Categories
мэдээ цаг-үе

Амьдын хагацал амссан аав, охин хоёрын 15 жилийн дараах учрал

“Монгол туургатны мисс” тэмцээн Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Тэмцээний тэргүүн титмийг Буриадын мисс Арюна Жаргалнова Бубеева хүртсэн юм. Энэ үеэр олны сэтгэлийг уяруулсан гайхамшигт үйл явдал болсон нь арван таван жил уулзаагүй аав, охин хоёрыг учруулсан агшин байлаа. Халимагийн мисс Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн тэмцээний “Мисс Авьяас” номинацийн үзүүлбэрийн үеэр үндэснийхээ бүжгийг бүжиглэсэн бөгөөд энэ үеэр аав нь тайзан дээр гарч ирэв. Охин үзүүлбэрээ нулимс дуслуулан байж дуусгаад аавдаа алд цагаан хадаг, аяга дүүрэн сүү мэлтэлзүүлсээр өргөн барив. Охин уйлсаар…Харин аав олон хүний нүдэн дээр мэгдэж сандарсан уу, арван жилийн дараа охиноо хараад цочирдсон уу нэг л биеэ барьсан байдалтай охиноо үнэрлэв. Уртаас урт санаа алдав. Хоолой нь зангирч, нүднийх нь нулимс аягандаа багтаж ядан харагдана. Энэ мөчийг аав, охин хоёр мөн ч их хүлээсэн нь илт.

Халимагийн нийслэл Элистагаас Анастасия бүсгүй Хөгжим бүжгийн коллежид суралцах хүсэл мөрөөдөл өвөртлөн Улаанбаатарыг зорьжээ. Тэрээр хуучир хөгжим маш сайхан тоглодог. Хөгжимд хайртай нэгэн байж. Даруухан, ухаалаг, олон таван үгүй халимаг бүсгүйн сэтгэл зүрхийг хуучир хөгжмөөс нь илүүтэйгээр хөгжилтэй, наргианч, нийтэч сэтгэлгээтэй монгол залуу эзэмдэж өөрийн эрхгүй татах болж. Залуухан хөгжимчин бүсгүй өөрийн хайр дурлалаа хорвоо ертөнцөөс олж авсандаа туйлаас эрхэмлэж Халимагт суугаа эцэг, эхтэйгээ танилцуулж тэндээ хэсэгтээ амьдрахаар болсон байна. Залуу хосууд удалгүй үрийн зулай үнэрлэж Сарантуяа гэх хөөрхөн болцгор бор охинтой болжээ. Энэ гайхамшигт өдөр бол 1997 оны дөрөвдүгээр сарын 30. Эцэг, эх нь түүнийг Туяашка гэж өхөөрдөн дууддаг байв. Гэвч хувь тавилан тэднийг хагацал харууслын ангал руу түлхжээ. Туяашкаг гурван нас хүрсэн жил Анастасия өвчний улмаас хорвоогоос буцсан байна. Учир нь шүдээ авахуулахад нь цусаар бохир орж өвчлөл үүсгэх гол шалтгаан болсон байжээ. Тухайн үед Д.Ганбаатар хадмындаа охиноо харж гэртээ үлдсэн байна. Долоо ч хонолгүй эхнэр нь охин, нөхөр хоёроо орхиод үүрд одох юм гэж хэн санах билээ. Эхнэрээ өөд болсноос хойш Ганбаатар охиноо харж гэртээ үлддэг байсан бөгөөд хадам аав Валери, ээж Надя хоёр ажилдаа явж, эхнэрийнх нь хоёр дүү сургуульдаа явчихдаг байв. Тиймээс охинтойгоо хоёулхнаа үлдсэн дүүгийнхээ хүнд хэцүү үеийг туулахад нь дэм болохоор Монголоос ах Гэрэлсүрэн нь очсон байна. Бараг гурван сар өнгөрчээ. Ингээд охиноо эх орон руугаа авч явах гэтэл өвөө, эмээ нь “Чи залуу хүн. Нялх хүүхэд өсгөнө гэдэг тийм амаргүй. Бидэнд үлдээгээд яв. Бидний мах, цусны тасархай. Тиймээс энд байг. Харин ойр ойрхон ирж уулзаж болно шүү дээ” гэжээ. Энэ үгийг Ганбаатар одоо ч тод санадаг. Хэлэх үг олдохгүй, болцгор бор охиноо үнсээд гарах тэр мөчөөс эхлээд өдийг хүртэл сэтгэлээс нь бул хар чулуу дүүжлээстэй явсан гэнэ. Эх орондоо ирээд удаа ч үгүй Солонгос руу ажил хийхээр явжээ. Түүнд өөр сонголт байсангүй. Хүний нутагт найман жил амьдрахын эрхэнд хар бор ажил хийж яваад Монголдоо иржээ. Өнгөрсөн хугацаанд охиноо таних мэдэх хүмүүсээс эрж сурсан боловч сураг сонссонгүй. Харин охин өвөө, эмээгийнхээ гэрт өсч хүмүүжиж, эцэг, эхээс хагацсаныг эс тооцвол юугаар ч дутахгүй өссөн байна. Тэр загварын ертөнцөд сонирхолтой. Эхээсээ авч үлдсэн гоо үзэсгэлэн түүнийг хожим төрсөн эцэгтэйгээ уулзах шалтаг, шалтгаан болохыг яахан мэдэх билээ. Охины эмээ Надя гурван жилийн өмнө өөд болж өвөө болон ээжийнхээ эрэгтэй дүүтэй Элиста хотдоо амьдарч байгаа аж. Харин ээжийнх нь эмэгтэй дүү туурга тусгаарласан байна. Түүний өмөг түшиг нь өвөө, ах хоёр нь гэнэ. Бяцхан охин хоног өдөр өнгөрөхийн хэрээр эргээд ирэхгүй ээжийнхээ араас үе үе санагалзаж, элгээ дэвтээж эцэгтэйгээ уулзаж байна хэмээн шөнө болгон зүүдэлдэг байж. Хоосон зүүдээ манан дэрээ нэвтэртэл нулимс асгаруулсан үе даанч олон. Төөрөлдсөн хувь заяандаа гомдож, арга цөхөрч тэр суусангүй. Тэр өөрийгөө монгол хүн гэж бодож, бахархаж явдаг байна. Монголын тухай мэдээ мэдээллийг ч сонирхож уншдаг. Ингээд Монгол туургатны миссийн тэмцээн болох гэж байгааг мэдээд оролцохоор шийджээ. Тэрээр аавыгаа олж уулзах хүсэл өвөртлөн Монголд ирсэн байж. Монгол туургатны мисс шалгаруулах тэмцээний тухай хэвлэл, мэдээллээр, интернэтээр цацагдах үеэр аав нь охиноо хараад шууд таниад ирэх байх гэсэн итгэлийг сэтгэлийн мухартаа тээсэн нь энэ. Амьдын хагацал үзсэн түүнийг хувь заяа нь мартсангүй. Учир нь “Монгол туургатны мисс” тэмцээнд оролцох гэж буй миссүүдийн зургийг нэр, овогтой нь хамт тэмцээний зохион байгуулагчид фэйсбүүкийн цахим хуудсандаа байршуулжээ. Гэтэл Халимагийн мисс Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэнгийн зургийн дор хүмүүс “Энэ охин аавыгаа хайгаад байсан охин байна ш дээ”, “Аав нь Монголд байдаг гэсэн”, “Гурван настайгаасаа хойш уулзаагүй гэсэн” гэх сэтгэгдлүүд ирэх болжээ. Охин өмнө нь фэйсбүүк хуудсандаа аавыгаа эрж хайж буйгаа удаа дараа бичиж байсан аж. Тиймээс зохион байгуулагчид тэмцээнийхээ хажуугаар Халимагийн мисс Г.Сарантуяагийн аавыг олох давхар ажилтай болов.

Мэдээж нэр овгийг нь мэдэж байсан учраас амархан холбоо тогтоожээ. Охинтой нь уулзуулах мэдээ аавын хувьд гэнэтийн бэлэг байлаа. Тэрээр энэ сарын 19-нд охиноо нисэх буудлаас тосч авсан байна. Өмнөх шөнө нь охинтойгоо уулзана гэхээс унтаж чадаагүй гэдэг. Түүний толгойд олон асуултууд эргэлдэнэ. “Та яагаад намайг аваад яваагүй юм бэ”, “Яагаад ирээгүй юм”, “Энэ олон жил хаана явсан юм бэ” гэж охиноо асуух болов уу гэхээс айдас төрнө. Бас баясал төрнө. Охин миссийн тэмцээнд оролцоод улсаа төлөөлөн оролцоод мундаг болжээ гэж битүүхэндээ бахархана. Юу ч асуусан бай тэр охинтойгоо уулзах нь. Ганбаатар нисэх буудлын хаалгаар охиноо орж ирэнгүүт “Яг ээж болсон байна” хэмээн уулга алджээ. Басхүү олон жилийн сайхан дурсамжууд тэрхэн мөчид зурс хийгээд өнгөрсөн тухайгаа ярьсан юм. Их догдолсон, бас мэгдсэн түүнд охин нь “Та залуухан хэвээрээ байна” гээд тэврэн авчээ. Тэмцээнд оролцогчид гэрээний дагуу гадуур зугаалах боломжгүй. Тиймээс Сарантуяа аавтайгаа төдийлөн цагийг өнгөрүүлж чадалгүй нутаг буцжээ. Ганцхан удаа хоолны ширээний ард хамтдаа суусан түүний хувьд хэзээ ч мартахааргүй сайхан өдөр байсан тухайгаа бидэнд хэлсэн. Ганбаатар охиноо Монголд ирж суралцах хүсэлт тавьсан ч охин өвөө дээрээ очиж амьдрахаар шийджээ. Тиймээс Ганбаатар удахгүй Халимаг явж охинтойгоо уулзахаар төлөвлөөд байгаа гэсэн. Ах дүү нар нь бөөн баяр хөөр болж байгаа бололтой. Ганбаатар “Миний охин Халимагт их сургуульд сурч байгаа юм байна. Зун охиноо аваад Солонгос явах санаатай. Охин маань Солонгост очиж үзмээр байна гэсэн. Би охиныхоо нэг ч болов хүслийг биелүүлэхийг хүсч байна. Би охиноо эрхлүүлмээр байна” гэсэн юм. Ганбаатар өдгөө хувийн бизнес эрхэлдэг бөгөөд эхнэр хоёр хүүхэдтэй болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *