“Жаазлаб” хөгжмийн агентлаг Америкийн дуучин, төгөлдөр хуурч Чампиан Фултоныг Монголд урьжээ. Тэрээр ирэх сарын 8-нд ДБЭТ-т тоглох юм байна. Түүний тоглолтод Америкийн бөмбөрчин Стив Приут, Германы басс гитарчин Мартин Зенкер нар оролцох юм байна.
Чампиан Фултон нь багаасаа урлагийн гэр бүлд өсчээ. Түүний аав нь жазз хөгжимчин, ээж нь түүний авьяасыг багаас нь олж харсан нэгэн байж. Аавынх нь найзууд болох Clark Terry, Major Holley нар ч түүнд их нөлөөлсөн байна.Тэрээр таван настайдаа эмээгээрээ заалган төгөлдөр хуур тоглож сурчээ. 1994 онд тэднийх Лос Анжелес руу нүүж аав нь найз Clark Terry-н сургуулийн жааз хөгжмийн студийн захирал болсноос хойш тэрээр чөлөөтэй бэлтгэл сургуулилтаа хийх болжээ. Түүний анхны хөгжмийн гэрээ Clark Terry-н 75 насны ойн баярын өдөр хийгдсэн байна. Тэр үед Чампиан Фултон 10 настай байжээ. Анхны альбомоо тэрээр “For Those in Love” нэртэйгээр гаргасан.Тэрээр 2009 оны “Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол”-оос “Оны шилдэг жааз дуучин” шагнал хүртэж байжээ. Чампиан Фултоны талаар “New York music daly” хэвлэлд Дотоод сэтгэлийн гүнзгий мэдрэмжээ төгөлдөр хуур, хоолойгоороо хамгийн ойлгомжтой илэрхийлж чаддаг ховорхон чадвартай бүсгүй” хэмээн бичжээ.
О.ӨНӨР