Categories
мэдээ цаг-үе

Алтан нар хэнийг ч алагчлалгүй бүлээн илчээ ээн мандлаа

Шинэ оны эхний өдрийн нарыг харах хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж байна. Мөн Монголын тал нутагт нар хэрхэн мандаж байгааг харах гэж гадаадын жуулчид олноор ирэх болжээ. 2002 оноос өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор УБТЗ-аас шинэ оны анхны нарыг харах аяллыг зохион байгуулдаг болсон. Өнөө жил ч гэсэн Хангай өртөөн дээр 2015 оны нэгдүгээр сарын 1-ний нарыг харах аяллыг зохион байгуулсан юм. Шинэ он гараад удаагүй байхад буюу 04:00 цагийн орчимд нийслэл хотын гудамжиндхөл хөдөлгөөн оров. Хотын төвөөс зүүн тийш автомашин давхилдаж, замын цагдаа нар ч энд тэндгүй зогсож байна лээ. Шинэ оны баяр тэмдэглээд уусан архи, дарс нь гараагүй нөхдүүд явж байгаа эсэхийгцагдаа нар сайтар шалгаж байв. Харин УБТЗ-ын галт тэрэгний буудал дээр 05:00 цагт очиход хүмүүсийн хөл хөдөлгөөн хэдийнэ эхэлчихсэн байлаа. “Шинэ оны анхны нарыг харчих юм бол энэ жилдээ ажил үйлс бүтнэ шүү дээ” хэмээн хоорондоо ярилцаж галт тэрэг рүү орох хүмүүс олон байв. УБТЗ-аас өнөө жил 20 гаруй галт тэргийг энэ ёслолд зориулан гаргасан байна лээ. Бүгд дүүрэн хүнтэй, бүр суудалгүй зогсоод явж байгаа хүн ч байв.

Ингээд 06:10 цагт Улаанбаатар хотоос Хангай өртөө рүү хөдөллөө. Тэнд 07:45 цагт очно. Богд уул, Цэцээ гүн, Хонхор, Налайхын орчимдуул толгод болгоны орой дээр хүмүүс бөөн бөөнөөр зогсож байх юм. Бүгд л шинэ оны нар харахаар зогсож байгаа нь тодорхой. Галт тэрэгнээс хоцорсон найз маань араас утасдаж “Зайсан толгой дээр олон хүн ирчихсэн байна. Тэндээс нар харна” хэмээн ярьж байв. Уг нь нарыг хаанаас бол хаанаас ч харах боломжтой. Гэрийнхээ цонхоор, хашаандаа гээд л. Гэхдээ гэрээсээ хол тал газарт очиж нар харахыг хүмүүс илүүд үздэг болжээ.

Ингээд Хангай өртөөн дээр ирлээ. Хангай өртөөний ойролцоо хүмүүс олон байв. УБТЗ-аас гурван том түүдэг гал асаажээ. Галт тэрэгнээс хүмүүсийг буухаас өмнө түүдгийг асаасан бололтой, дүрэлзтэл асч байв. Талын жавар хацар чимчигнүүлэн хайрч байв.Төрөөд арав гаруй хонож байгаа хүүхдээ тэвэрсэн залуу хос ч зогсож харагдав. Тэд хүүхдэдээ шинэ оны анхны нарыг харуулахаар ирсэн байв. Мөн 80 гаруй настай аавыгаа нар харуулахаар хүүхдүүд нь авчирчээ. Япон, Солонгос, АНУ-ын олон иргэд нар харахаар ирсэн байлаа. Бүгд л талын жаварт даарсан бололтой бээвийчихсэн зогсох. Үстэй дээл, үнэгэн малгайтай, эсгий гутал, хүрэм өмссөн нь огт даарч байгаа шинж алга. Нар гарахаас өмнө түүдэг галд сүү, архи өргөх ёслолыг тэнд очсон хүн бүр л хийх юм. УБТЗ-ын дуучид “Уяхан замбуу тивийн наран” дууг дуулж, цамын бүжиг харайлгаж байтал хэн нэгэн “Хүүшээ нар мандаж байна” хэмээн хашгирав. Түүдэг гал тойрч зогссон хүмүүс ч наран ургах зүг рүү гүйлдэж гарлаа. Хэн нэгнээс түрүүлж нар харах гээд байгаа бололтой юм.

Тэртээ зүүн уул оройгоосоо улайж харагдлаа. Тэнгэр бүртийх ч үүлгүй цэв цэлмэг. Уулсын оройг улаан өнгө эмжиж, юу юугүй л нар мандах гэж байлаа. Хүмүүс хоёр гараа алдалж алгаа тэнгэр өөд харуулж байгаад л уухай хашгирах юм. Эмэгтэйчүүд сүү өргөөд л залбирч байлаа. Нар мандаж эхэллээ. Нарны цацраг тусч, улаан шаргал өнгө хөндий талаар гийлээ. Нар харахаар ирсэн хүмүүсийн ихэнх нь тасралтгүй уухай хашгирч байхад цөөн хэд нь өвдөглөж сууж байгаад нарны өөдөөс залбирах юм. Мөн хоёр алгаа хавсарч байгаад нүдээ анин, чин сэтгэлээсээхүслээ наранд шивнэх ажээ. Бүр “Нар минь биднийг ивээлдээ авч, манай гэр бүлийг эрүүл энх аз жаргалтай байлгаж хайрла” гэж хашгирах хүн ч байлаа. Хэдэн бүсгүйчүүд залбирч байгаа харагдав. Хэн нэгэн нь “Шинэ жилийн анхны наранд хүслээ шивнэх юм бол тэр хүсэл нь биелнэ” гээд хэлчихсэн бололтой. Наранд хүслээ шивнэж дуусчихаад бие биенийгээ шоолоод байх аж. “Чи нөгөө хүслээ хэлсэн биз дээ” гэхэд нөгөөх нь “Тэр хүслээ хэлэх гэж нойр хагасалж явахад чинь” гээд л “За хэдүүлээ энэжилдээ бүгд нөхөртэй болох юм байна” гээд инээлдэнэ. Тэдний ярианааснаранд “Энэ жил нөхөртэй болгож хайрла” гэж хүслээ шивнэсэн нь тодорхой байлаа. Харин хажууханд нь оюутан ангийнхан бололтой арав гаруй залуус зогсож байх юм. Залуус наранд “Биднийг насан туршид найзууд байлгаарай” гэж залбирсан гэнэ. Харин мандсан нарны өөдөөс гараа алдалж уухай хашгирч өглөөний жаварт хийморио сэргээхээр ирсэн хүмүүс ч байх ажээ. Монголын тал нутагт нар хэрхэн мандаж байгааг харахаар зорьж ирсэн Япон улсын аялагч Хисокагаас орчуулагчаар нь дамжуулж “Нар мандахыг харах ямар байна вэ” гэж сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Монголд нар мандахыг харах гэж олон жил бодож байгаад энэ жил ирсэн юм. Үнэхээр сайхан манддаг юм байна. Тув тунгалаг тэнгэрт нар мандахыг харлаа. Манай улс далайтай болохоор манан ихтэй байдаг. Тиймээс нар мандаж байгааг нарийвчилж сайн харах боломжгүй. Хүслээ биелүүлж нар мандахыг харлаа” гэв.

Цантсан өвсний толгой найгасан талд шинэ оны эхний өдрийн нар мандахыг хүмүүсингэж л хардаг юм байна.Монголын тал нутагт нэгэн шинэ өглөө айлчлан ирж байгаа нь энэ. Жирийн нэг өглөө. Үүр хаяардгаараа хаяарч, нар манддагаараа мандсан өглөө. Алтан нар хэнийг ч алагчлалгүй бүлээн илчээ ээн мандлаа. Сайн, муу, нүгэлтэй, нүгэлгүй гээд хүн бүхний дээр нармандав. Нар мандаж юм бүхэн хөдөлгөөнд орлоо. Хойд энгэрт өвөлжиж байгаа айлын гэрийн яндангаас аргалын утаа олгойдож,өвлийн жаварт даарч, Хангай өртөөний ёотон шиг дөрвөлжин цагаан байшин дээр бээвийтэл сууж байсанболжмор нар мандахтай зэрэгцэн шулганан жиргэх ажээ. Үүнтэй зэрэгцэн уулын бэлд наадам болж байна уу гэлтэй эгнэн зогссон машинууд хотын зүг хөдөлцгөөлөө.

Э.ХҮРЭЛБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *