Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” дээд шагналыг санаачлан тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ даваа гаригт болох бөгөөд уг шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нараа алдаршуулах, ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал болоод байгаа аж. “АЛТАН ЧАГНУУР” шагналд нийслэл хотын болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нар нэр дэвшиж байгаа бөгөөд нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодруулах юм.
Э.ЭНХ