Шинэ оны анхны шөнө Оросын нэрт найруулагч Э.Рязановын “Учрахын заяа буюу ууранд суусан паян” (“Хувь заяаны эргүүлэг” гэх нь ч бий) гэж гайхамшигт романтик инээдмийн киног дахин үзсэн юм. Дараа нь, энэ сарын 2-нд нээлтээ хийсэн “Амьдралоги” романтик инээдмийн киног мөн үзлээ. Үзэгчийн хувьд ямартай ч шинэ оныг романтик инээдмийн кинонуудаар эхлүүлсэндээ баяртай байна.
ДҮРИЙН НАМТАР
“Учрахын заяа буюу ууранд суусан паян” киноны хувьд дэлгэцэнд гарч эхэлснээсээ хойш өдгөө 31 жилийг ардаа үдсэн ч үргэлж шинэ соргог, гайхамшигт чанараа хадгалсаар буй чансаатай кино. Гэхдээ Оросын нэрт найруулагч, кино зохиолч А.Червинскийн томьёолсноор “…зөвлөлтийн кинонууд хэтэрхий нуршуу эхлэлтэй байдаг” гэдэгтэй зарим талаар санал нийлэх боловч, түүнд бас сайн тал бий. Тухайлбал, дээрх киноны гол баатар жил бүрийн 31-ний өдөр найзуудтайгаа ууранд сууж, улмаар үдэж буй хуучин оныхоо муу муухай бүхнийг үлдэн хөөдөг уламжлалтай гэдгийг харуулах зорилготой киноны эхний 10 минут нь хэдий уйтгартай мэт боловч дүрийн намтрыг бүтээлчээр бүтээж буй хэрэг юм. Уг киног анх удаа үзэж буй тэвчээргүй үзэгч бол шууд л сувгаа сольчихно биз. Гэвч бид дараа нь ямар хөгийн, санаанд багтамгүй зүйл болохыг мэддэг. Дүрийн намтаргүйгээр, хөлчүүрхсэн эр Москвад биш Ленинград хотод, танихгүй эмэгтэйн гэрт хэрхэн сэрж, ямар авир ааш гаргахыг харан баясаж үнэмшихэд хүндрэлтэй шүү дээ. Тэгтэл орчин үеийн кино өөр болсон. Өөрөөр хэлбэл, киноны гол дүрийн намтрыг бүтээхдээ аль болох хүний анхаарал, сонирхлыг татахуйц үйл явдлаас нь шууд эхлүүлдэг болсон. Энэ нь өнөө үед манай кино урлагийнхны даган мөрдөж буй Холливүүдийн кино форматын ололттой чанар юм. “Амьдралоги” уран сайхны кино ч энэ зарчмаас хазайсангүй.
Ингээд гол ажилдаа оръё. Салах өргөдөл өгсөн гэр бүлийн хоёрыг эвлэрүүлэн жуучлах журмын дагуу гурван сарын хугацаанд бодож үзэхийг хүссэн тогтоол шүүхээс гаргаж буйгаар кино эхэлнэ. Энэ нь “Амьдралоги” киноны LogLine буюу суурь санаа гэр бүлийн харилцаан доторх хөрөлт, хямралын үеийг хэрхэн даван туулах тухай санаан дээр үндэслэсэн болохыг илтгэнэ.
Нэгэн төсвийн байгууллагын химийн лабораторийн эрхлэгч Сэтгэлсайхан (жүжигчин Ж.Мөнхсайхан) орон тооны цомхотголоор ажлаасаа халагдах дээрээ тулжээ. Учир нь хугацаа зарсан судалгааны ажил нь ямар ч үр ашиггүй байгаад удирдлагууд нь сэтгэл дундуур байгаа бололтой. Тиймээс химич эдэмтэн Сэтгэлсайхан туслах ажилтны хамт цэнэгээ удаан барьдаг шинэ төрлийн зай (батарей) зохион бүтээх ажлынхаа гол туршилтыг байгууллагынхаа лабораторид хийнэ. Гэвч туршилт амжилтгүй болж, Сэтгэлсайхан ажлаасаа халагдах нь тодорхой болов. Түүгээр зогсохгүй байгууллагын лабораторио дэлбэлсэн тул өрөнд ороод ажлаасаа халагдаж байна. Улмаар эхнэрийнхээ (жүжигчин Г.Ундармаа) хурааж хуримтлуулсан хадгаламжийн мөнгийг авч “дэлбэлсэн” лабораторийнхоо засварын төлбөрт өгөх болж байна. Энэ үед эхнэр Ундармаа нь (киноны дүрийн нэр нь мөн Ундармаа) нөхөртөө хандан “Чи таван сая төгрөг төлбөрт өгөх нь битгий хэл, хоёр сая төгрөг гар дээрээ тавьж үзээгүй биз дээ” хэмээн банкны теллерийн дэргэд бүдүүлэг авирлах нь нөхрийнхөө цалин орлогыг илт голж, түүнээс залхсан гэсэн дүрийн намтрыг мөн харуулж байна.
Ямартай ч байгууллагатайгаа төлбөр тооцоогүй болсон мань эр буцаад ажилдаа орчихож юуны магад гэсэн горь тээн ажлынхаа үүдээр хэдэнтэй эргэлдэж туслахаасаа “улс төрийн нөхцөл байдал”-ыг битүүхэндээ тандана. Гэвч тусыг эс олов. Энэ бол Сэтгэлсайхан гэдэг гол дүрийн намтрыг үзэгчдэд уйдаахгүйгээр өгүүлж буй сонирхолтой хэлбэр юм. Сэтгэлсайханыг яагаад лааз өшиглөж явааг мэдсэн үзэгчид дараа нь яах бол гэсэн хүлээлттэй болж киноны үйл явдал улам сонирхолтой болохын хэрээр дүрийн зорилго тодорно. Сэтгэлсайхан ямраар ч болов ажил орлоготой болж, эхрийнхээ хурааж хуримтлуулсан мөнгийг эргүүлэн өгөх, улмаар эхнэрээсээ салахгүй байх гэсэн зорилготой болохыг үзэгч түвэггүй ойлгоно. Эхнэр Ундармаа нь шүүхэд гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгчихсөн, шүүхээс гурван сарын хугацаанд эвлэрэхгүй бол гэр бүл цуцална гэдгийг мэдэгдчихсэн ийм эгзэгтэй үед Сэтгэлсайхан гэр бүлээ аварч үлдэхийг хичээж байна. Азаар хуучин ажлынх нь туслахын идэвх санаачилгаар мань эр нэгэн их сургуулийн харуул хамгаалалтын ажилтан болно.
Сэтгэлсайхан бол зузаан линз зүүдэг, хоёр гурван ээлжийн нэг ижил загварын богино ханцуй, босоо захтай сорочик цамцаа шашны номлогч шиг үргэлж хоолойдоо тулган товчилдог, хормойг нь мөн өмд рүүгээ эв хавгүй чихэж өмсдөг, дээр нь кет жийчихсэн гээд харагдах байдлаасаа илт доожоогүй, номын хүн. Ийм байтал сургуулийн хамгаалагч болж дүрэмт хувцастай тов хийсэн эр болчих нь үзэгчийн анхаарлыг дараа нь яах бол гэсэн хүлээлтээр эрхгүй татна. Кино найруулагч Г.Бадамрагчаагийн “Орчин үеийн кино зохиолын онолын үндэс” номд “Сайхан амьдрах” гэдэг зорилготой дүр идэвхгүй, харин “амьд үлдэх” гэсэн зорилготой дүр бол маш идэвхтэй юм” гээд, “Үзэгчид баатрыг аймхайгаас зоригтой, тэнэгээс ухаантай, бүтэлгүйгээс азтай болж хувирч байгааг үзэх дуртай байдаг” гэсэн нь дүрийн өсөлт хөгжилт юм. Сэтгэлсайхан маань бүтэлгүй эрдэмтнээс, сургуулийн хамгаалагч болон хувирч байна. Энэ нь мэргэжлийн хувьд зиндаа буурч буй боловч, эр хүний хувьд өсөлт хөгжилт юм. Гэтэл тэрээр эхнэрийнхээ багшилдаг сургуулийн хамаалагч болсноо сүүлд мэднэ. Бүр ганц охин нь хүртэл тэр сургуулийн оюутан байж таарна. Үүгээр Сэтгэлсайхан гэх эр эрдэм шинжилгээний ажилд хамаг цагаа зарцуулахаас биш амьдрал ахуй, адаглаад охин нь ямар сургуульд сурч байгааг мэддэггүй амьдралын идэвхгүй нэгэн байсныг гэрчилнэ. Ингээд нэгэн гэр бүл нэгэн сургуулийн багш, оюутан, хамгаалагч болж, бусдад энэ байдлаа мэдэгдүүлэхгүйг хичээнэ.
Нэг үдэш сургуулийн захирал Чимэгцохио (жүжигчин О.Энхтуул) сургуулиасаа гарч явтал бүлэг залуус Чимэгцохиод хорт шингэн үнэртүүлж муужруулаад цүнхийг дээрэмдэхийг завдана. Тэгтэл захирлын туслах, жолооч (жүжигчин Энхбаяр) араас нь гарч ирж таарсан тул бүлэг залуустай нүцгэн гараараа үзэлцэн цохиж унагахыг нь унаган олонхийг хэвтүүлчихээд байтал нэг нь түүнийг модоор цохиод унагачихна. Харин хамгаалагч маань хэрэг явдал бараг өндөрлөсөн хойно гарч ирээд азаар хамгийн сүүлийн дээрэмчинг бороохойдож унагах аж. Энэ үед Чимэгцохио захирал ухаан сэргэн босч ирээд энд тэндгүй хөглөрөн унасан залуусын дунд ганц хамгаалагч нь бороохойгоо барьсан хэвээр зогсож байгааг хараад үнэхээр чадвартай сайн хамгаалагч ажилд авчээ хэмээн сэтгэл нь догдолж, улмаар түүнд дурлах үндсэн нөхцөлийг бүрдүүлэв. Үнэн хэрэгтээ бол Сэтгэлсайханд зүгээр л аз таарсан төдий гэдгийг мэдэж байгаа үзэгчдэд энэ нь хөгжилтэй, инээдэмтэй билээ. Үнэхээр аливаа кинонд киноны зарим дүрийн мэдэхгүй байгааг мэдэж байх нь үзэгчдэд давуу байдлыг үүсгэж, тэр хэрээр таашаал төрүүлдэг. Энэ зарчим “Амьдралоги” кинонд нэвт шувт шингэжээ.
ЖИРЭМСНИЙ ТЕСТ БУЮУ ГЭНЭТИЙН БЭЛЭГ
Ганц бие Чимэгцохио захирал Сэтгэлсайханд дурлаж буйг, нөхрийнхөө гэр бүлээ гэсэн чин халуун сэтгэлийг мэдэх болсон Ундармаа багшийн хахир хатуу ааш авир аажмаар зөөлөрч хамаг учир нөхөрт нь биш өөрт нь байж болзошгүй гэж сэтгэх болов. Тэгтэл хосуудын ганц охин нь жирэмсэн болж, эцэггүй хүүхэд тээсэн нэгэн болов. Үүнийгээ аав, ээждээ хэлэхээс эмээнэ. Нэгэн удаа хогийн саванд хаячихсан жирэмсний тестийг нь Сэтгэлсайхан санамсаргүй олж үзээд зургаан сар тусдаа унтсан эхнэртээ гомдох болов. Тэгтэл сургуулийнх нь Бат багш (Жүжигчин Н.Онон) л эхнэрт нь тал засч харагдаад хардах сэтгэлийг нь улам дэвэргэж орхино. Удахгүй өвөө болох гэж байж эмээгээ хардаад бөөн будлиан хутгах аж. Эцэст нь хамаг хэргийн зангилаа тайлагдаж бие биенээсээ хөрсөн хосууд бие биедээ шинээр дурлана. Шинэ жилийн орой Ундармаа бүсгүй Сэтгэлсайханд гэнэтийн бэлэг барьсан нь жирэмсний тест байв. Мөн Сэтгэлсайхан болон түүний туслах нарын сэдсэн шинэ төрлийн батарей зохион бүтээх ажил амжилттай болж тэднийг баяжуулах аж. Гэтэл бас Сэтгэлсайханы шадар туслах эрдэмтэн нь хүргэн нь болж байна. Гэхдээ зээгийнх нь жинхэнэ эцэг биш гэдгийг мэдэхгүй байгаа. Ер нь мэдсэний ч хэрэггүй биз ээ.
Романтик гэхээсээ инээдмийн өнгө аяс нь давамгайлсан мөн олон асуудлын ээдрээ зангилааг тайлсан ийм нэг кино бүтээгдсэнд баяртай байна.
Уншигчдадаа ойлгомжтой болгоход “Амьдралоги” гэх нэр нь амьдрал гэх нэр үгэнд Грегийн “логос” буюу судлах гэдэг үгний логи залгавар залгаж “Амьдрал судлал” гэсэн үг бүтээж буй хэрэг юм гэнэ билээ. Бямбын Ринчен абугай байсан сан бол энэ нэрний тухайд “Монгол гутал өмсөөд зангиа зүүчихсэн хүн шиг” гэх байсан болов уу. Миний л хувьд киноны нэр өвөрмөц гэхээсээ илүү монгол хэлийг харьчилж “монголчилсон”-д нь сэтгэл дундуур буйгаа Ундарлоги тэргүүт уран бүтээлчдэд нь хаяглая.
Г.ЛХАГВАДОРЖ