Орон сууцны шинэ хороолол баригдана
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 85.0 хүртэлх сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийн баталгаа гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
Хөгжлийн банкны баталгааны эрсдэлийг бууруулах зорилгоор эрсдэлийн сан байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болорт үүрэг болголоо.
Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт даалгалаа.
Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж барилгажуулах, газар шинээр зохион байгуулан газрын ашиглалтыг сайжруулах, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, шинэ суурьшлын бүс бий болгох, хуучин орон сууцны нөхцөлийг сайжруулах хэрэгцээ шаардлагын дагуу 2013 оноос “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэгчийг сонгож, 7,5 га талбайд дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр 2 дугаар сургуулийн өргөтгөл, 960 хүүхдийн сургууль, Сүхбаатар дүүргийн 9-12 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн нэгдлийн барилга, Соёлын ордон, цэцэрлэгт хүрээлэн, усан спортын цогцолбор болон бусад барилгууд, 2000 айлын орон сууц, үйлчилгээний төв бүхий хорооллыг 5 жилийн хугацаанд барьж байгуулах юм.
Тайлан мэдээгээ хугацаанд нь ирүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт анхаарууллаа
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2015 оны эхний хагас жилийн байдлаар Сангийн сайд Б.Болор Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах үүднээс төсвийн удирдлагын хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байж түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Шилэн дансны тухай хуулийг энэ оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна.
Улсын хэмжээнд нийт 56 төсвийн ерөнхийлөн захирагч хуулийн хэрэгжилтийн тайлан мэдээ ирүүлэхээс 75 хувь нь ирүүлжээ. Харин 11 төсвийн ерөнхийлөн захирагч тайлангаа ирүүлээгүй байна. Мэдээ тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нар болон Дархан-Уул, Завхан, Дундговь аймгийн Засаг дарга нарын сарын цалинг 20 хувиар хасч, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Амгалан дулааны станц “Дулааны IV цахилгаан станц”-ын охин компани хэлбэрээр ажиллана
Амгалан дулааны станц ашиглалтад орж байгаатай холбогдуулан тус станцыг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж нарт үүрэг болголоо. Тус станцын барилга угсралтын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Эрчим хүчний яам, гүйцэтгэгч компанитай хамтран туршилт, зүгшрүүлэлт хийх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Амгалан дулааны станцыг бие даан ажиллуулахад үйлдвэрлэлийн өртөг зардлаа орлогоороо нөхөх боломжгүй, татаас авч ажиллахаар урьдчилсан тооцоо гарсан тул үйлдвэрлэлийн хамгийн бага өртөгтэй “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани байхаар бүтэц, зохион байгуулалтыг хийж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Тус станцын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигдрүүлэх, өвлийн их ачаалалд хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай дулааны эрчим хүчээр хангаж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.
126.3 мянган тонн мах экспортод гаргахаар төлөвлөж байна
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа мах бэлтгэлийн хүрээнд гадаад оронтой хийсэн мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, мах экспортлох зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгж, 2015-2016 онд экспортлох махны хэмжээ, боломжийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улс 2015 оны эхний хагас жилд 70.6 толгой малтай болсон байна. Улсын хэмжээнд мал төхөөрөх, эхлэн боловсруулах 42 үйлдвэр, хиам, нөөшилсөн бүтээгдэхүүний 145, хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний 21 үйлдвэр байна.
Манай улс ОХУ, БНХАУ, Япон, Казахстан, Вьетнам болон Арабын улсуудтай мал эмнэлгийн салбарт хамтран ажиллаж, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн хорио цээрийн нөхцөлүүдийг харилцан тохиролцон гэрээ хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Үүний үр дүнд БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас Монголын мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 5 үйлдвэрт экспортын зөвшөөрөл олгожээ.
2015-2016 онд дотоодын хэрэгцээнд 10.4 сая, экспортод 5.6 сая толгой малын мах бэлтгэхээр төлөвлөжээ. Экспортод гаргахаар төлөвлөсөн мах 126.3 мянган тонн болж байгаа юм.
Эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар танилцууллаа
“Улаанбаатар ДЦС-5 төсөл”-ийн концессийн гэрээг тус төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан “International Power Plc, Sojits Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” ХХК-тай байгуулсан. Концессийн гэрээнд 2014 оны 6 дугаар сарын 20-нд талууд гарын үсэг зурснаас ажлын хэсэг концесс эзэмшигчтэй “Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний хэлэлцээрийг хийж, энэ оны 7 дугаар сард гарын үсэг зуржээ. Консерциумын зүгээс энэ оны 12 дугаар сард багтаан санхүүгийн хаалт хийж, 2016 оны эхний улиралд барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2,5-3 жилийн хугацаанд станцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөгөө танилцуулсан байна.
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-ын турбингенератороор өргөтгөх төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор гадаад, дотоодын 15 компани тендерийн баримт бичиг авсан боловч 4 компани саналаа ирүүлжээ.
“ДЦС-III” ТӨХК-ийг 250 МВт-аар өргөтгөх төслийн хүрээнд суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгджээ. Хоёрдугаар шатны шинэчлэлээр Дунд даралтын хэсгийг буулгаж, 2х125 МВт-ын хүчин чадалтай орчин үеийн өндөр үр ашигтай дулааны станцыг 2016-2017 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Амгалангийн дулааны станцын барилга угсралтын ажлын хүрээнд 116 МВт-ын 3 зуух, нүүрс хадгалах байгууламж, вагон хөмрөгч, нүүрс дамжуулах конвейрууд, үнс, утаа шүүх байгууламж зэрэг 36 төрлийн барилга байгууламж, нэгдсэн хяналт, удирдлагын системийн угсралтын ажил хийгдэж, 97 хувийн гүйцэтгэлтэй байна.
Гацууртын ордын өнөөгийн байдлын талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа
Уул уурхайн сайд Р.Жигжид Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордын үйл ажиллагаатай танилцжээ. Тус ордод УИХ-аас төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоогүй тул олборлолтын үйл ажиллагаа явагдаагүй байна.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон мэргэжлийн байгууллага “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд археологийн олдвор байхгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Хууль бусаар алт олборлогчид тус ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ сарын 10-11-нд шилжих шөнө 300 гаруй хүн орд газарт хууль бусаар нэвтэрч, нэг иргэн шороонд дарагдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Орон нутгийн удирдлага болон иргэд хууль бус олборлолтыг зогсоох талаар холбогдох газруудад санал хүргүүлсээр байна. Гацууртын ордыг ашиглахад бэлэн болсон бөгөөд хууль, эрх зүйн байдлаас шалтгаалан компани үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаагаас хууль бусаар олборлох нөхцөл үүсч, улсад орох татвар, хураамж төлөгдөхгүй байгаа юм. Иймд Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Концессийн гэрээ байгуулах эрх олгов
“Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох төсөл”-ийн концессийн гэрээг –Маргад Монгол” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
“Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох төсөл”-ийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлт болох 400 сая төгрөгийг 2016 оны Улсын төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт даалгалаа.
Концесс эзэмшигч нь цэвэр усны холболтын ажлыг өөрийн хөрөнгөөр 2015 оны 11 дүгээр сарын 1-ний дотор багтаан хийж дуусган, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2016 оны Улсын төсвөөс нөхөж авахаар, цэвэр усны эх үүсвэрийн холболтын шугамын чанарын баталгаат хугацаа 3 жил байхаар гэрээний төсөлд тусгажээ.
“Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг баталлаа
Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусгаж байхыг Сангийн сайд Б.Болор нарт үүрэг болголоо.
Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтыг Хүний хөгжил, хүрээлэн буй орчин, Хөдөө аж ахуйн эрчимжүүлэлт, Аж үйлдвэрийн дэвшилтэт технологи, Өндөр технологи гэсэн гэсэн салбаруудаар гаргасан байна.
Олон улсын хурал зохион байгуулна
“Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдэвт Япон-Монголын хамтарсан олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах болсонтой холбогдуулан хурлын зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө. Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийн дунджаас найм дахин өндөр, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр БНСУ-ын дараа ордог ч нас баралтаар тэргүүлж байгаа нь хорт хавдрын эрт илрүүлэлт болон эмчилгээний үр дүнг сайжруулах нэн шаардлагатай байгаагийн үндэслэл болж байна. Хавдар судлалын үндэсний төв болон Япон улсын Накаяма хавдар судлалын институти хамтран зургаадахь жилдээ “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээ, оношилгоо” сэдвийн дор олон улсын хурал зохион байгуулж байна. Хурлын үеэр Япон, БНСУ-ын нэртэй профессоруудын лекц, мэс засал эмчилгээг шууд дамжуулан үзүүлж, Монголын эмч нарт нотолгоонд тулгуурласан анагаах ухааны мэдлэгийг үнэ төлбөргүй түгээдэг юм.
Товч мэдээ
– Сангийн сайдын 2014 оны 7 дугаар сарын 18-ны 162 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд “Нийслэл өргөө” ХХК хамрагдсан тул Үндэсний төв архивын нэгдсэн байрны барилгын дуусгалтын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн 0119 дүгээр ангиар шууд гэрээ байгуулах замаар үргэлжлүүлэн дуусгахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжавд зөвшөөрлөө.
– 2015 оны 9 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
– 2015 оны 9 дүгээр сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
– Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас Ц.Эрдэнэбилэгийг чөлөөлж, Н.Нямдавааг томиллоо.
– Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны Чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
– Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажилласан мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
– Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хэрэгжилт нь удааширч байгаа 31 зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан гаргасан Монгол Улсын байнгын төвийг сахисан орон болох бодлогыг дэмжих асуудлыг хэлэлцэн, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.