Өнөөдөр монголын нийгэм дээр дороо орохоо шахаж, ард түмний амьдрал өдөр болгон доошоо уруудаж байгаагаас шалтгаалан ард түмний бухимдал дээд цэгтээ хүртэл дэвэрч буй нь өнөө үеийн хамгийн эмэгнэлтэй үйл явц болоод байна.
Нийгэмийн энэ хурц үйл явдлуудыг сүүлийн үед киноны залуу уран бүтээлчид уран бүтээлдээ соргогоор тусган үзүүлэх болсон нь нэг талаас тэд нар нийгэмийнхээ хүнд байдлыг мэдрээд зогсохгүй энэ гацаанаас хэрхэн гарах арга замыг эрэлхийлдэг болсныг харуулахын хамтбүтээл туурвилынхаа үндсэн арга барилыг олж эхлэж буйг мэдрүүлэх ажаам.
Саяхан нийтийн хүртээл болсон “Амьдрал нулимсанд дургүй”киног бүтээсэн залуу найруулагч Ц.Энхцогт мөн өнөөгийн нийгэмд хүн өөрийн зам мөрийг олохын төлөө хэрхэн тэмцэж буйг тодорхой харуулсан нь уг бүтээлийн ололттой тал хэмээн хэлж болно.
Найруулагч “Тэнгис” кино театрт хүргүүлсэн товч танилцуулгандаа ” Энэ кинонд гоё биш, гоо байхыг хүссэн, сайхан бас саруул байхыг хичээсэн, өөртөө биш бусдын төлөө санаагаа чилээж, өнгөнд бус үнэнд ойр амьдарч яваа эгэл нэгэн бүсгүйн тухай өгүүлнэ. Хайрынхаа төлөө амьдралыг аргадан, сэтгэлээрээ бусдыг нар шиг ээж яваа бүсгүй хүнд хувь тавилан нь сорилтуудыг харамгүй бэлэглэнэ.
Амьдралд маргааш юу хүлээж байгааг бид мэдэхгүй. Хүсэл хясал зэрэгцэнбайдаг энэ орчлонд бүсгүй хүн хайр энхрийлэл хүсэвч, хүйтэн жавар л хамгийн түрүүнд хацарт хүрнэ.” хэмээн өгүүлжээ.
Үнэхээр гол баатар бүсгүйЮмжир \ А.Туяа\хүний ёсоор ханийн ивээлд түшин, эвтэй найртай амьдрахыг хүсэх боловч нөхөр Ангараг \Б.Батзаяа\ нь түүний чин үнэн, шудрага сайхан сэтгэлийг үл ойлгоно. Үйл явдлын өрнөлийн явцад нөхрийнх нь тэр хандлагад бүсгүйн хадам ээж Загир | Ж.Оюундарь\гол “хорыг” найруулан хутгаж байсныг үзэгчид мэдэж авна.
Киноны дүрслэлийн хэл нилээд сонирхолтой болсон нь найруулагч, зураглаач Ц. Энхцогтын өсч ундарч буй ур чадвартай холбоотой.Энэ кинонд утгачилсан шигтгээнүүд, гэрлийн өвөрмөц шийдлүүд олонтаа орсон нь уг бүтээлийнхээ утга санааг тодруулахад багагүй үүрэг гүйцэтгэжээ.Жишээ нь: нөхөр нь гэртээ шал согтуу гуйвсаар оржирэхэд үүдний харанхуй өрөөний ханан дээр гэрэл, сүүдэр хосолсон хоёр зурвас гэрэл тусч буй нь тэдний сэтгэл санаа хоёрдож буйг илтгэсэн уран дүрслэл болсон байдаг. Гол дүрийн бүсгүй нөхрөө шархдуулсан асуудалд орж цагдаагийн газар очоод байцаагдан сууж ахуйд түүний гавлагдсан цустай гарны шигтгээ \деталь\ дүрслэл харагдах нь түүний амьдрал эмэгнэлт байдалд орсныг илтгэсэн дүрслэл болжээ. Ийм дүрслэл шигтгээнүүд олон гарч байна. Оновчтой шигтгээнүүд киноны дүрслэлд ихээхэн хүч оруулдагийг энэ киноноос харж болно.
Найруулагч Ц.Энхцогт энэ киноныхоо төрөл зүйлийг уянгын драм хэмээн тодорхойлжээ. Гэтэл үнэндээ эл кино нь эмэгнэлт драм болсон харагдана. Ийнхүү хэлсний учир бол тэр бүсгүйн амьдралд гэрэл гэгээтэй зүйл бага байгаагийн дээр уг киноны гэрлийн үндсэн өнгө гол төлөв хар бараан байгаатай холбоотой юм.
“Амьдрал нулимсанд дургүй” киноны зохиолыг Д.Энхжин бичиж, ерөнхий найруулагчаар Ц.Энхцогт ажиллаж, ерөнхий зураачаар О.Нямдаваа, хөгжмийн зохиолчоор Б.Одбаяр нар ажиллажээ.
Гол ба туслах дүрүүдийг жүжигчин А.Туяа, Б.Батзаяа, МУГЖ Ж.Оюундарь, жүжигчин Ц.Төмөрхуяг, Р.Баттогтох, Т.Карма, Т.Саранзаяа нар бүтээжээ.
Жүжигчин А.Туяа дүрийнхээ дотоод сэтгэлийг нээж харуулахын тулд багагүй хөдөлмөрлөжээ. Тиймээс түүний бүтээсэн дүр үнэмшилтэй болсноор барахгүй үзэгчдийн талархалыг зүй ёсоор хүртэж байна.
Жүжигчин Ж.Оюундарь хадам эхийн хорон санаа, хүнлэг бус зан чанарыг урнаар тодруулан харууллаа.
Энэ киноны нэг ололт нь хөгжмийн зохиолч Б.Одбаяртай холбоотой. Тэрээр киноныхоо нилээд өрнөлтэй хэсгүүдэд төгөлдөр хуурын хөг аялгуу голлосон арга билгийн зохиролоор эгшиглүүлсэн урандүрслэл бүхий хөгжим тууривсан нь оножээ.
Уг кинонддүрслэл хэллэг, утга санаа, хөгжим, найруулга, зураг авалтын зэрэг ололттой зүйл багагүйхарагдаж буй боловч алдаж эндсэн зүйлс ч бас байна. Жишээ нь: уг кино эхлээд нилээд эрчимтэй, хэмнэл сайтай явж байснаа дундаасаа цааш тэр хэмнэл нь алдагдаж, илүү дутуу үйл явдлууд нилээд орж ирсэнээр хэмнэлийн эрчим ньсуларсан тал үзэгдэнэ. Тэрчлэн зарим хэсгүүдэд хөгжмийн ая хөг нь хэтэрхий чанга бичигдсэнээс гол баатруудын үг яриа нь давхцан муу сонсогдож байна.
Хэдийвээр ийм алдаа харагдаж буй боловч “Амьдрал нулимсанд дургүй” кино нь өнөөгийн монголын нийгэмийн хүнд байдлыг уран сайхны хэлээр тодорхой дүрслэн үзүүлж, хүнлэг сэтгэл хэзээд ялж дийлэх хувь ерөөлтэй байдгийг батлан харуулснаараа монголын кино урлагт нэг шинэ өнгө гэрэл, нэг шинэ өвөрмөц арга барилыг авчирснаараа ач холбогдолтой юм.
ДҮ.МЯГМАРСҮРЭН