Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Америк шиг улсын иргэн болохыг хүсэхгүй хэн байх вэ

АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Жейм Клэппер хоригдож буй хоёр иргэнээ эх оронд нь авчрахаар Пхеньянд саяхан очлоо. Үүргээ ч амжилттай гүйцэтгэлээ. Хатуу дэглэмтэй умардаас иргэдээ аваад ирсэн тагнуулчдаа, эрх чөлөөтэй болсон иргэдээ Барак Обама тусгайлан баяр хүргэжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ч ийм шийдвэр гаргасанд элэг нэгтнүүддээ талархал илэрхийлж. Долоон сарын өмнөөс саатуулагдсан 24 настай Мэттью Миллерт Хойд Солонгосын тал хөдөлмөрийн лагерьт зургаан жил хорих ял оноогоод байсан юм. Дайсагнасан үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр. Харин 42 настай Кеннэт Бэйг төрийн эргэлт хийхээр завдсан хэрэгт буруутган хөдөлмөрийн лагерьт 15 жил хорих ял оноо­сон байдаг. Энэ жил NBA-гийн супер од Деннис Родман хойд Солонгосын удирдагчийн төр­сөн өдөрт очсон доо. Иргэд нь өлсгө­лөнд нэрвэгдсэн улсын дарангуйлагчтай нэг ширээнд сууж тансаг зоог барилаа энэ тэр гэсэн шүүмжлэл супер одын зүг хөвөрсөн. Сагсанд хорхойтой Ким удирдагчийн дуртай тоглогч зүгээр ч нэг Хойд Солонгост очоогүй, Америкийн талаарх удирдагчийн бодлыг эерэг болгоход том нөлөө үзүүлсэн гэж зарим ажиглагч үзэж байгаа юм билээ. Хоёр эр гэр бүлтэйгээ аз жаргалтайгаар уулзахад Деннис Родманы умардад очсон явдал нөлөөл­сөн байх өндөр магадлалтай. Ер нь ч тэгсэн байх.

Одоо Солонгосын хойгт эрх чөлөөгөө хасуулсан америк хүн байхгүй. Эх орондоо ирээд буй азтай хоёр иргэнээс өмнө ч Америкийн төр эрх нь хасагдсан иргэдээ суллуулахын төлөө ажиллаж, тэр бүрдээ үр дүнд хүрсээр ирсэн. Яг сарын өмнө гэхэд АНУ-ын төр бас нэг иргэнээ Хойд Солонгосоос эх оронд нь авчирч байсан юм. Америкийн иргэн Жеффри Фоул буудалласан газрынхаа ариун цэврийн өрөөнд библиэ орхиж явсан хэргээр баривчлагдаад байсан юм. Шашны үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглодог умардад бол том хэрэг. Дахин нэг түүх. Пхеньяны эрх баригчидтай дажгүй сайн харилцаатай Америкийн цөөхөн дипломатчдын нэг гэгддэг экс Ерөнхийлөгч Жимми Картер гурван жилийн өмнө умардад айлчлахдаа хууль бусаар хил нэвтэрсэн хэргээр найман жилийн ял сонсоод байсан иргэнээ суллуулж байв. Сая суллагдсан хоёрыг эрх чөлөөтэй болоход ч түүний нөлөө бий. Түүхийн хуудсыг гурван жилийн өмнөхөөс урагшлуулж сөхье. Билл Клинтон 2009 онд Хойд Солонгост айлчлахдаа 12 жилийн ял сонсоод байсан хоёр иргэнээ суллуулсан байдаг.

Америкийн төр иргэндээ яаж анхаардгийн хамгийн тод жишээ энэ. Дэлхийгээс тасар­сан, хаалттай, хатуу ертөнц гэгддэг умардад төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулахаар завдсан хэрэгт буруутгагдаж ял сонсоно гэдэг бараг л авралгүй явдал. Ийм хүнд гэмт хэрэгт буруутгагдаж хоригдсон иргэнээ ч Амери­кийн төр суллуулж чадаж байна. Төрийн тэргүүн нь хүр­тэл иргэнээ ганц гэж үл ойшоож хандалгүйгээр хоригдсон улсад нь очоод аваад ирдэг оронд иргэн нь болж амьдарна гэдэг том хувь заяа. Төр нь ингэж хандаж байхад Америкийн иргэн болохыг хүсэхгүй хэн байх вэ. Ийм улсын иргэн болж төрсөндөө бахархахаас аргагүй өчнөөн жишээ, баримтыг энэ мэтээр хөврүүлж болж байна.

Бид ч гэсэн америкчууд шиг улсынхаа иргэн болж төрсөндөө бахархаж амьдармаар байна. “Хаана ч явсан алдаж эндэхэд иргэнээ гээд ирдэг төртэй Монгол Улсад амьдарч байгаа шүү, бид” гэсэн бахархал, огшил дүүрэн амьдармаар байна. Амьдармаар байна гэж хэлдгийн учир нь Монголын төрд иргэнээ гэсэн сэтгэл алга. Наад захын нэг жишээ хэлье. Өмнөд Солонгосын Сөүл хотод манай Элчин сайдын яам ажилладаг. Элчин сайдын яаманд ажилладаг эрхмүүдийг тэнд амьдардаг иргэдийнхээ эрхийг хамгаал гэж төрөөс томилсон. Тийм ч учраас тэдний амьдарч буй орон байрных нь төлбөрөөс эхлээд цалин хөлс гээд бүх зардлыг Монголын төр даадаг юм. Нарийн яривал төр ч дааж байгаа юм биш. Ажиллаж хөдөлмөрлөж байгаа иргэн бүрийн татварт төлдөг мөнгөнөөс иргэнийхээ эрхийг хамгаалаарай гээд төрөөс тэдэнд багагүй мөнгө хуваарилдаг юм. Харьд байгаа монголчууд аргаа барахдаа л Элчин сайдын яамандаа ханддаг. Гэтэл Өмнөд Солонгост улсаа төлөөлсөн Элчин сайдын яамныхан аврал эрж хандсан иргэддээ яагаад ч юм дургүй. Чи хараар ажиллаж байгаа юм байна шүү дээ гээд хаалгаараа ч шагайлгадаггүй гэсэн гомдлыг тэнд ажиллаж, амьдарч байсан олон монголоос сонссон. Нэг хүн биш нэжгээд улс ингэж яриад байхаар үнэн байж таарна. Иргэн нь хэрэгтэн болоод шоронд суучихсан байхад төрийн түвшинд яриа хэлэлцээ хийж байгаад суллуулдаг Америктай жиших юм биш. Ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, хараар ажиллаж байгаа л гэсэн шалтгаантай энгийн иргэдээ аврал эрээд очиход ингэж хандана гэдэг гомдмоор хэрэг. Монгол Улсын иргэн болж төрсөндөө гутарч, гунимаар агшин гэхээс өөр юу гэхэв.

Монголын төр иргэндээ ингэж л сэтгэлгүй хандаж байна даа.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *