“Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн удирдлагууд “Рио 2016” олимпийн наадамд оролцох Монголын шигшээ багийн тамирчдын өмсөх “Team Mongolia” хувцсыг олон нийтэд танилцууллаа. Тус хэвлэлийн хуралд “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн тэргүүн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, “Евро Ази” компанийн захирал Д.Пүрэв-Очир нарын хүмүүс оролцов.
“Теам Mongolia” брэнд хувцсанд Монгол улсын логог шар өнгөөр илэрхийлжээ. Манай улсаас гадна БНХАУ-ын тамирчид өөрийн улсын төрийн далбаатай адилтган шар өнгийн хувцсаар “Рио 2016”-д гоёх юм. Харин яагаад шар өнгийг сонгосон талаар ““Евро Ази” компанийн захирал Д.Пүрэв-Очир тайлбар өглөө.
“Алтан медалийг илэрхийлэх өнгө учраас шар өнгийг бид сонгосон. Ер нь бол спортын амжилт гэдэг хувь хүний зүтгэл, тухайн улс орны дэмжлэг, шинжлэх ухааны байгууллагын судалгаа зөвлөмжийн үндсэн дээр бий болдог. Бид ихэд, дээдсээс бидэнд уламжилж ирсэн үнэт логоныхоо төрхийг хадгалах нь чухал юм. Харин өнөөдөр бид алтан медалийг арваас дээш авъя гэсэн санааг тусгаж логонд шар өнгийг сонгосон юм шүү гэдгийг хэлмээр байна” гэв.
Логоноос гадна тамирчдын олимпийн ёслолд өмсөх хувцас мөн шар өнгөтэй юм байна. Энэ талаар “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн тэргүүн, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар “Бээжингийн олимпод Хятадын эмэгтэй тамирчид шар хувцсаар гоёсон. Бид үүнийг дуурайсан юм биш. Зөвхөн алтан медалийг бэлгэдэж энэ өнгийг сонгосон. Тэгэхээр аль улс ямар хувцастай байх нь хамаагүй. Бид өөрсдийн мөрөөдөл, хүслээр явна. Цаашид ч энэ зорилгынхоо дагуу өнгөө өөрсдөө сонгоно” хэмээн ярилаа.
Б.Энхмаа