Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан хальс” наадамд 33 бүтээл өрсөлдөнө

Монголд артхаус кино түгээн дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбооноос  “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадмыг зохион байгуулж байгаа билээ.

Уралдаанд оролцохоор нийт 33 бүтээл иржээ. Харин наадмын шүүгчээр Пусаны кино наадмын дээд шагналт, кино найруулагч С.Бямба, “Алтан хальс” холбоог үүсгэн байгуулагчдын нэг, кино найруулагч Ш.Ихбаяр, зураач Ё.Далх-Очир, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, “Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч А.Амармэнд нар ажиллаж буй аж.

“Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” нь гурван хэсгээс бүрдэх юм байна. Тухайлбал, “Албан ёсны толилуулт” хэсэгт олон улсын шилдэг авангард, бэсрэг кинонуудыг албан ёсны эрхтэйгээр толилуулах аж. Харин “Уралдаант” хэсэгт монгол уран бүтээлчдийн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх бол “Уралдаант бус” хэсэгт “Алтан хальс” холбооны шинэ залуу уран бүтээлчдийн бүтээлээс үзүүлэхээр төлөвлөжээ.

Шилдгээр шалгарсан нэг бүтээл “Алтан хальс Гран при” шагнал, нэг сая төгрөг хүртэх юм. Мөн “Шилдэг хүүрнэлт кино”, “Шилдэг хүүрнэлт бус кино”, “Шилдэг анимаци”, “Шүүгчдийн нэрэмжит шагнал” гэсэн төрлөөр шагналын эзэд тодрох гэнэ.