Categories
мэдээ нийгэм

Алтан-Овооны тахилга долдугаар сард болно

Төрийн тахилгат Алтан-Овооны их тахилга энэ оны 7 дугаар сарын 27-29-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан мэдээлэл хийв.

Тэрбээр, “Алтан-Овоог 4 жилд нэг удаа тахьдаг байсан бөгөөд 2012 онд Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлиг гарч 5 жилд нэг удаа тахих болсон юм. Энэ удаагийн тахилга YIII Богд гэгээн Живзундамба хутагтын зарлигаар Алтан-Овоог анх тахисны 105 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Одоогийн байдлаар Сүхбаатар аймаг, Дарьганга сумын ИТХ-аас томилсон ажлын хэсэг тахилгын ёслолын бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.
Зохион байгуулах комиссын зүгээс их тахилгад зориулан “Алтан-Овооны дуулал” хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 30-ны 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд болно. Тоглолтод Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” ХЖТ-ын уран бүтээлчид болон Үндэсний урлагийн их театрын бүжигчид, МУГЖ хийлч Л.Мөнхцэцэг, МУСТА дуучин О.Хүрэлбаатар, Д.Отгонбаяр, МУСТА саксофончин Г.Болдбаатар нар оролцож уран бүтээлийн дээжээ өргөн барих юм.
Далайн төвшнөөс дээш 1354 метр өндөрт орших энэхүү уул нь Сүхбаатар аймгийн төдийгүй Монголчуудын шүтээн билээ. XYII зууны үеэс нутгийн зон олон тахиж ирсэн түүхтэй. 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгосон бөгөөд оройд нь байх Алтан ганжирыг бүрэн алтаджээ. Алтан-Овоонд зөвхөн эрчүүд гарч сүслэн мөргөж, идээний дээжээ өргөн, арц хүжээр аравнайлдаг. Тахилгат ууланд эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээрээс сүү цайныхаа дээжийг сүслэн өргөдөг уламжлалтай. Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан бөгөөд гол мод буюу амь модыг сорогшин хэмээдэг аж. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавьдаг.
Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй байх бөгөөд тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *