бүх амьтан тэгш эрхтэй” гэсэн долоон зарчмыг тунхаглалаа. Аз жаргал удаан үргэлжилсэнгүй боловч амьтад аз жаргалтай амьдарсаар байна гэдэгт итгүүлж байгаагаар зохиол үргэлжилнэ. Хаа сайгүй зэргэлдээх фермийн хүмүүсээс илүү ажиллах уриа лоозун дэвшүүлэх аж. Ерөнхийдөө эзэн нь солигдсон боловч амьдрал улам дордож урьд өмнө нь ил тод байсан бүхэн нууц болсон хэрэг. Удирдагчдын дунд ч хагарал гарна. Бослогын үеэр эрэлхэгээр тулалдсан Цасанбөмбөг нь Наполеонтой юм бүхэн дээр зөрж эхэллээ. Цасанбөмбөг бусад фермүүдийг хүний дарлалаас чөлөөлж Англи даяар амьтдыг босгох болон цахилгаан үүсгэдэг салхин терм барьж амьтдыг тохилог, гэрэлтэй байранд амьдруулахаар зураг төслийг гаргана. Харин Наполеон өөр бодолтой байжээ. Бослогын дараа тус фермд байсан хоёр нохойны дундаас найман гөлөг гарсныг Наполеон сурган хүмүүжүүлэх нэрийн дор хэнтэй ч уулзуулалгүй ганцаар өсгөнө. Цаг хугацаа явсаар нэгэн өдрийн хурал дээр өнөөх хоёр дахиад л санал зөрлөө. Энэ үед Наполеон урьд байгаагүй хачин байдлаар хяхнасан дуу гаргахад араа шүдээ гялалзуулсан аварга том найман нохой давхин орж ирнэ. Тэд Цасанбөмбөгийг фермээс хазаж, уран хөөж явуулав. Энэ үеэс Наполеоны бүрэн эрхшээлд ферм орлоо. Бүх амьтныг ухуулж, хөдөлгөх авьяасаараа тодорсон Цангинуур хэмээх тоорой түүнийг магтан дуулна. Удалгүй өөрийн гэсэн яруу найрагчтай болов. Цасанбөмбөгийн эхлүүлсэн салхин тээрэм Наполеоны санаа байсан болж таарлаа. Ингээд аугаа бүтээн байгуулалтын ажилд амьтдыг дайчилж маш бага хүнсний ноогдлоор зүтгүүллээ. Гэвч хүнээр биш амьтад өөрсдөө тусгаар тогтносон сайхан фермд байна гэсэн итгэл үнэмшлээр ухуулга хийсээр л. Ажил нурсан, хойшилсон бүх л зүйл хөрш фермд нуугдсан Цасанбөмбөгийн хорлон сүйтгэх ажиллагаа гэнэ. Наполеонд таатай ханддаггүй хэдэн бодон гэм буруугаа наминчилж бусдын нүдэн дээр нохдын аманд тасчуулав. Үүнээс хойш өөр санаа бодолтой бүхэн явуулга хийхийг завдаж Цасанбөмбөгтэй хуйвалдсанаа хүлээж дараа нь тасдуулах боллоо. Бодонгууд сүү, алимнаас эхлээд бүхий л амттанг хэрэгцээндээ авна. Түүгээр барахгүй хүмүүстэй наймаалцаж тахиануудаас хүчээр өндгийг нь авч, анхнаасаа тэдний төлөө хамаг хүчээрээ зүтгэсэн Боксер хэмээх хүчирхэг морийг ч бэртмэгц нь мал нядалгааны газар зарчихдаг.
Наполеон дүрэм зөрчих бүрт Цангинуур долоон зарчимд өөрчлөлт оруулж “Угаасаа л ийм байсан шүү дээ” хэмээн ухуулна. “Амьтад нэгнээ хөнөөхгүй” гэсэн дүрэмд шаардлага гараагүй тохиолдолд гэсэн үг нэмэгдэв. “Бүх амьтан тэгш эрхтэй” нь зарим амьтад илүү тэгш эрхтэй боллоо. “Нэг ч амьтан оронд унтахгүй” нь цагаан хэрэглэл дээр унтахгүй гэж өөрчлөгдөнө. Бүр цаашлаад “Нэг ч амьтан архи хэтрүүлэн уухгүй”, “Хүн бол анд нөхөр” болов. Эцэст нь “Бүх амьтан тэгш эрхтэй. Гэхдээ зарим амьтан илүү тэгш эрхтэй” гэсэн ганцаас бусдыг нь арилгалаа. Төгсгөлд нь бодонгууд хувцас өмсч, хоёр хөл дээрээ явж эхэлнэ. Түүгээр ч барахгүй бодонгууд хуучин Жонес эзэн нь амьдарч байсан байранд хүмүүстэй архидаж, мөрийтэй тоглон түүнээсээ болж маргалдан зодолдох аж. Үүнийг номхон дөлгөөн, айдас хүйдэст хучигдсан амьтад цонхоор нь ажиглах бөгөөд аль нь хүн, аль нь амьтан болохыг ялгаж чадахгүй байгаагаар зохиол өндөрлөдөг.
Ж.БАЯРСАЙХАН