Categories
мэдээ цаг-үе

Аминаас үнэтэй мөнгө байдаг уу, АТГ-ынхаан

-Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан хорих ангийн уулзалтын өрөөнд амьсгал хураалаа-

Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан өчигдөр 17 цагийн орчимд хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд амьсгал хураасан байна. Эргэлтээр ирсэн өмгөөлөгчтэйгээ уулзахаар явж байгаад татаж унасан бөгөөд эмнэлгийн түргэн тусламж авч чадалгүй нас баржээ.
Д.Амарсайханыг албан ту­шаа­лаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байсан юм. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин тамсаг” компани Монгол Улстай Бүтээг­дэхүүн хуваах гэрээ байгуулсан байдаг. Эл гэрээнд хөрөнгө оруулагч тал орлогын 76 хувийг, харин Монгол Улсад үлдсэн 24 хувь нь оногдохоор тусгасан аж. Гэтэл манай улсад ногдох ёстой татварын орлогын 24 хувиас нэг хувийг нь Д.Амарсайхан тэргүүтэй хэд хэдэн албан тушаалтнууд хувь­даа завшсан тухай мэдээлж байсан.
АТГ-ынхан Д.Амар­сайханыг дуудан шалгах гэтэл тэрбээр гадаад руу оргон зайлсан хэмээн нэг хэсэг шуугицгаасан билээ. Гэтэл тэрээр БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан тухайгаа МАН-ын 27 дугаар их хуралд оролцох үеэрээ сэтгүүлчдэд ярьж байсан. Түүнээс хойш түүний бие ер нь базаахгүй байсан гэнэ. МАН-ын их хуралд суусных нь дараа Д.Амар­сайханыг баривчилж хоёр сар хэртэй хорьж байгаад гурван сарын хуга­цаанд гадуур батлан даал­тад байжээ. Ингээд дахин баривчилж 28 дахь хоногтоо ийн нас барсан байна. 


Эх сурвалжийн мэдээлс­нээр Д.Амарсайханы бие тааруу байсан гэнэ. Сүүлийн үед бие нь эрс муудсан учир өмгөөлөгчөөрөө дам­жуулж батлан даалтад гарах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн ч хүсэлтийг нь хүлээж авахгүй үргэлжлүүлэн хорьж байжээ. Энэ хооронд түүнд эмнэлгийн ямар ч тусламж үзүүлж, эмчилгээ хийгээгүй юм байна. Өчигдөр өмгөөлөгчтэйгээ уулзахаар уулзалтын өрөө рүү явж байгаад гэнэт амнаас нь цагаан хөөс гарч үхэтхийн унасан гэнэ. Д.Амарсайханы ар гэрийнхэн болсон явдлын талаар дуулаад хорих 461 дүгээр ангид 18 цагийн үед ирсэн талаар тэнд байсан эх сурвалжууд мэдээллээ. Д.Амарсайханы аав, ээж нь өндөр настай хүмүүс юм байна. Ээж нь “Миний хүүг яачихав аа. Хүүг минь яагаад ийм байдалд хүргэв. Түүнд яагаад эмнэлгийн тусламж үзүүлж амийг нь аварсангүй вэ” хэмээн тус ангийнхны ажилтнуудад уйлан хайлан хэлэхэд хорихын эмч “Эмчилгээ хийж болохгүй гэсэн” гэх учир битүүлэг хариулт өгчээ. Талийгаачийн ар гэрийнхэн болсон яв­далд гашуудан, хүний амийг авраагүйд гомдолтой байгаагаа мэдэгдэж үймээн дэгдээсэн байна. Энэ үеэр талийгаачийн ээжийн бие муудаж эмнэлгийн тусламж авчээ.
Д.Амарсайхан камертаа дөрвүүлээ байсан бөгөөд сэтгэлзүйн хувьд гүн дарамт­тай байсныг эх сурвалж өгүүллээ.
Өчигдөр Д.Амарсайханы өмгөөлөгч нь түүнтэй уулза­хаар очжээ. Хүлээлгийн өрөөнд үйлчлүүлэгчээ хү­лээж суусан байна. Гэтэл хорихынхон гэнэт хаалга үүдээ түгжээд ийш тийш гүйлдээд бужигнажээ. Өмгөөлөгч нь юу болсон талаар тодруултал “Хүний бие муудлаа” гээд тэнд байсан гадны хүмүүсийг гаргасан гэнэ. Д.Амарсайхан тархины судасны хатуурал өвчнөөр шаналдаг байжээ.
Өвчнийх нь оношийг нарийн судалсан эмч нарын дүгнэлт гарч түүнийг нь үндэс­лэн өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь шүүх, про­ку­рорын байгууллагад бат­лан даалтанд гаргаж өгөх хүсэлтийг 10 удаа өгсөн гэнэ. Гэтэл уг хүсэлтийг нь хүлээж аваагүй аж.
Д.Амарсайханд холбогдох хэрэг шүүх рүү шилжээд байсан юм байна.
Монгол Улсын сүүлийн 20 жилийн түүхэнд хүнийг байцааж байгаад алсан ийм харамсалтай явдал гараагүй талаар хуульчид ярьж, “Хүнийг тарчлаан тамлаж, эрхийг нь аймшигтайгаар боогдуулсан энэ үйлдэл ардчилсан нийгмийг гутаасан явдал боллоо” гэж үзэцгээж байгаагаа илэрхийлж байна. Сүүлийн үед өдөр бүр л АТГ-аас хэн нэгнийг баривчилсан тухай хар мэдээллүүд ар араасаа цувж байгаа. Тэдний нэг нь талийгаач Д.Амар­сайхан юм. Хэдэн хал­тар төгрөгнөөс болж хүний амиар тоглохоо болих хэрэгтэй. Аминаас үнэтэй мөнгө байдаг уу, АТГ-ынхаан.

Р.Пүрэвлхам: Д.Амарсайханыг  хэвтүүлж эмчлүүлэх шаардлагагүй гэсэн чигийг дээрээс өгсөн гэсэн
Талийгаач Д.Амар­сайханы өмгөөлөгч Р.Пүрэвлхамтай ярилц­лаа.
-Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан  Д.Амарсайхан цагдан хорих төвийн хүлээлгийн танхимд амиа алдсан байна. Түүнийг нас барахад нь нэг өмгөөлөгч нь уулзахаар очсон гэсэн. Тэр хүн та байсан уу?
-Манай нөгөө өмгөө­лөгч Нямдорж  талийгаачтай уулзахаар  өчигдөр 15 цагийн үед Цагдан хорих 461 дүгээр ангид очсон. Харамсалтай нь уулзаж чадаагүй байна. Хорихын хүлээлгийн өрөөний цонхоор нь Нямдорж өмгөөлөгчийг харахад талийгаач  газар унаж байгаа нь харагдсан байна. Тэгээд л хорихынхон бужигнаад явчихсан бололтой. Энэ харамсалтай хэрэг болсныг  сонсоод би ар гэрийнхэнтэй нь очсон.
-Талийгаач  суурь өвчтэй байв уу. Яагаад ийм хэрэг болчихов оо?
-Манай үйлчлүү­лэг­чийн бие тааруу байсан. Бие муутай хүн. Тийм болохоор хоригдсоноос нь хойш прокурор, шүү­хийнхэнд заавал хорих шаардлагагүй. Энэ хүн өвчтэй гээд өвчнийх нь онош болон түүхийг нь  хуулбарлаад батлан даалтад гаргаж, эмчлүүлэх хүсэлтийг бид удаа дараа тавьж байсан. Мөн Хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн дарга Дарханбат болон  талийгаачийг эмчлэгч эмч Отгонбаатар нарт энэ талаар мэдэгдэж байсан. Тэд “за ойлгож байна” гэж хэлж байсан. Дараа нь яагаад эмнэлэгтээ хэвтүүлж эмчлүүлэхгүй байгааг асуухад “Дээрээс хэвтүүлж эмчлүүлэх шаардлагагүй гэсэн чиг өгсөн учраас хэвтүүлэхгүй” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь өнгөрсөн баасан гаригт үйлчлүүлэгчийн  эрүүл мэндийн талаар дэлгэрэнгүй хүсэлт  гаргаж өгсөн. Тархины хүнд хэлбэрийн өвчтэй байсан. Тэр бүхнийг нь хэлж ойлгуулсан. Гэвч тангараг өргөсөн эмч нар үл тоосон. Шүүхээр  хүний гэм буруутайг тогтоодог. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хуулийнхан дээрээс чиг өгсөн гэх үндэслэлээр эмч нар өвчтөнд эмчил­гээ хийхгүй байна гэж байж болохгүй. Тэр тус­маа хүнлэг ардчилсан нийгэмд ийм зүйл байж болохгүй.
-Үүнд та хэн буруу­тай гэж бодож байна?
-Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч болон  энэ хэрэгт хяналт тавьж байгаа  прокурор Сарангэрэл гэдэг хүмүүст би маш их гомдолтой байна. Эмч нарын ярьснаар тэд л дээрээс болохгүй гэж заавар зөвлөгөө эмч нарт өгч байсан байх. Талийгаачийг өнгөрснийг сонсоод ар гэрийнхэн нь очиход хорих ангийн эмнэлгийн дарга Дар­хан­бат, эмч­лэгч эмч Отгонбаатар нар “Бидэнд дээрээс  хэвтүүлж эмчлүүлэх шаардлагагүй гэсэн чиг өгсөн” гэдгээ хэлж байна лээ. Бичлэг нь байгаа.
-Эмч нар хэн нэгний хэлснээр өвчтөнд эмчилгээ хийхгүй байж болохгүй шүү дээ?
-Ингэж хүний амьд явах эрхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, прокурор, мөрдөн байцаагч нар халдах эрхгүй. Миний үйлчлүүлэгч хэдийгээр шалгагдаж байсан ч тэр нь хэрэгтэн гэсэн үг биш. Түүнийг шалгаж бай­гаа ч шүүх  үнэн мөнийг тогтоодог. Гэтэл хуулийн ажилтнуудаас болж алтан амиа алдлаа. АТГ-ынханд хүнийг үхтэл нь хорьж байж  хэргийг нь хүлээлгэх шалтаг шалтгаан байсан юм уу. Холбогдох газруудад гомдол гаргаж шалгуулна. Ар гэрийнхэн нь болон өмгөөлөгч бид нар маш их гомдолтой байна.
-Та талийгаачтай хамгийн сүүлд хэзээ уулзсан юм бэ?
-Би байнга шахуу очдог байсан. Учир нь бие муутай. Эмчилгээнийх нь асуудлаар очих шаардлага гарч байсан юм. Бүх төрлийн шин­жилгээ хийгээд өгөөч гэхэд эмчлэгч эмч Отгон­баатар “Шинжилгээ хийсэн. Хариу нь гайгүй гарсан” гэж хэлж байсан. Гэтэл тэр шинжилгээний хариу нь муу гарсан байсныг сүүлд олж мэдсэн. Хамгийн сүүлд энэ долоо хоногийн эхээр буюу даваа гаригт очиж уулзсан. Нойрмог янзтай байсан. Нэлээн ядарсан шинжтэй, өвчин намдаах эм хэрэглээд байгааг нь мэдээд эмчлэгч эмчид нь ч хэлж байсан. “Өвчин намдаах эмээ ойр ойрхон  өгөөд байгаа юм биш үү” гэж.
-Хамгийн сүүлд уулзаад талийгаач  юу ярьсан бэ?
-Очихоор би энэ хэргийг хийгээгүй гэх мэтээр өөрийгөө цайруулах ойлгуулах гээд  байдаггүй хүн. Бие нь яаж байна. Жаахан  толгой өвдөөд гэх мэт ойр зуурын зүйл л ярьдаг байсан.
Хэргийнхээ талаар ер нь юу гэх юм?
-Үнэн зөвийг нь шүүх тогтооно. Би ямар ч хэрэг хийгээгүй болохоор удахгүй энэ бүхэн нэг тийш болно гэдэгт итгэлтэй байна гэж ярьдаг байсан.
-Их даруухан хүн гэж хорих ангийнхан нь ярьж байсан?
-Талийгаач их даруухан соёлтой, зөөлөн хүн шүү дээ. Би ч түүнийг холбогдуулан шалгаад буй хэрэгт ямар ч хамаагүй гэж боддог байсан. Аяндаа үнэн мөн нь гараад ирнэ гэдэгт ч итгэж бай­сан. Энэ хүний алтан амийг одоо хэн төлөх юм. Авлигатай тэмцэх газрынхан аягүй бол хэрэг хийсэн гэх мэтээр хэлэх л байх. Прокурор ч ялгаагүй. Хамгийн гол нь хуулийн  зарим албан тушаалтан завхарчихсан, хариуцлагагүй байгааг, нөгөө талаар хүний эрх хэрээс хэтэртэл зөр­чигдөж байгааг энэ хэрэг харууллаа. Хуулийн бай­гуул­лагынхан олон л зүйл ярина. Талийгаачид хууль ёсоор, зүй ёсоор хандаагүй эмч өөр хэн байдаг юм тэр бүх­нийг шалгуулж зо­хих хариуцлагыг нь үүрүүлнэ. Ар гэрийнхэн нь ч гом­долтой байгаа.
-Эхнэр хүүхэд нь  сая хамт очсон уу?
-Эхнэр нь гадаадад хүүхдээ эмчлүүлж байсан. Эзгүй байж таарлаа. Нэг хүүхэд нь бас бие муутай түүнийгээ аваад явсан. Энд ээж, аав, ах дүү, хамаатан садан нь бий. Тэд үнэхээр хэцүү байдалд байна.
-Хамгийн сүүлд хэзээ хоригдсон юм бэ?
-Өнгөрсөн дөрөв­дүгээр сарын 15-нд цагдан хоригдсон. Холбогдуулан шалгаж байсан хэрэг нь шүүхэд шилжээд удаагүй байхад ийм зүйл боллоо. Шүүхээр энэ хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яах байсан бол гээд олон л зүйл бодогдож байна. Хэлэхэд үнэхээр бэрх байна.
-Талийгаачийн үх­­лийн шалтгааныг ер нь суурь өвчтэй нь холбож ойлгож байна уу?
-Тийм. Бие нь муу байсаар байхад ядаж хорихын эмнэлэгтээ хэвтэж эмчлүүлээгүй нь хорих ангийнхны болон хуулийнхны буруу.
-Шүүх эмнэлгийн шинжилгээний төвд хандсан уу?
– Хандсан. Шарилыг  шүүх эмнэлгийн шин­жил­гээний төвд хүргүүлсэн.

Д.САРУУЛ
Д.ТАНА
Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *