Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“АЛТАН ЧАГНУУР”-ын эзэд тодорлоо


Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, МЭМАҮЭХ хамтран “Алтан Чагнуур”-ын эздийг тодрууллаа.

Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, улс эх орныхоо эрүүл мэндийг авран хамгаалагч, эрдэнэт хүний амь нас эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэж, ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгддэг эмч нараа урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал юм.

Шагналд нийслэл болоод хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нэр дэвшсэн байна.

“АЛТАН ЧАГНУУР”-ын эзэн болсон эмч нар:

ДОТОР СУДЛАЛ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн эрхлэгч Очирхүүгийн Баярмаа

ХАВДАР СУДЛАЛ

Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын клиникийн толгой хүзүүний тасгийн эрхлэгч Гүндсамбын Пүрэвдорж

ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨВЧИН СУДЛАЛ

Нийслэлийн амгалан амаржих газрын төрөх тасгийн эрхлэгч Хишигжаргалын Цэцэгдэлгэр

МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ, ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ СУДЛАЛ

Улсын гуравдугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Жамъянлодойн Ганбаатар

ӨРХ, СУМЫН ЭРҮҮЛ МЭНД

Архангай аймгийн Өгийнуур сумын эрүүл мэндийн төвийн их эмч Дашбалбарын Галбадрах

СЭТГЭЦ, МЭДРЭЛ СУДЛАЛ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Дашдоржын Энхтуяа

ХҮҮХДИЙН ӨВЧИН СУДЛАЛ

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн хүүхэд өсвөр үеийн их эмч Мөнхөөгийн Цэвээн

ГЭМТЭЛ, МЭС ЗАСАЛ СУДЛАЛ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хэрх үе, судлал, үе сэргээх төвийн эрхлэгч Майдарын Отгонбаяр

ХАЛДВАРТ, СҮРЬЕЭ СУДЛАЛ

Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Рэгзэнгийн Эрдэнэбилэг

ДҮРС ОНОШЛОГОО, ЛАБОРАТОРИ СУДЛАЛ

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторийн тасгийн эрхлэгч Нямдоржын Цэрэнбүжид

НҮҮР АМ, НҮД, ЧИХ ХАМАР ХООЛОЙ СУДЛАЛ

Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмч Пүрэвсүрэнгийн Цэцэгням

АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛ

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хүүхдийн тасгийн эрхлэгч Гомбын Дашиймаа

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Энэ жилийн хувьд бусдаасаа онцлогтой жил болж байна. Бид 2017 онд олон зорилт тавьж ажилласны дотроос долоон өвчнийг эх орондоо эмчилнэ гэсэн зорилтыг хэрэгжүүлээд байна. Үүнд мэдрэл, мэс засал, үргүйдэл, хүүхэд, эмэгтэйчүүд гэх мэт чиглэлүүд багтсан. Бид эмчилж чаддаг боллоо. Үүнд эдгээр эмч нарын үүрэг их байлаа. Эмч мэргэжилтнүүдээ багаар нь өндөр хөгжилтэй оронд сургаж байгаа. Эх орондоо эдгээр өвчнийг эмчилж чаддаг болсноор иргэдийн гадагшаа урсах мөнгөн хөрөнгө багасч, санхүүгийн дарамтнаас бага ч болов гаргаж байна хэмээн бодож байна” гэв.

Энэ үеэр “АЛТАН ЧАГНУУР”-ын эзэн Архангай аймгийн Өгийнуур сумын эрүүл мэндийн төвийн их эмч Д. Галбадрах “Би 30 гаруй жил эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Анагаах ухааны их сургуулийг төгсөөд хөдөө орон нутагт очиж ажилласан. Эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилтийг цаг алдалгүй иргэддээ үзүүлснээр өнөөдрийн энэ амжилтад хүрлээ. Энэ хүндтэй шагналыг авсандаа баяртай байна. Анагаах ухааны салбар нь нотолгоонд суурилж хүн амд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Яамныхаа зорилгыг анхан шатныхаа нэгжид хэрэгжүүлэхийн тулд лабораторийн 30 гаруй шинжилгээг орон нутагтаа хийж байна. Сүүлийн үеийн ЭХО аппаратыг олон улсын байгууллагатай хамтран сумандаа ажиллуулж байна. Нярайн шарлалтыг эмчилж эхэлснээр одоогоор 120 гаруй хүүхдийг эрүүл саруул болгон гэр бүлд нь аз жаргал нэмсэндээ баяртай байна” гэв.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *