Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Амьдрал миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Э.Эрдэнэбаяр нь мэргэжлийн гэрэл зурагчин бөгөөд түүнийг зургийн аппаратгүйгээр төсөөлөшгүй билээ. 1996 онд МУИС-ын Сэтгүүл зүйн ангийг фото сэтгүүлчээр төгсчээ. Тэрбээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Адмон Хэвлэлийн компанид мэргэжлийн гэрэл зурагчнаар тус тус ажиллаж байсан аж. Түүний зургууд дотоодын төдийгүй гадаадын хэвлэл дээр хэвлэгдэн гарч байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбатын 1995 онд Европын орнуудад хийсэн албан ёсны айлчлал үеийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Э.Эрдэнэбаяр нь Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс салбартаа амжилттай ажиллаж буй сэтгүүлч, уран бүтээлчдийн нэр хүндтэй “Ган Үзэгтэн” шагналын эзэн болж байжээ. Тэрбээр Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны гишүүн мөн Америкийн Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны гишүүн юм. Одоогоор АНУ-ын Калифорни мужийн Морага хотод гэр бүлийн хамт амьдарч байна.

“Амьдрал Миний Дуранд”
номондоо тухайн үеийн монголын нийгмийн амьдралыг “Фото журнализм” буюу фото сэтгүүлзүйн баримтат талаас нь харуулахыг хичээсэн ба Монгол улсын 80-аад оны социализмын төгсгөл үе, 90-ээд оны монголын нийгмийн шилжилтийн үе, улс төр, урлаг, спортын салбарынхан, эгэл хүмүүсийн хөрөг, хот, хөдөөгийн хүмүүсийн ахуй амьдрал, байгалийн үзэсгэлэнт дүр төрх, ёс заншил, соёл гээд бүхий л салбарын амьдралыг гэрэл зургийн хальсандаа буулган үлдээхийг зорьжээ. Олон жилийн хөдөлмөрөө шингээн баринтагласан уран бүтээлийн дээжээ өргөн дэлгэж байгаа юм.
Уг номонд 400 орчим зураг багтсан бөгөөд үүнээс үзэсгэлэнд 100 гаруй зураг дэлгэгдэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *