Categories
мэдээ цаг-үе

​Амьдрал буцалсан хорооллын гудамж

III, IV хорооллын Тумбааш дэлгүүрээс Москва их дэлгүүр хүртэл 800 метр орчим газарт зуу гаруй хүн гар дээрээс худалдаа эрхэлж байна. Хүний хөл тасардаггүй энэ хэсэгхэн газарт бяцхан зах бий болжээ. Аав, ээжийгээ дагаж яваа бяцхан хүүхдүүд гудамжинд дэлгэсэн олон янзын тоглоом руу нүд унагаж явах нь, “удахгүй хоёулаа хостой болоод бэлэг авна аа” гэж ярилцах залуу охид, “алим мандарин хоёр килограммыг нь 6000 төгрөгөөр аваарай” гэж хашгирах нь гудамжны захын энгийн нэг төрх юм. Өчигдөр гэгээн хайрын өдөр болохоор зах зээлээ мэдэрч зүрхэн хэлбэртэй шоколад, хос бамбарууш, улаан сарнай худалдаалж буй иргэд овоо орлоготой байгаа нь анзаарагдлаа. Зүрхэн хэлбэртэй дээр нь хос хун урласан хар цагаан шоколад 4000-25000 төгрөг, Golden gobi шоколад 3000-8000 төгрөг, улаан сарнай ширхэг нь 2000, чихмэл бамбарууш 5000 төгрөгөөс дээш ханштай байв.

Цааш явж байтал 25000 төгрөгөөр тэмээний ноосон майк хоёрыг, тэмээний ноосон бүсийг 10000 төгрөгөөс хямдруулаад 9000 төгрөгөөр авч буй худалдан авагчтай таарлаа. Хүнд хэрэгтэй, дулаан эд юм уу гэж бодоод цагаан сараар дотнын хүмүүстээ бэлэглэх гээд авчихлаа гэж байна. “Танай бүтээгдэхүүнийг өөр хаанаас худалдан авч болох вэ” гэхэд худалдагч ах “Ээрмэлийн үйлдвэр, Нарантуул захад зарагдаж байгаа. Гэхдээ үйлдвэрийн үнээр биш. Би зуу гаруй ноосон бүс авчраад өдөрт нь дуусгаж байна. Үйлдвэр дээр оёогоо дийлэхгүй байгаа” гэв.
Дэлгүүрүүдэд 25000 төгрөгөөр зарагдаж байсан орос цамц 10000, футболка 8000, бэлгийн савлагаатай “Тод” оймсыг үйлдвэрийн үнээр буюу 1900 төгрөгөөр хүмүүс худалдан авч байлаа.
Түүний цаахна талд Хаан банкны АТМ төвийн урд хүмүүс бужигнаж байна. “Lays” чипс ямар үнэтэй вэ”, “Wawel чихрээс арвыг авъя” гэх хүмүүс тал талаас нь бүчжээ. Хоёр худалдагчийн нэг нь худалдан авсан бүтээгдэхүүнийг шалмаг гэгч нь савлаж, нөгөө нь бүтээгдэхүүнийхээ үнийг хүн бүхэнд хэлж өгөхийг хичээж, бас хажуугийн лангуу руу задгай мөнгөнд харайлгаж байна. Дотроо арван ширхэгтэй, цагаан сараар хүүхдэд өгөхөд тохиромжтой вафль печень 1000, дэлгүүрт дор хаяж 3000 төгрөгөөр зарагддаг “Lays” чипс 2000, “Troli” ууттай чихэр бөөндөө 900, шилтэй крем 2500 төгрөгөөр зарагдаж байв.
Энд мөн дөрвөн талт хүүхдийн монгол малгай 25000, лоовууз 20000, бүрх малгай 35000, охидын дээл 35000, толгойн гоёл 5000, хөөрөгний даалин 5000-55000, бяцхан хув хөөрөг даалинтайгаа 10000, эмэгтэй хүн барихад тохиромжтой ясан хөөрөг 25000, дунд гарын мана хөөрөг 250 мянган төгрөгөөр зарагдаж байсан нь хүмүүсийн сонирхлыг их татаж байв.
Тэндээс холгүй байх Нарлаг дэлгүүрийн өмнөх талбайд Оросоос ирсэн гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүд зарж буй эмэгтэйд олон нийтийн цагдаа гэсэн бичиг бугуйндаа хадсан хоёр хүн мэдэгдэл өгч байхтай таарлаа. Жимс жинлэж худалдаа хийж байсан эгч “Манай төр нээрээ хэцүү шүү” гэж хэн нэгэнд хандах аятай үглэх нь тод сонсогдов. Та энд хэзээнээс зогсож байгаа вэ гэхэд “Энд зогсоод хоёр сар болж байна. Урьд нь Меркури захад зогсдог байсан ч тэнд хүн цөөтэй, орлого муу болохоор энд ирсэн. Би Нарлаг дэлгүүрт сард 300 мянган төгрөгийн татвар төлдөг. Гэтэл олон нийтийн цагдаа, төр засгаас арав хоногт нэг удаа мэдэгдэл хүргүүлж торгууль тавьдаг. Төр засаг амьдрах гэж хичээж яваа иргэдээ дэмждэггүй юм гэхэд торгууль тавьж, хөөж туудгаа больчихмоор санагддаг. Өдөрт дунджаар 100 мянган төгрөгийн худалдаа хийдэг” гэж ярилаа.
Энд бас цагаан идээ, хонины гулууз, үхрийн өвчүү, дотор гэдэс зардаг болжээ. Архангайн Цахираас ирсэн Н.Баярхүү ах “Бид үзэсгэлэн дээр мөн цагаан идээгээ борлуулж байгаа. Хонины гулууз кг нь 4500, өвчүү кг нь 6500, тогооны өрөм 10000, ааруул 15000, сарлагийн сүү 3000, хонины цувдай 5000, толгой 1500 төгрөгийн ханштай байна. Хорооллын иргэд “Хүчит шонхор” оролгүй надаас өдөрт гурваас таван хонины гулууз авдаг. Энд мэргэжлийн хяналт, цагдаагаас шахалт их үзүүлдэг юм байна. Бидэнд хэрэгтэй, янз бүрийн найрлагагүй цагаан идээ борлуулж байна гэж ард түмэн биднийг өмөөрдөг” гэв.
Сурвалжлага хийж явахдаа энд худалдаа эрхэлж буй хүмүүсийг ерөнхийд нь хоёр ангилж болохоор санагдлаа. Эхнийх нь цаг үе, баяр ёслолыг тохиолдуулж эрэлттэй бүтээгдэхүүнийг богино хугацаанд эргэлдүүлж ашиг хүртэгсэд. Тэдний тухай дээр дурдсан.
Харин хоёр дахь нь он удаан жил нэг төрлийн бараа бүтээгдэхүүнээ зарж, байнгын худалдан авагчтай болсон хүмүүс. Тэдний нэг нь арван жил үнэртэй ус, зузаан нимгэн трико зарж буй Тунгалаг эгч юм. Тэрбээр, “Эгч нь анх Дэнжийн мянга, Нарантуул зах дээр зогсдог байсан. Энд хүний хөл ихтэй болохоор ирсэн. Манай энд голдуу өрх толгойлсон эмэгтэйчүүд хоёр идэхгүй, хоосон хонохгүй, хэнийг ч царайчлахгүй амьдралаа залгуулах гэж зогсдог. Түмнийхээ буянаар хоёр оюутнаа болгоод л байна. Энд өвөл зогсоход л хамгийн хэцүү. Эсгий гутлаасаа салчихсан, хаврын урь орчихсон сайхан л байна” гэв. Биднийг ийн ярилцаж байх зуур дунд насны гурван эмэгтэй гэдэсний даруулга, өгзөг өргөгчтэй триког сонирхлоо. 10000 төгрөг гэхэд хорооллын дэлгүүрт хорин мянгаар зарж байсан шүү дээ гээд худалдан авч байна. Хэд хэдэн охид, залуус Chanel, Boss уснаас үнэртэж, цацаад авлаа. Тунгалаг эгч “Манай уснууд том дэлгүүрүүдэд зарагддаг устай адил ч жижиглэнгээр граммыг нь 1000 төгрөгөөр савлаж зардаг болохоор хүмүүс их авдаг. Зун болохоор эмээ, өвөө нар сувилалд явах гэсэн юм гээд саваа бариад ирнэ шүү дээ. Хавар дөрвөн сараас долоон сар хүртэл орлого сайтай байдаг” гэлээ.
Хорооллын дэлгүүрээр хэсэх далимдаа мартсанаа санаж, санаснаа гүйцэлдүүлж явах хүмүүс их бага хэмжээгээр худалдаа хийж, өөрөө өөртөө ажлын байр бий болгосон иргэд эдийн засагт хувь нэмрээ оруулж байлаа. Тийм болохоор эдгээр хүмүүсийг торгож, хөөх бус тодорхой татвар, хураамжаа аваад худалдаа наймааг нь хийлгэх хэрэгтэй гэх хүмүүс олон байлаа. Учир нь эдгээр иргэд төрөөс ажлын байр нэхэх бус харин ч өөрсдийгөө ажлын байраар хангаж тодорхой хэмжээний татвар хураамж төлж байгаа юм. Энэ мэтчилэн гудам хорооны захыг дэмжих нь хувь хүн болоод эдийн засагт ашигтай. Өнөөгийн лангуу, байрны түрээс нэмэгдсэн үед иргэд гэрийнхээ гадаа наймаа хийх нь хамгийн хямд бараа үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. Зарим гадны орнуудад гудамжиндаа бүү хэл гэрийнхээ үүдийг дэлгүүр болгосон тохиолдол олон байдаг. Энэ нь иргэдэд олон давуу талыг авчирдаг. Нэг хэсэг гэрийнхээ гадна наймаа хийнэ, нөгөө хэд нь гэрийнхээ гаднаас хэрэгцээтэй бараагаа худалдаж авна. Лангуу, дэлгүүрийн түрээс төлөхгүй учраас барааны үнэ нь хямдхан байдаг. Мөн баяр ёслолын үеэр зах, томоохон дэлгүүрүүдээс бараа бөөндөх мэт давхар ажиллагаа, замын түгжрэл зэрэг асуудал үүсдэггүй. Энэ жишгийг гэр хороололд тогтоох боломжтой юм. Төр тэднийг хааж боож торгож шийтгэхийн оронд тодорхой хэмжээний хураамж аваад зөвшөөрөл олгох нь ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна эдийн засагт бараа үйлчилгээний эргэлтийг хурдасгахад нөлөөлдөг. Жижиглэнгийн буюу өрхийн ч гэж нэрлэж болох иймэрхүү наймааг төр дэмжээд өгвөл иргэд төрөөс ямар нэг юм нэхэхгүйгээр өөрсдийгөө аваад явчихна.
Б.НАРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *