Хөл хорионоос шалтгаалан нэг хэсэг хаалттай байсан кино театрууд үүдээ нээж, уран сайхны кинонууд нээлтээ хийж эхэллээ. Энэ жишгийн дагуу Монголын хамгийн анхны олон ангит аймшгийн цуврал “Амьд бус амьдрагсад” кино өчигдөр /2022.01.07/ “Aurug palace”-д боллоо.
Монголдоо анхдагч аймшгийн цуврал гэдгээрээ онцлог “Амьд бус амьдрагсад” кино нь анх Э. Отгондоржийн санаачлагаар эхэлсэн бөгөөд ерөнхий найруулагчаар А.Баттулга ажиллаж, “Melmii entertainment”, “Дөрвөн бэрх Филм” болон “Channel 11” телевизийн уран бүтээлчид хамтран бүтээсэн байна.
Уг кионы зураг авалтад 100 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд кино зураг авалт маш шахуу хуваарьтайгаар 45 хоног үргэлжилсэн тухай уран бүтээлчид онцлов.
Кино зохиолыг зохиолч Ц.Билгүүний эх зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. Уг зохиол нь “Монголдоо хамгийн их” үзэлттэй аймшгийн аудио зохиол юм. Киноны гол дүрд шинэ залуу жүжигчид болон Гавьяат жүжигчин Т. Борхүү, Б.Базаррагчаа, Ц.Төмөрхуг нар тогложээ.
“Амьд бус амьрагсад” кино нийт найман ангитай бөгөөд “Univision”, “skymedia”, “Mongolsat”, “Homemedia”, “Looktv”, “Ddish”, “SkyGO.mn” , “Voo”, “playmo” IPTV-ээр 2022 оны нэгдүгээр сарын 11-нээс гарах юм байна.