Categories
мэдээ нийгэм

Алтны төлөөх ЗЭРЛЭГШИЛ

Өнөөгийн нийгэмд монголчууд янз бүрийн аргаар амьдарч байгаа билээ. Үүний нэг нь гар аргаар алт олборлож амьдралаа авч яваа нинжа нар юм. Өнгөрсөн хавар Төв аймгийн Сүмбэр сум буюу бидний мэдэхээр Октъябрийн сангийн аж ахуйн төвөөс баруун тийш 10-аадхан км-ын цаана Алтан тогос хэмээх уулын өвөрт алт гарч “бурзайлгажээ”. Уг уулын бэлд амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэлтэй бидний адил ард иргэд газрын гүнд тарвага, зурамны амьдралаар амьдарч байна. Октъябрт алт гарч хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөн хүрч ирцгээсэн байна лээ. Өнгөрсөн хавар алт гарснаас хойш иргэд замбараагүй байдлаар газар шороотой харьцаж эхэлжээ. Түүнээс улбаалан нэг хүн амь насаа алдсанаас болж хамгаалалт гаргаж байгаад саяхнаас дахин нээсэн байна. Хамгаалалтад жирийн нэгэн хамгаалалтын алба бус улсын харцага Ө.Даваабаатар тэргүүтэй аймгийн цолтой бөхчүүдийн “булиа” хамгаалалт гарч нинжа нартай үзэлцжээ. Нинжа нар “улсын цолтой тэр сайхан бөх хүн хүүхэн шиг шалчиганаж, эмэгтэй хүнийг цохино гэж мод барин далайсанд гомдоод байх юм” гэцгээж байлаа. Түүнчлэн хамгаалалтад гарсан аймгийн цолтой бөхчүүд нь иргэдийг гар аргаар алт олборлоно гэхэд эсэргүүцсэн хэрнээ өөрсдөө хүмүүсээр алт ухуулж машин машинаар алтны шороо ачиж хот руу явсан тухай баримттай бичлэгийг гар утсаараа хийгээд амжсанаа тал бүрээс үзүүлэв. Улсын харцагын арга нь барагдсан уу буу шийдэмдээ тулах тухай хүртэл ярьсан хэмээн нинжа нар хэлцгээж байсан юм. “Бөхчүүд үргэлж хүнээс юм авдаг хэрнээ ганц удаа ард түмэндээ гар тэнийхэд яах вэ дээ” хэмээн халаглах аж. 

Сүмбэр сумын нутагт алт гарсан тэр газарт ОХУ-ын компани хайгуул хийх лиценз аваад нэлээд хэдэн жилийг үдэж байгаа тухай тэд ярьцгааж байсан юм. Тэртээ тэргүй гадны компани авчихаад байхад ажилгүй, ядарсан иргэддээ жоохон алтны шороо өгөхөд яагаад гар нь татганаад байдаг юм бэ хэмээн эгдүүцэх хүмүүс олон. 

Алт гарч буй газар түм түчигнэж байна гэхийг дуулаад их л том газар хүмүүс оволзож байгаа юм болов уу гэтэл үгүй ажээ. Уулынхаа наран талд нэг айлын газрын хэмжээний тийм жижигхэн газар 2000 гаруй хүн ажилч шоргоолж шиг бужигнан цагаан шуудай үүрээд зөрцгөөнө. Жижигхэн сумын наадмаас илүүтэй хөл хөдөлгөөнтэй энэ газар нүдэн баримжаагаар 500 орчим том, жижиг суудлын ачааны машин эмх замбараагүй зогсож байв. Мэдээж энэ зэлүүд газар тэднийг машинаа эгнээнд байрлуулахыг шаардаад явах хүн нэгээхэн ч үгүй. Ганц энэ газар гэлтгүй гар аргаар алт олборлодог бүхий л нутаг дэвсгэрт ийм дүр зураг харагддаг. Өдрийн халуун наранд шанаагаа даган урсах хөлсөө хиртэй гараараа шуудраад явах хүмүүс дийлэнх нь байх. Тэр жижиг газар хоёр алхаад л 10 гаруй метрийн гүнтэй алтны нүх амаа ангайх арслан мэт харагдана. Доошоо тонгойход тэр доор юу байгаа нь огт харагдахгүй. Хүн байгаа үед гар чийдэнгийн гэрэл анивчуулан дээр байгаа хүмүүстээ мэдээ өгнө. Монголын бүхий л нинжа нар тэнд иржээ. Өвөрхангай, Увс, Дархан, Зүүнхараа, Баруунхараа, Заамар, Шарын гол, Улаанбаатараас хүмүүс ирцгээсэн байна. Нинжа нартай ярилцаж байхад хэн нь ч ингээд газар доогуур өт хорхой мэт явахыг хүсдэггүй гэдгээ хэлцгээсэн билээ. 

Нинжа нар хэрхэн яаж амьдралын төлөө тэмцэж байгааг сонирхохоор би өөрөө нинжа болсон юм. Эндхийн хамгийн эхний дүрэм “Хэнд ч бүү итгэ”. Энэ нь өөрөөс нь бусдад хамаатай. Тэнд эрхий хуруундаа л итгэдэг бололтой. Нинжа нар “Амь амиа бодоорой” гэдэг бичигдээгүй хуультай гэдгийг тэнд очсон хэн ч хараад л мэднэ. Алтны нүх рүү уначихвий хэмээн болгоомжлон явж байтал сүр сар хийгээд нэвсийсэн том цамц ороод ирлээ. Цочсондоо золтой л арын нүх рүү уначихсангүй. Гэтэл нэвсийсэн том цамцан дотроос “туслаарай” хэмээн орилох хүний дуу хадав. Эхэндээ хаанаас тусламж хүссэн юм бол хэмээн гайхаж байтал “Энэ согтуу л байж таараа. Усан толгой” хэмээн үглэх хоёр бүсгүй зөрөв. Эргээд хартал нэг метр 40 см-ын урттай алтны нүх рүү нэг хүн унасан байсныг мэдээд тонгойтол аз болж тэрээр нүхний хавчиг хэсэг дээр хоёр тохой, хөлөөрөө тэгнэн байна. Хариугүй унах гэж байгаа нь илт. Цаана шороо ховоодож байсан хүний олсыг унжуулж түүнийг унахаас аварсан юм. Тэрбээр нүхнээс гарч ирээд баярлаж талархсанаа илэрхийлэн “Баруунхараагаас ирсэн Сээк” гэдэг хэмээн өөрийгөө танилцууллаа. “Чи байгаагүй бол балрах нь байна шүү. Чи анх удаа алтанд явж байна уу” гэхэд нь “Тийм” гэхэд “Мэдсэн юм аа. Хуучин нинжа нар чам шиг гүйхгүй л дээ. Энд амь амиа бодоорой гэдэг хууль үйлчилдэг. Дэргэд нь хүн үхэж байсан ч тоохгүй. Шүдэнзний толгойн чинээ шаргал алтны төлөө хүн хүнээ байдаг юм” гээд гараа сарвайтал хоёр шууг нь даган ухаа хүрэн цус алгыг нь норгон урслаа. “Одоо яанаа” гэхэд “Зүгээр ш дээ. Яавал гэж. Унаж үхээгүй нь чиний гавьяа” гээд урсах цусаа гараараа шудраад шороонд арчаад босохдоо “Алтны төлөө хүн зэрлэгшиж байгааг чи орой харах болно” гээд дахин баярласнаа илэрхийлэн цааш одлоо. 

Эмэгтэй нинжа нарын зарим нь нярай хүүхдээ нуруундаа үүрээд алтны нүх рүү орохдоо хүүхдээ нөхөртөө үлдээхийг хараад өр зүрх рүү ёг хийтэл хатгаад авах шиг. Энд харамсмаар, халагламаар, өрөвдмөөр, өшиглөөд авмаар хүмүүс олон таарах юм. 82-той төрсөн ээжийгээ алтны шороондоо хүрсэн хүмүүсээс жаахан шороо гуйгаад ир гэх арчаагүй нэгэн ч байх. Гэхдээ Октъябрийн алтан дээр амьдрал ахуйгаа яая даа гэсэн хэцүүхэн хүмүүсээс гадна том том жийп хөлөглөсөн хүзүүндээ том алтан гинж зүүсэн хүмүүс ч нүхний аман дээр ирээд ганц “бондгор” ахдаа өгчих гэх нь бий. Нэг бондгор гэдэг нь шуудайны тал хэмжээний алтны чулууг ийн нэрийднэ. Бондгорын төлөө хүмүүс өдөржин бондгононо. Зарим сэргэлэн нөхдүүд нь хуруугаа ч хөдөлгөлгүйгээр шуудай шуудайгаар чулуу овоолж байхад бүтэн долоо хоног газар ухаад алтны судалдаа хүрч чадалгүй шантран архи уух хүмүүс ч байлаа. Алт нь газрын гүнд цагаан голдуу чулуун дээр судалтан байдаг бөгөөд үүнийг хүмүүс алтны судал гэнэ. Алтны судал нарийсах тусмаа бурзайдаг хэмээн ярьцгаах. Тэр судалдаа хүрэхийн тулд тэвчээр алдам бэрхшээлтэй бүхнийг туулна. Алт ямар ч хүнийг эвддэг гэдгийг ах дүүс, анд нөхөд өөрсдийн бодит жишээн дээр үзүүлнэ. Нэг бондгорын төлөө нэлээдгүй хүмүүс талцан нударга зөрүүлнэ. Тэр нударган зодоонд ялалт байгуулсан нэг нь эд хавыг гайхуулах мэт хамраа өргөн маадгар алхана. 

Октъябрийн алтан дээр гэр зочид буудал, гуанз, хүнсний дэлгүүр, комиссын бараа, барааны дэлгүүр гээд байхгүй зүйлгүй. Эдгээр нь бүгд тэнгэрт тулсан үнэтэй. Хуушуур 1500, цэвэр ус 1500, жижиг ундаа 4000 төгрөг байх жишээтэй. Нинжа нар алт ухаж олон бондгороос бурзайх л ганц сонирхол байхаас биш наашаа гэх нэгээхэн зүйлд ч санаа зовохгүй аж. Үгүй ядаж хог тарихгүй байх тал дээр даанч нэг хэцүү юм билээ. Алтны нинжа нар үнэндээ бол хогон дунд амьдардаг гэхэд хилсдэхгүй. “Жаахан сэтгэл гаргахад л болчих гээд байгаа юм” гээд улаан нүүр рүү уусан ундааныхаа савыг шидлэх нь холгүй давуулан хаях лут инээмсэглэлтэй залуу өөрөө сэтгэлгүйгээ харуулсан юм. Зарим нинжа нар гэр бүлээрээ амралтанд ирсэн аятай тохь тухыг бүрдүүлэн, заваараа алтны нүх рүү шургалан орж байхад нэг нүхнээс нэг нүх хүртэл оготно шиг хэсүүчлэн явж алт цуглуулдаг нэг нь ч бий. 

Эл газрын алтны сорьц тааруу тул хямд үнээр авдаг гэнэ. Гэсэн ч газрын гарц сайн байгаа тул хүн бүр л түүнд тэмүүлнэ. Нинжа нарын айдаг ганц зүйл нь хөөлөг ирээд хөөчих вий гэхээс үнэн голоосоо айдаг. 

Алтны судал олдож нинжа нар ирэх болсон түүхийг сөхвөл Сүмбэр сумын нутаг дахь Алтантогос уулын одоо алт олборлож байгаагаас дээхнэ талд хэдэн жилийн өмнө нинжа нар алт байгаа гэдгийг мэдэн ирж энд тэнд өм цөм ухаад амжилт олоогүй гэсэн. Харин өнгөрөгч хавар нэг нинжа газар ухагч ковштой ирж газар ухан алттай гэдгийг баталснаар нинжа нарын хөл тасраагүй юм билээ. 

Монголчууд бид хэзээнээс уул овоогоо тахин шүтэж ирсэн ч алтны төлөө хоёр жижиг толгойн овооны доохно талд газрын хөрсийг сэндийчсэн байсан нь сэтгэл өвтгөнө. Сүүлийн үед нинжа нар газар усны нэр судалж алт хайдаг болсон тухай учир мэдэх хүмүүс хэлсэн юм. Эрт цагаасаа манай монголчууд уул усны нэрийг өгөхдөө тухайн газар нутгийн байгалийн баялгийг мэддэг тул оноон нэрийдсэн байдаг. Алтны нинжа нар эрт дээр үеэс нэрэнд нь алт гэдэг үг орсон уул усыг хайж эхэлсэн байна. Алт гэдэг үг орсон газар бүр яг алттай байдаг нь нинжа нарын хувьд батлагдаагүй ч хамгийн баталгаатай ганц зүйл гэх. Октъябрийн алтан дээр ойр орчмын аймаг, сумдын нинжа нар ирсэн байлаа. Нинжа нарын бүрэлдэхүүнд нэр бүхий сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтан, нийгмийн даатгалын газрын ажилтан, эмнэлгийн жолооч, эдийн засагч, томоохон компанийн захирлууд, шоронгоос гарсан хүмүүс, төмөр зам дагуух газрын ажилтнууд цугласан байв. Мөн нэр бүхий банкны ажилтнууд бүгдээрээ ирцгээсэн байхыг хараад хэн ч хэнээсээ ичих хэрэггүй гэдгийг батлаад өгч байгаа юм. Хэнд ч алт хэрэгтэй. Хэн ч түүнийгээ борлуулж хэдэн төгрөг болгох сонирхол байгаа нь гарцаагүй. Оюутан нинжа нар эхэндээ таньдаг хүмүүстэйгээ таарчих вий гэж нуугдаж явж байсан ч банкны ажилтнууд бөөнөөрөө явааг хараад сэтгэл нь тайвширсан гэдгээ хэлсэн билээ. Сум сумдаас ирсэн хүмүүс эхэндээ маш эвтэй байж байгаад сүүлд нь хэн хэнийгээ үзэхээ байдаг нь сонин. Алтны чулуундаа хүрэхэд нэлээд дөхсөн хүмүүсийн нүхийг хүний олноор далайлгах гэсэн хүмүүс гарч ирэх үед нутгийн залуус нь нэгдэж аваад хөөж явуулна. Алт гарахаас өмнө бүгд нэг хүн мэт байдаг ч алтны чулууны бараа харангуутаа хүн чанараа хөсөр гээж хэдхэн хормын өмнө эвий чухам гэж байсан хүмүүс тангараг тасрахдаа тулна. Би, чи, том, жижигтээ тулна. Сүүлдээ “чи муу баяжаарай за, харна аа чамайг” гэх хараал ерөөлийн завсар дахь үгээр хэрүүл түр зогсоно.  

АМЬСГАА МИНЬ НИНЖА БОЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ НИНЖА ШИГ БАЙ

Цахилгаан моторын чихэнд чийртэй дуу, хүмүүсийн хараал цухлын үгс, тачигнатал инээх инээд нарийн шар тоостой тэнгэрт хөөрөх гэснээ газар унах мэт тэр хэсэгхэн газарт чимээ тасарна гэж огтоос үгүй. Тийм ч байхын аргагүй. Очсон газрынхаа орчин тойрныг нүдээрээ дахин нэгжиж суутал “Амьсгаа минь нүхний амнаас зайл” гэх дуу чихэн дээр тасхийтэл дуулдав. Эргээд хартал “Чи нинжа юм уу” гэхээр нь “Тийм” гэтэл “Харагдаагүй нүүрний арьс байна. Чам шиг ганган нинжа байдаггүй юм. Нинжа болох гэж байгаа юм бол нинжа шиг бай” гээд амнаасаа чихээ хүртэл ямар нэгэн зүйлд зүсүүлсэн сорвитой залуу хэллээ. 

Алтан дээр дуугүй байгаа хүн хэн ч биш. Дуугүй байсныхаа шанд бондгор ч үгүй үлдэнэ. Махлаг байрын эгч нэг бондгор газраар чирээд явж байна. Чулуун дээгүүр чирсээр байгаад өнөө бондгор нь ч шуудайны цоорхойгоор урсаж байсан юм. Өнөө эгчийн чулууг үүрээд хүүгийнх нь мотоцикл руу хүргэж өглөө. Хүү нь нүхэн дотроос нэг бондгор гаргаж өгөөд өөрөө буцаад орсон нь энэ аж. Ганц бондгор зөөж өгөхөд л өмссөн хувцас шороо шигж ерөнхийдөө нинжа нараас дутахааргүй болж эхэлж байгаа юм. Нинжа нарт хамгаалалтын хэрэгсэл гэж огт байдаггүй. 10 гаруй метрийн гүн рүү молдокоо бариад орно. Гайгүй алтны чулуутай газраа булаацалдан бие биенээ алах дөхнө. Тэнд очоод олон жил уулзаагүй нутгийн ах нар, хамаатнууд, 10 жилийн нэг ангийнхантайгаа таарав. Ер нь бол уулзаагүй хүмүүстэйгээ уулзах газар ч гэж хэлж болохоор аж. 

Алтны нүхэнд гар барин мэндийн үг солилцов. Алтандаа хүрсэн нүхнүүд бүгд газар доогуур судлаа дагаж явсаар байгаад нийлчихсэн. Халган халган нүх рүү ортол харин ч сэрүүхэн аж. 

Цаашаа мөлхсөөр арай гэж багтах нүхээр гулсан дахин гурван метр гаруй доошоо орлоо. Амьсгал давчдаад ирлээ. Тэнд хичнээн ч хүн байгаа юм бүү мэд. Алт сайн гарч байгаа судал дээрээ маргалдаж байна. Бие биенээ байж болох бүхий л хараалаар харааж байх юм. “Чи нинжа юм бол нинжа шиг байгаарай. Наад жаахан юм аа хувааж авч чадахгүй бол нэвт сүлбэнэ шүү” гэж сүрдүүлнэ. Харин нөгөөх нь айж байгаа ч юм алга. Хорь орчим минут болоод нүхэнд удаан байж сураагүй мань мэт нь бушуухан гарахын түүс. Агаар тун бага газар тэд байгаад сурчихаж. Тамхи татдаг хүмүүс нь тамхиа татах гэж шүдэнзээ хавирсаар байгаад арай гэж асаах юм билээ. 

Агаар муутайгийн нэг тод жишээ нь толгой өвдөх. Нүхнээс татуулж гараад халуунд ч гэсэн дээрээ сууж байх нь жаргал юм. Гэхдээ нүх рүү орж чулуу нүдээгүй хүмүүстээ бусад нь тийм ч таатай хандахгүй. Учир нь нүхэн дээрээс чулуу татаж гаргаснаас газрын гүнд молдок бариад хөлсөө цувтал чулуу балбах амаргүй ажил. Газрын гүнд бага багаар нь чулуугаа овоолж аваад шуудайны тал болгоод дээш нь татуулахад өөрийнх нь бригадын хүн байхгүй бол өөр хүний олз болно. Хүмүүс газрын гүнд амьдарч байна. Тэндээ хуушуураа зөөлгөн, архиа уугаад нүхээ ухаж байна. Нүх рүү нэг орсон бол 4-5 цаг болж байж гарвал арай их чулуутай болчихно. 

Арай сэргэлэн нэг нь хүмүүсээр ажил хийлгээд тэндээс нь тавин хувийг нь авна. Баруунхараагийн “тэсэргээ” хочит Энхболд тэндээ нэлээд хэдэн нүх эзэмшдэг юм билээ. Өөрөө ухахгүй хэрнээ бусдаар ухуулан шороогоо гаргаж ирэхээр нь тэдэн бондгор авна гээд тэрийгээ аваад явна. Бие томтой болоод ч тэр үү хүмүүс түүн рүү халдахгүй. 

Нударга зөрүүлэхээс өмнө алтны нинжа нар ам зөрүүлнэ. Хэн илүү хэрэлдэж амаараа айлгасан нь ялалт байгуулах маягтай. Бүр болохгүй бол түмний нүдэн дээр хэн нь атаман болохоо харуулна. Атаман болсон бол нүхний босс болно л гэсэн үг. Энэ өдрийн орой улаан шороо боссон шуурганы дараа тэнгэр нүргэлсэн чимээтэй цахилгаан цахиж аадар асгав. Бороо ширүүсэх тусам хүмүүс үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг цахилгаан цахих гэрэлд харагдаж байсан юм. Зарим нэг нь нүх рүү унаж байгаа харагдав. Усан хулгана болтлоо норон машиндаа ирээд бороо намжихыг хүлээлээ. Зарим нэг хүмүүс нүхнээсээ огт холдохгүй усан борооноор ч гэсэн ажиллаж байгаа нь тэдний духан дээрээ тогтоосон гэрлээс илтэд мэдрэгдэж байсан юм. Бороо намжих үед машин руугаа уралдаж байсан хүмүүс нүх рүүгээ дахин уралдацгаав. Тэдний дунд орон солих хувцасгүй очсоны гайгаар норсон хувцсаа сольж чадаагүй тэр хүмүүстэй зэрэгцэн нүх ухах ажилд ханцуй шамлан орлоо. Өглөөний наран уулын сугаар гэгээ цацах мөч хүртэл нойтон хувцсаа хаттал ажиллацгаалаа. Тэдэнд амралтын цаг гэж байхгүй. Хэн өрсөж хөдөлсөн нь алтандаа хүрэх тул нойргүй олон хоног ажилладаг юм билээ. Ядарлаа гэж нэг нь ч хэлэхгүй юм. Монгол орны бүтээн байгуулалтад ингэж оролцдог бол гэх бодол төрнө. 

“АМЬГҮЙ ЛАЛАРУУД МИНЬ ЗАЙЛЦГАА” БУЮУ ШОРОНГИЙНХНЫ ДЭЭРЭМ

Алтны нинжа нарын хамгийн түгээмэл хэрэглэдэг үг нь “амьгүй лалар” юм билээ. Том жижиг, хөгшин залуугүй уурлахдаа ч, зүгээр хоорондоо харьцахдаа ч ингэж ярьцгаана. Зургаа долоо хоног нүх ухаад алтны судалдаа хүрээгүй хүмүүс цагдаа нарын хөөх сургаар хөдөлгөөнд орж олон хоног үйлээ үзэж ухсан нүхнийхээ үр шимийг үзэж чадалгүй өөр нүхнээс атга шороо гуйхаар гүйлдэнэ. Нар буух үед халамцуу голдуу арав гаруй хүн ирж манай ухаж буй нүхний хажуугийн алтны судал сайтай гэгдэж байсан нүхний дэргэд ирж хүмүүстэй маргалдав. Сүүлд нь халзан нөхөр толгой дээрээ ногоон алчуур тавиад алхаж явна. Нинжа нар Зүүнхараагийн шоронгийн атаман “Маам” хочит Т.Эрдэнэбаатар болохыг таньцгаав. Шоронгийн 400 хоригдлын ахлагчаар ажиллаж байсан юм байна. Түүний араас цээж нүцгэн шорттой нөхөр ирээд таарсан хүн болгонтой маргаж байсан нь “Том Болор” хочит Салхитын Болорсүх байв. Энэ мэтчилэн шоронгоор олон жил явсан нөхдүүдээр эгнээгээ бүрдүүлсэн нэг бригад ийн нэмэгдэв. 

Тэд аль сайн гарч байгаа нүх рүү шууд орно гээд өөрсдийн гарын доорх хүмүүсээ нүх рүү илгээв. Төд удалгүй нэг нүхнээс 10 гаруй залуу п…… дуудсаар гарч ирлээ. Шоронгийн атаманы хүмүүс алттай хэсэгт очиж хөөсөн хэмээн үглэцгээнэ. “Том Болор”, “Маам” нарын далбаан дор дагаж яваа нөхдүүд мөн ядарсан иргэдээ дээрэлхэх маягтай байна. Зарим нинжа нар дургүйцлээ илэрхийлэн ганц нэг алгадуулах юм билээ. Тэд шоронгоор нэлээд олон жил явсан тул хүмүүс айдаг аж. Алт гайгүй гардаг нүхэн дээр хоёр өдөр овоорч байсан хүмүүс шоронгийнхны сүр бараанаар холдож эхэллээ. Тэдний ноёрхол ингээд үргэлжлэв. Алт ихтэй нүхэн дээр энэ мэт үйл явдал үргэлжлэх бөгөөд судал багатай, судалдаа арай хүрээгүй нүхэн дээр “хурган” дээрэм явагдана. Барьсан болгоноороо “ална” хэмээн сүрдүүлэх бөгөөд нүх рүү ордог 10 гаруй настай жаалууддаа “Ингэж байхгүй бол давардаг юм амьгүй лаларууд. Хэнээс ч айж болохгүй. Сантиметрт хуульгүй байдаг юм” гэхчилэн олон муу зүйлийг зааж байсан юм. Монголын ирээдүй алтны нинжа нарын дунд ингэж л өсч байна. Амь амиа бодохын хуулиар нэг бригадын нөхдүүд нүхэнд байгаа хэсгээ хаяад шууд гэрийн зүг машинаа асаагаад хөдөлж байгаа харагдав. Хаа очиж настай, ядарсан иргэд нь бусдаасаа арай дөнгүүр юм билээ. 10 жилийн сурагч байхдаа үерхлийн зурвас атгуулж явсан бүсгүй минь нинжа болжээ. Зүгээр ч нэг нинжа биш нэлээд дээгүүр зиндааны том гарын нинжа болсон байлаа. Нэг нүхэн дээр нэг хүүхэн учиргүй орилж хашгичин уурлаж байгаа дуу хадахаар нь яваад очтол тэр байлаа. Ойр орчмоо анзаарах сөхөөгүй хэрүүл хийнэ. Нэлээд дөхөөд очтол гайхсан байртай нэг харснаа чимээгүй болон суугаад өгөв. Малгайгаа доош нь дарлаа. Амандаа маск зүүлээ. Магадгүй ичиж байгаа байх гэж бодоод мэнд мэдэх гэж байснаа больсон юм. Ер нь алтны нүх болгон нэг эмэгтэй хүнтэй бөгөөд нүхэн дээр маргаан гарах үед эмэгтэйчүүд нь хэл амаа билүүдэн хэрэлдэх л ганц үүрэгтэй. Харин эрчүүд нь нүхэнд орж алтаа ухна.  

БОНДГОРЫНХОН

Алт гарсан газар бүр “бондгорынхон” гэж хэсэг эмэгтэйчүүд бий гэнэ. Бондгорынхон гэдэг нь тал шуудай алттай шороогоор биеэ үнэлдэг хүүхнүүд аж. Манай нүхний дэргэд нэг “Ах аа чулуу өгөөч” хэмээн бүсгүй ирэв. “Чулуу алга аа. Нүхээ л ухаж байна” гэхэд хэзээ гарахыг нь асуув. “Болоогүй” гэтэл дөхүүлээд ирнэ ээ” гээд яваад өглөө. Гэтэл хажуу нүхний ах “Бондгорынхноор яах нь уу” хэмээн жоготой асуув. Тэгснээ “Эд чинь нэг бондгороор биеэ үнэлдэг хүүхнүүд байхгүй юу” гэв. Тэд хоёр цагийн нэг бондгор бөгөөд бүтэн шөнийг өнгөрүүлэхэд 50 кг-ын шуудайтай чулуугаар явдаг гэлээ. Тэднийг ажиж суутал өөр нэг нүхнээс нэг залуугаар бондгор үүрүүлэн нэг нь дагуулан одлоо. Хэсэг алга болж байгаад буцаад ирэв. Сүрхий дотно болох маягтай шүү. Өнөө хүүхэн нь нөгөө залуугийнхаа бугуйнаас тас атган инээд алдаж байна. Дахин нэг бондгорыг өнөө залуу үүрэн одлоо. Харин нүхнээс гарч ирсэн залуу нь бондгорынхны нэгтэй нэг шуудай чулуу аваад явсныг дуулаад нэлээд уурлав бололтой хэд хараагаад араас нь чулуу өшгичин явлаа. 

Дэргэд тамхи татаж суусан гурван залуу “Энэ муу дөрөв Дарханы өмнөх гурваас миа юм байна. Яасан гэж бондгороор явдаг юм” гэхчилэн өнөө бүсгүйчүүдийг толгойноос хөл хүртэл нь морь шинжиж буй аятай нэгд нэгэнгүй ярьцгааж байв. Бондгорынхон жижиг тэрэгтэй ирсэн байсан бөгөөд зарим залуустай машин дотроо учраа олж байсан юм. Харин алтны нинжа нарын дээхэн талд Дарханаас ирсэн гэр, майхан байсан бөгөөд тэнд бүх үйлчилгээ явагдана даа хэмээн нинжа нар ярьцгаана. Энэ үед нэг бүсгүй ирээд яриа хөөрөө дэлгэх үед хамт яваа найз минь “Ингэж явах сайхан байдаг юм уу. Ажил хий” гэсэнд “Үүнээс өөр ажил алга. Тийм л сүрхий юм бол ажил олоод өг л дөө чи” гээд амаа ар дээрээ гартал алгадуулав. Энэ мэтчилэн хэд хоног гэрээсээ хол яваа зарим нэг эрчүүд хөлсөө дуслуулж олсон бондгороо хөнжлийн хүүхнээр солих нь дэмий ш дээ хэмээн үглэх хүн ч байсан юм. Бондгорынхон бондгор л авч байвал хөгшин залуу гээд нас хамаагүй, харин бондгор дээрээ мурихгүй байх хэрэгтэй гэж байв. 

ЦАГДАА НАРЫН ХӨӨЛӨГ БУЮУ НҮХНИЙ ЭЗЭД НҮХЭЭ ОРХИВ

Үдийн наран хэвийсээр төд удалгүй үдшийн бүрий нөмрөв. Нинжа нар ядрахаа мэдрэхгүй ажилласаар л. Моторын чимээ улам нэмэгдэж зарим нинжа нар шантрав бололтой зардлаа хийгээд буцах тухай ярьж эхэллээ. Нөгөө хэсэг нь өглөөний долоон цагаас өмнө жаахан чулуу авчих гэж үзэлцэнэ. Учир нь өглөөний долоон цагт цагдаа нарын бүрэлдэхүүнтэй хөөлөг ирнэ гэсэн тул юу ч үгүй байгаа нөхдүүд гэнэт сэхээ авч байгаа нь энэ. Цагдаа нар ирэхээрээ бичиг баримт шалгаад, торгоод балладаг гэнэ. Хувь заяатайгаа эвлэрсэн зарим нэг нь архи уун хоорондоо цусаа гартал зодолдож байна. Нэг найзыгаа хайгаад явж байгаад тэдэн дээр очтол шидсэн чулуунд нь золтой л оногдчихсонгүй.

“Амьгүй лалар минь нааш ир дээ” хэмээн хоёр залуу босоод ирэв. Ер нь бол хөлийн хурдаараа зугтсан нь дээр гэж хэлсэн хүний үг санаанд буув. Зүгээр л зугтчихлаа. Тас харанхуй шөнө гүйж яваад жижиг нүх рүү унав. Хүмүүс тэр нүхэнд бараг дүүртэл нь хог хийсэн тул газардахдаа тийм ч сүртэй унасангүй. Харанхуй нүхэнд унасны буянаар согтуучууд намайг олсонгүй. Цагдаа нарын сургаар олон хүмүүс хөдөллөө. Шөнө дөлөөр цагдаагийн маяак асаасан хар хаммер жийп ирэв. Алтантогос уулын оройд шахуу ирж зогсчээ. Олон хоног яваад юу ч олж чадаагүй хүмүүс уйлах нь холгүй зогсоно. Баруунхараагаас ирсэн хэсэг залуус өөр нүх рүү дээрэмдэн орохын тулд хэлгүй нэг нөхөртөө хутга бариулжээ. Хэлгүй залуу бодож санах зүйлгүй хатгачихдаг тухай нутгийнх нь залуус хэлж байв. Өглөө хөөлгийнхөн ирэх сургаар бондгорынхон ч сандралдаж эхэллээ. Бондгорын хагасаар явна гээд шууд л чирэх янзтай шүү. Хоёр найзын хамт гурав дахь хоног дээрээ хоёр тавын шуудай чулуутай боллоо. Бидний хувьд олзны бага нь амттай гээд нутаг буцах болов. Харин жинхэнэ нинжа нар явах янз алга. “Хөөлөг ирж л байг. Үхсэн алалцаад гарах хэрэгтэй” хэмээн сархад хүртэнгээ дэргэдэх хүмүүсээ хөөргөнө. Төд удалгүй нинжа нар “Цагдаа нар Баруунхараагаар  салаад ирж байна” гэх мөчид нэлээдгүй хүмүүс нүхээ орхив. Үнэндээ алтны тэр олон нүхнээс хоёр гурваас нь л алт гайгүй гарч байсан юм. Тэр нүхнүүд дээр хүмүүс тэдний ярьдгаар “алалцаж” цус нөжөө гоожуулан нүх рүү орохоор зүтгэнэ.

Ер нь бол нүхэнд орчихсон байхад аргаа олно гэж ярих юм билээ. Бидний хувьд хоёр шуудай чулуугаа машиндаа ачиж аваад хөдөллөө. Тэр чулуунуудаа тээрэмдүүлнэ гэдэг том ажил ард үлдсэн тухай найз маань хэлэв.

БУХ ОЛСОН ХҮН АЛТНЫ КАРЬЕРАА ДУУСГАДАГ

 Насаараа алтанд явсан хүмүүсээс баяжсан нь тун ховор байдаг аж. Тэдний хувьд алт гайгүй гарсан газраас нэг бурзайгаад дараагийн алт гартал хорвоогийн бор хоногийг өнгөрүүлдэг гэсэн. Нинжа нараас нэг дор том бух олсон хүн дахин алтанд явдаггүй аж. Хэдэн жилийн өмнө Завханаас нэг нинжа гэр бүлийн хамт алтанд явсан юм байна. Нөхөр нь нэг өдөр 25 сая төгрөгийн бух олоод эхнэртээ үзүүлжээ. Эхнэр нь дахиад нэг нүх рүү орчих жаахан чулуу аваад гараад ир гэсэн байгаа юм. Нинжа залуу болохоор том бух олсон хүн дахин нүхэнд орвол шороонд даруулдаг гэдэг бичигдээгүй үнэнд итгэж явсан болохоор өдрийн хагас орохгүй гэж зөрүүдэлжээ. Эхнэр нь чи ганцхан удаа л орчихооч дээ гэж шалсаар байгаад нүх рүү оруулсан гэнэ. Нөхөр нь нүх рүү шурган ормогц нүх нурж өнөөх залуу амиа алджээ. Эхнэр нь уйлан хайлан “Хэрэггүй орууллаа. Зүгээр л явдаг байж” хэмээн 25 сая төгрөгөө нөхрийнхөө шарилтай ачаад Завхан руу буцсан гунигт явдал болж байжээ. Нинжа нар “Алт хүний шуналыг хөдөлгөдөг. Хүн шуналаа захирч явах ёстой. Алт ямар ч хүнийг араатан болгож чаддаг. Том бух олсон хүний алтны карьер шууд дуусдаг. Эсвэл амиа алддаг” гэсэн юм. Мөн байгаль өгснөө буцааж авдаг болохоор алттай хүн шиг харьцах ёстой гэцгээх юм билээ. Алт дагаж амьдрал ахуйгаа залгуулж яваа хүмүүсийн дийлэнх нь амь сорьсон зүйл хийдэг. Ямар ч бэхэлгээ байхгүй нүхэнд үхэлтэй өрсөлдөн алтны чулуу цохидог. Тэдний хувьд “Энэ төр биднийг ингэж явуулж байна. Төр нь иргэнээ хардаг байсан бол юу гэж ингэж явах вэ. Зарим гэр бүлүүд удам дамжсан нинжа нар болсон” хэмээн ярьж байсан юм.

Нинжа нарын ордог нүх нурахгүй гэх ямар ч баталгаа байхгүй. Зарим хүн муутай нөхдүүд нь нүхнийх нь багана чулуунд алт байгааг харчихаад амиа бодон баганыг нь цохиод авчихдаг аж. Иймэрхүү хүн чанаргүй хүмүүсээс болж олон ч хүн шороон доор мөнх нойрссон тухай тэд ярьцгаасан юм. Олон зүйл шалгааж асуугаад байсанд нэг егзөр өвгөн “Чи нинжа биш сэтгүүлч юм биш үү. Нэг л харсан хүүхэд байх юм. Бичих гэж байгаа бол бичсэн шиг бичээрэй” гэлээ. Хэрэв сэтгүүлч гэдгээ мэдэгдвэл үргэлж эргэж харж байхгүй бол ер нь хэцүү ш дээ хэмээн анхааруулсан юм. Нинжа нар хамгийн сүүлд хэзээ сонин уншиж, зурагт үзсэнээ санахгүй байна гэлээ. Нэг өвгөн “Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ямар хүмүүс ажиллаж байгаа вэ. Яагаад биднийгээ харахгүй байна вэ” хэмээн үнэн голоосоо хэлж байлаа. “Элбэгээ ерөнхийлөгч Энхбаяраас тамгаа авсныг санаж байна. Сүүлийн үед улс төрд юу болж байна. Хот хүрээ хэр тэлж байна” гэхчилэн түмэн асуултаар булж байсан юм. Энэ өвгөнөөс гадна хичнээн хүн ийм байдалтай байгаа бол гэж бодохын зуур харамсах сэтгэл төрнө. Алтны нүхнээс нүх дамжин явсаар ингэж зэрлэгшиж байгаа хүмүүс ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг бол.

ЧУЛУУГАА ТЭЭРЭМДҮҮЛЭХИЙН ТУЛД АРЫН ХААЛГА ХЭРЭГТЭЙ

Чулуугаа аваад Зүүнхараагийн тээрэм рүү өглөө эртлэн очлоо. Хүмүүс оволзож шороонд дарагдсан машинууд гурав хонож байна гэлээ. Тээрмийн очерийг асуутал “Наймдугаар сарын 22 хүртэл дугаар өгчихсөн. Одоо ямар ч арга алга” гэв. “Манай цаана дахиад нэг тээрэм байгаа оч” гэхээр нь тийш зүглэв. Эхний тээрмийг бодоход дугаар алга. 24 дээр нэрээ бичүүллээ. Ямартай ч 4-5 хоногийн дараа орох байх гээд ярьж байтал аз болж гурав дахь хүн “Маргааш ирж бичүүлье. Дахин нэг ачаа маргааш ирнэ” гэлээ. Тэр хүн хоёр тэвш чулуутай аж. Тээрэмд нэг удаа ороход зургаан цаг орчим болж байв. Өдөртөө орчих байх хэмээн найдаж байтал эхний хүний гурван шуудай чулууг тээрэмд оруулж дуусахад үүр цайж байв. Уг тээрэм шинэ байсан тул тээрэмний ул нь арзайсан юм харагдана. Хамгийн эхний хүн гурван шуудай чулуунаасаа есөн грамм алт авлаа. Тэд 500 мянган төгрөгтэй боллоо. Уг нь 2-3 сая төгрөг авна гэж бодож байсан болохоор их л сэтгэл дундуур байгаа харагдсан. Угаасан чулуугаа дахин угаахаар алт гардаг аж. Тэд есхөн грамм алт авчихаад юуг нь угаадаг юм гэж уурлан шалмаа хаяад явчихлаа. Тэдний араас ганц шуудай чулуутай Баяраа ах тээрэмд оров. Түүнтэй хамт явсан залуу эхний хүмүүсийн орхисон шалмыг угаагаад долоон грамм алт авч 400 мянган төгрөгтэй болчихлоо. Уг тээрмийн чулуу уландаа арзгар тул хамаг алт нь тэр нүхнүүд рүү орсон аж. Нэгэнт орчихсон алтыг яалтай билээ гээд ярьж зогстол нэг нь тэвнэ барьж ирээд тээрмийн тогоо руу орчихлоо. Араас нь яваад очтол тэвнээр нэг нэгээр нь авна гэж байна. Тоглож байгаа байлгүй гэтэл тээрэм дотроо хэвтчихсэн ухаж эхэллээ. Үнэхээр бух буюу том том алт нь доороо үлдчихсэн байсан юм. Алт гарч ирсэнд урамшсан уу яасан нүхнээс бүр гарах шинж алга. “Арынхаа хүмүүсийг бодооч ээ” гэж хэлснийхээ төлөө загнуулаад авлаа. “Үйлээ үзэж олсон алтаа зүгээр нэг тээрэмд ингэж дээрэмдүүлэхгүй шүү” хэмээн шүд зуув.

Тээрэмний Туяа гэх бүсгүйд хандан есөн грамм алт авсан залуус “Танай тээрэм ямар муухай хулгайч юм бэ” гээд уурссан үгс чулуудав. Ямар ч хүн жаахан чулуугаа аятайхан тээрэмдүүлээд авахыг бодох нь гарцаагүй. Тэдний хувьд зургаан цаг тээрэмнийхээ чулууг долоохоос наагуур юм болов. Нэг нөхөр ирээд “Сайн долоо. Хамаг алт чинь наад нүхнүүдэд чинь байгаа. Хоосон хоцорвол та нарын хохь болно. Та нар гэртээ шалаа, аягаа ч ингэж угаадаггүй биз” гээд буцаад явлаа. Ашгүй нэг тэд тээрэмнээс гараад иртэл уг тээрмийг ажиллуулдаг хүний дүү ирээд бидний өмнүүр долоон шуудай чулуу оруулав.

Бүтэн өдөржин хүлээсэн болохоор хэл ам хийтэл “Хуцаад бай. Иймээ тиймээ юм яриад байгаарай” гээд бараг л та нарыг тээрэмд оруулахгүй байж чадна ухааны юм хэлдэг байгаа. Уг нь орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор төслөөр барьсан аж. Гэтэл уг тээрэм танил тал, арын хаалгаар хэд хоног хүлээсэн хүмүүсийн өмнүүр хүн оруулж үйлчилдэг юм билээ. Тэднийг хүлээх бас нэг ажил гарлаа. Өдөр өнгөрч  оройн хэрд хоёр шуудай чулуугаа оруулав. Чулуугаа тээрэмдүүлсний дараа хүн гуйж алтаа угаалгалаа. 20 грамм алт гарч нэг сая төгрөг болов. Гурвуулаа өнөө мөнгөө хувааж аваад гэр гэрийн зүг явцгаасан юм. Гурав хоногийн дотор сая төгрөгийн ажил хийсэн нь энэ билээ.

БҮТЭН ГАЗРААС АЛТ УХМААР БАЙНА БУЮУ ТӨГСГӨЛИЙН ХЭСЭГ

Гар аргаар алт олборлогчдын тухай хууль батлагдсанд нинжа нар таатай хандаж байсан бөгөөд заавал уурхайн ухсан нүхэн дээр орох нь тийм ч таатай санагдахгүй байгааг хэлсэн юм. Тэдний хувьд шинэ газар сэндийчих нь сайхан байдаг гэнэ. За тэгээд цөөхүүлээ байвал бүр янзтай юм байх. Алтны төлөөх зэрлэгшил, нийгмээс тасарсан хүн сүрэг алт гарч байгаа газар өсөн өндийж байна. Долоо хоног нүх ухаж хумсны толион чинээ цаашлаад өндөгний чинээ алт олоод тэнгэрийн умдаг атгасан мэт баярлах. Насны хоолоо олсон мэт нуруу тэнийн маадгар алхах. Алтаа тушаачихаад явж байхдаа Октъябрийн алтан дээр явсан залуусаас “Цагдаа нар ирэв үү” гэхэд “Ирсэн. Хөөгдөөд ирчихээд л байж байна. Удахгүй өөр хамгаалалт ирэх байх. Даваабаатар тэнэг л битгий ирээсэй” гэж байсан юм. Үнэндээ Октъябрийн алтан дээр хувиараа бизнес эрхлэгчид, төрийн албан хаагч, банкныхнаас гадна мянгат малчин хүртэл нүх ухаад явж байгааг хараад алт хүчтэй юм гэдэг нь батлагдах мэт. Алтанд явна гэдэг нь зүгээр очиж газар дээрээс чулуу шуудайлаад алт авахын нэр огтоос биш. Ямархан тэмцэл, даваа нугачаа, цаг хугацаа, хүч хөдөлмөр зарж санасандаа хүрдэг зарим нь санасандаа ч хүрч чадахгүй байгааг хараад нуруу бөгтийх шиг санагдав. Анх ирсэн өдөр уулзсан хүүдээ загнуулж байсан 82 настай эмээ “Төрийн түшээд ирж хараач. Нүдээ нээгээч” гэсэн нулимстай үгээр энэ тэмдэглэлээ өндөрлөсү.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *