Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Нигерийн Борно мужийн Чибок тосгоны дунд сургуулийн дотуур байранд халдаж, 276 эмэгтэй сурагчийг хулгайлсан хэрэг гарсан билээ. Барьцаалагдсан хүүхдүүд бүгд 12-18 насныхан. Дэлхий нийтийн анхаарлыг татсан уг хэргийн талаар олон улсын байгууллагууд төдийгүй олон орны иргэд шүүмжлэлтэй хандсаар байна. Барьцаалагдсан охид өдгөө хаана буй нь тодорхой бус ч лалын “Боко Харам” хэмээх зэвсэгт бүлэглэлийнхэн энэхүү хэргийг үйлдсэнээ мэдэгдсэн юм. Мөн тэд өнгөрсөн долоо хоногт өөр нэг тосгоноос 11 охиныг барьцаалснаа зарласан. Тус бүлэглэлийн толгойлогч Абубакар Шекау энэ сарын 5-нд 57 минутын дүрсжүүлсэн бичлэгээ интернэтэд байршуулж, олзлогдсон охидыг боол болгон 12 ам.доллараар худалдахаа мэдэгдсэн. Тэрээр “Хэрэв Нигерийн сургуулиудад барууны боловсрол олгох явдлыг таслан зогсоохгүй бол энэ мэт үйл ажиллагааг дахин явуулах болно” хэмээн сүрдүүлжээ. Тэрээр цааш нь “Охидод боловсрол эзэмшүүлэх ёсгүй. Тэд зөвхөн айлын гэргий болох ёстой” гэв. Тэгвэл саяхан “Боко Харам”-ын толгойлогч хулгайлсан охидыг насаар нь ангилж, худалдсан гэсэн мэдэгдлийг хийв. Тэрээр “12-13 настай охидыг 19 ам.доллар, 14-18 насны охидыг 25 ам.доллараар зарсан бол 230 охины 149-ийг хүнтэй гэрлүүлсэн” гэжээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр 53 охин зэвсэгт дайчдаас эсэн мэнд зугтаж чадсан аж. Тэдний нэг нь болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Тэрээр “Барьцаалагдсан охидоос хоёр нь хорт могойд хатгуулан амиа алдсан. 20 нь өвчин туссан байгаа. Хэрэг гарах өдөр 200 орчим зэвсэгт этгээд 20 гаруй автомашин болон 30 ширхэг мотоциклиор манай тосгонд ирсэн” гэжээ. Тухайн үед тосгонд хамгаалалтын ердөө 15 цэрэг байсан гэнэ. Нигерийн эрх баригчид сурагчдыг Самбиса ойд нуусан гэж таамаглаж байгаа юм байна. Учир нь 60 мянга орчим ам километр талбайг хамрах тэр ой нь лалын хэт даврагсдын бүгэх газар нь болоод удаж байгаа аж. Нигерийн Цагдаагийн газраас тавдугаар сарын 7-нд барьцаалагдсан охидын талаар үнэн бодит мэдээлэл өгсөн хүнд 310 мянган ам.доллар өгөхөө амлажээ. Тус улсын Ерөнхийлөгч Гудлак Жонатан олзонд буй охидыг суллах талаар чадах бүхнээ хийж байгаа ч ард иргэд нь Засгийн газраа буруушаасаар байна. Хулгайлагдсан охидын гэр бүл болон “Сая эмэгтэйн жагсаал” хэмээх нэртэй эмэгтэйчүүдийн холбооноос жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр тэд “Боко Харам” бүлэглэлийн гарт орсон охидыг аврахад туслахыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас хүссэн юм. Үүний хариуд АНУ-ын төрийн тэргүүн арми болон тусгай албадаас бүрдсэн багаа Нигери улс руу илгээхээ мэдэгдэж байсан нь сүүлийн өдрүүдийн гол сэдэв байв. Үүнтэй адил саналыг Их Британийн Засгийн газраас ч тавьсан гэдэг. Тус улсын Гадаад харилцааны сайд Уильям Хейг “Хүүхдүүдийг олз болгон ашиглаж байгаа алан хядагчдын үйлдэл нь гутамшигтай бөгөөд ёс бус үйлдэл юм. Хүүхдүүдийг суллахад бодит тусламж үзүүлэхэд бид бэлэн байна” гэжээ. Түүнчлэн Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч 16 настай Юсуфзай Малала охин “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан охидыг аврахыг хүсч, орон орны төрийн тэргүүн, удирдах албан тушаалтнуудад захиа илгээсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн билээ. Малала охин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг өнгөрсөн долоо хоногт Өмнөд Суданд айлчлах үеэр захидал илгээжээ. Түүндээ “Хүчирхийллийн золиос болсон охидод туслахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Энэ бол орхиж болохгүй сэдэв. “Боко Харам” бүлэгт баригдсан сурагч охидыг заавал аврах хэрэгтэй” гэж онцолсон байна. Тэрбээр цааш нь “Бид чимээгүй өнгөрөх юм бол ийм байдал газар авах болно” гээд барьцаалагдсан охидыг шоронд байгаа бидний эгч, дүүс гэж тодорхойлжээ. Мөн тэрээр үүнтэй адил захидлуудыг АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, Кембрижийн гүнгийн авхай Кэйт Миддлтон, Германы Канцлер Ангела Меркель, Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес зэрэг дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдэд илгээж, барьцаалагдсан охидыг аврахыг уриалсан юм. Дашрамд дурдахад, Малала охин өөрөө хохирогч болж байсан нэгэн. Тэрээр охидыг сургуульд сургахыг эсэргүүцдэг талибан дэглэмийг шүүмжилж бичсэнээрээ 2012 онд толгойн тус газраа буудуулж хүнд гэмтсэн билээ. Азаар амьд үлдсэн тэрбээр лалын шашинтай орнуудын охид бүсгүйчүүдэд урам зориг өгч ажиллах болсон юм.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагаар удирдуулсан Холливудын одод өөрсдийн байр сууриа илэрхийлж, охидыг аврахыг дэмжин эсэргүүцлийн дуугүй жагсаал зохион байгуулсан байна. Уг жагсаалд Холливудын А зэрэглэлийн уран бүтээлчид ч нэгдсэн аж. Тэд “Охид бол хүчирхийллийн золиос биш. Тэд эд бараа биш” гэсэн бичигтэй лоозон гартаа барьцгаасан байсан бөгөөд олон нийтийн сүлжээ болох “Твиттер”, “Фэйсбүүк”, “Инстаграм”-д тэдний зургийг байршуулж хүмүүсийг нэгдэхийг хүссэн аж. Түүнчлэн АНУ-ын экс тэргүүн хатагтай Хиллари Клинтон “Боко Харам” бүлэглэлийн удирдагч Абубакар Шекауг дэлхийн номер нэг алан хядагч гээд Нигерийн олон мянган эмэгтэйд аюул заналхийлэл учруулж байна. Тиймээс гэмт этгээдийг барихыг Нигерийн Засгийн газраас шаардсан байна. Үүнтэй адил АНУ-ын экс Ерөнхийлөгч асан Жорж Буш “Боко Харам”-ын удирдагчийг Садам Хуссейн, Осама Бин Ладен шиг увайгүй, алан хядагч хэмээгээд даруй устгах хэрэгтэй гэсэн байна.
Нигерт дахин аймшигт халдлага гарчээ
Хулгайлагдсан охидын талаарх дуулиан намжаагүй байхад дахин аймшигт хэрэг гарлаа. Энэ удаад Камеруны хилтэй залгаа орших Ганбору-Нгара хотноо өнгөрсөн пүрэв гаригт Боко Харам бүлгийнхэн халдаж, 300 гаруй хүн амь үрэгдсэн байна. Тус хотод охидыг аврахаар цэрэг арми төвлөрүүлээд байжээ. “Боко Харам” бүлэглэлийнхэн “Охид Чад нуурын ойролцоо байна” гэсэн худал мэдээ тараасан аж. Үүний дагуу Ганбору-Нгара хотод төвлөрөөд байсан цэргүүд хотыг орхин явсан хойгуур шөнө дундад халдсан байна. Тодруулбал, зэвсэгт этгээдүүд хар зах руу гар хийцийн бөмбөг шидэн дэлбэлжээ. Үүний улмаас 300 гаруй хүн амьдаараа шатжээ. Хотыг хамгаалж үлдсэн цэргүүд дайралтыг зогсоож чадаагүй байна. Цэргүүдийн зарим нь хотын иргэдийн хамт Камеруны нутаг руу нэвтэрсэн гэнэ. Уг хэргийн дараа Америкийн тал “Боко-Харам” бүлэглэлийг алан хядагчид хэмээн зарлаад толгойлогч А.Шекаугийг хөнөөсөн хүнд долоон сая ам.доллар өгөхөө амласан байна. Одоогийн байдлаар алан хядах бүлэглэлийнхэнд барьцаалагдсан охидыг аврах ажиллагаанд АНУ, Их Британи, БНХАУ, Франц зэрэг улсын туслалцааг аваад байгаа талаар Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан мэдэгджээ.
“Боко Харам” бүлэглэлийн тухай
“Боко Харам” гэдэг нь “Барууны боловсрол бол нүгэл” гэсэн утгатай үг аж. Лалын тусгаар улсыг байгуулах зорилгоор анх 2002 онд Мухаммед Юсуфын удирдлага дор ийм нэртэй бүлэглэлийг байгуулж байжээ. 2009 оноос хойш бослого хөдөлгөөн, алан хядах үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Нигерийн өмнөд нутагт амьдардаг Христийн шашинтнуудыг тосгоноор нь хядаж, шатаах зэрэг бусармаг үйлдлийг нэг бус удаа явуулж байсан гэдэг. Тэд хүрээгээ тэлж, хөрш зэргэлдээх Чад, Камерун зэрэг улсад өөрсдийн үйл ажиллагааг идэвхжүүлсээр буй. Зарим эх сурвалжид одоогоор тэдний барьцаанд байгаа охидыг эдгээр улс руу илгээсэн байж болзошгүй гэж үзэж байна. Харин тус улсуудын зүгээс уг мэдээг няцаажээ. Үүний зэрэгцээ зарим хэвлэлд “Боко Харам” бүлэглэл нь охидыг хулгайлж нууц байранд аваачин, улмаар хүчирхийлж жирэмсэн болгодог. Түүгээр ч зогсохгүй хүүхдээ төрүүлтэл жижиг өрөөнд хорьдог. Нярайлсных нь дараа хүүхдийг хар зах дээр худалддаг гэжээ. Мөн зарим нялхсын амийг хөнөөж, эд эрхтнийг нь борлуулдаг гэсэн мэдээ ч байдаг байна. “Боко Харам” бүлгийнхний гарт орж, жирэмсэн болж хохирсон гурван эмэгтэй зугтаж, цагдаад мэдэгдсэнээр тэдний бусармаг хэрэг ил болжээ. Мөн үүнтэй төстэй олон тохиолдол байхыг ч тэд үгүйсгээгүй байна.
Он гарснаас хойш “Боко Харам” бүлэглэлийнхний гарт 1800 орчим хүн амиа алджээ. НҮБ-ын Хүний эрхийн асуудлаарх дээд хорооны төлөөлөгч Р.Кольвиль мэдэгдэхдээ “Боко Харам” бүлэг нь “Аль-Кайда” бүлгийн заавраар ажилладаг гээд хууль бус бусармаг явдлаа таслан зогсоохыг анхааруулжээ. Мөн тэрээр “Бэлгийн боолчлолд оруулах нь хүн төрөлхтний эсрэг үйлдсэн хүнд гэмт хэрэг юм гээд барьцаанд байгаа охидыг даруй суллахыг уриалсан байна.
Ямартаа ч АНУ энэ хэрэг явдалд анхаарлаа хандуулж, туслахаа мэдэгдсэн нь олон хүнд итгэл найдвар төрүүлж байна. АНУ-ыг улс орнуудын дотоод хэрэгт оролцдог гэж буруутгагсад байдаг ч террорист бүлэглэлүүдийн хэрээс хэтэрсэн үйлдэл, хүний эрх, эрх чөлөөнд ноцтой халдсан үйл явдалд тэд авралын элч болдог нь нууц биш. Дэлхийн том гүрэн гэж өөрсдийгөө дөвийлгөж, АНУ-ыг буруутгадаг гүрнүүд цагаа болохоор хүний эрхийг дээдлэлгүй, газар нутгаа тэлэх оролдлого хийж босогч бүлэглэлүүдэд зэвсэг зарж ашиг олохоо л бодох нь бий. АНУ-ын зүгээс охидыг олоход туслахаа мэдэгдсэний дараагаас Нигерийн эрх баригчид тэдний талаар илүү анхаарал тавих болсон нь шүүмжлэл дагуулж байна. Түүнээс өмнө эмэгтэйчүүд, эхчүүд л охидыг хулгайлж улмаар боол болгон зарах гэж байгаагийн эсрэг чадлаараа тэмцэж харин эрх баригчид гар хумхин сууж байсан билээ.
Д.Цэрэндолгор