Монголын зохиолчдын байгууллага үүсэн байгуулагдсаны 89 жилийн баяр өнөөдөр тохиож байна. Монголын зохиолчдын эвлэлийн 89 жилийн ойн өдрөөр утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2017” наадам Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд боллоо. Тус наадамд нийт 100 гаруй уран бүтээлч зохиол, бүтээлээрээ оролцож, найман төрөлд шилдгүүдээ тодруулсан юм.
2001 оноос эхтэй уг наадамд яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон болон богино хэмжээний бүтээл, хүүхдийн зохиол, орчуулга, шүүмж судлал, жүжиг, кино зохиол, шог хошин болон баримтат зохиол гэсэн төрөлд шалгаруулав. 2017 оны “Алтан-Өд” наадамд Яруу найргийн төрөлд “Ес дэх зүүдний аниргүй эрвээхэй” шүлгээр М.Амархүү, Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний төрөлд “Аугаа эрин” зохиолоор Б.Номинчимэд, Хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд “Цэцүүхэй” зохиолоор Ц.Ганболд, Хүүхдийн зохиолын төрөлд “Аз жаргалтай үлгэрүүд” хүүхдийн зохиолоор Ц.Энхтүвшин, Утга зохиолын орчуулгын төрөлд “Пигийн амьдрал” орчуулгаар Б.Сувддулам, Жүжиг, киноны зохиолын төрөлд Д.Жамъяны кино зохиолууд, Утга зохиолын судлал, шүүмжийн төрөлд О.Содномпил тэргүүтэй Уран зохиолын судлал шинжлэлийн редакци, Шог хошин болон баримтат уран зохиолын төрөлд “Цаг цагийн цагаан дурсамж” бүтээлээрээ З.Ядмаа нарын уран бүтээлчид тус тус шалгарлаа. Мөн МЗЭ-ийн 2017 оны шагналыг Н.Гантулга, Г.Дамба, Б.Зархум, Н.Минжинсайхан, Ц.Ням-Осор, Н.Пүрэвдагва, Л.Самбуу, Т.Сэнгэдорж, Д.Дашмөнх нарт хүртээлээ.