БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ
-МОНГОЛ ТҮҮХ ДӨРВӨН БОТЬ БҮТЭЭЛИЙН ХЭСГЭЭС-
Хүний түүхэнд хэл нэлээд хожуу буй болсон тул чухам хэл, түүний аль язгуур бүлэгт багтаж байгаагаас нь үндэстнүүдийн хоорондын угсаа гарвалыг тодорхойлж болдог. XIX зууны үед Урал-Алтайн язгуурын хэл хэмээн Европын Унгар, Финландаас эхлээд Японы арал хүртэл үндсэн оршин суугчдын хэлийг бүлэглэдэг байв. Сүүлийн үед угро-фин, алтай гэсэн хоёр язгуур бүлгийг тусад нь тоолох болсон ба япон, солонгос хэлийг алтай язгуурт багтаах эсэх дээр судлаачдын санал зөрдөг.
Алтай язгуурын хэлээр Сибирийн ихэнх үндсэн оршин суугчид болон Төв Азийн ихэнх хүмүүс ярьдаг ба хэлэлцэгсэдийн тоо 150 орчим сая хүн (солонгос, япон хэлийг тооцохгүйгээр) аж. Фонэтикийн хувьд маш их гийгүүлэгчтэй, эгшгээр хомс энэ овгийн хэлнүүд морфологийн хувьд тун түвэгтэй залгамал (agglutinaton) бүтцээрээ бусдаас эрс ялгагддаг. Алтай овгийн хэлийг үндсэнд нь гурван бүлэг болгодог нь: тунгус (tungus), монгол, түрэг (turkic) болой.
Тунгус овгийн хэлэнд солон, ород, үльч, эвэнк, манж зэрэг хэл багтах ба хэлэлцэгсэд нь өнөөгийн Хятадын зүүн хойд гурван муж болон Амар (Amur) мөрний сав газар, Солонгосын хойгийн хойд хэсгээр нутаглаж байв. Зөвхөн ХVI зуунаас энэ овгийн хэл сэргэлтэнд орж бичиг үсэгтэй болсон нь манж нар хүчирхэгжин нийт Хятадыг эзлэн захирсантай холбоотой. Үүнээс өмнө ХI зууны үед тунгус овгийн зүрчид нар хүчирхэгжиж байсан авч Хойд Xятадыг эзлэн эзэнт улс байгуулахдаа хүний олонх Хятадуудын соёлын бүрэн нөлөөнд байж, хэл нь онцгой үүрэг гүйцэтгэдэггүй байсан бололтой. Энэ овгийн хэл дотор хамгийн чухал нь болох манж хэл өдгөө бараг мөхжээ. Манж нар Хятадыг эзлэн Манж Чин династи байгуулж, хоёр зуу гаруй жил оршихдоо том үндэстэнд бүрнээ ууссан юм. ХХ зууны төгсгөл гэхэд манж хэлээр ярьдаг маш өндөр настай зуу хүрэхгүй хүн үлдсэн1 гэж Британника тольд өгүүлсэн байна. Гэвч өөрсдийгөө манж үндэстэн гэж тооцдог 10 сая орчим хүн гол төлөв Зүүн Хойд Хятадад амьдардаг. Тунгус овгийн арав гаруй хэлээр өдгөө ердөө 70 мянга хүрэхгүй хүн ярьдаг аж.
Түрэг овгийн хэлтнүүд нь өнөөгийн Баруун Монголоос Зүүн Өмнөд Европ хүртэл оршин суугчдыг хамардаг маш өргөн талбай хамарсан бүлэг юм. Хүннү нарын хэл түрэг овгийнх байсан гэж үзэх үзэл давамгайлдаг. Юутай ч IV зуунд Европыг түйвээж байсан Хүн нар түрэг бүлгийн хэлээр ярьдаг байжээ2. Түрэг хэлтнүүд түүхэнд асар том эзэнт гүрнүүдийг байгуулж байжээ. Үүнд Уйгар, Хиргис (Kirgiz), Оттоман Түрэг гэх мэт. Түрэгүүд монголчуудын шахалтаас болж хэдэн зуун жилээр баруун тийш түрэгдсээр өрнө тал нь Хар тэнгис хүрч суурьшсан байна. Өнөөгийн БНТүрэг улс, Монгол Улс хоёрын хооронд байгаа олон түрэг хэлтэн үндэстнүүдийг түрэгжсэн монголчууд уу, угаасаа түрэг юм уу гэдэг дээр хэл – угсаатан судлаачид нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байна. Өвөг түрэг хэл нь түрэг ба чуваш гэж хоёр хуваагдсан, өдгөө чуваш нь бүлэгтээ өнчин, бусад нь түрэг бүлэгтээ багтдаг гэж үздэг3.
Төв Азийн үе үеийн нүүдэлчдийн уугуул нутагт өнөөдөр монгол хэлтнүүд оршин сууж байна. Маш олон янз аялгатай энэ хэлийг овог дотроо ганцаараа бие даасан хэл гэж ихэнх судлаачид үздэг. XIII зуунд монгол хэлний зүүн аялга давамгайлж байж, учир нь нүүдэллэн явдаг хаад зүүн талдаа байрладаг байсан аж. Энэ үед буюу түүнээс арай эрт монгол бичгийн хэл үүссэн учир аяндаа зүүн аялга давамгайлах болжээ. ХХ зууныг хүртэл монголчууд олон аялгаар ярьдаг байсан боловч уйгараас авсан босоо бичигтээ захирагдан үндсэндээ нийтлэг нэг хэлтэй байлаа. 1930-аад оны үед СССР дэх Буриад Монголд хорь буриад аялгад захируулсан кирилл үсгийг, Халимагт халимаг-торгууд аялгад түшиглэсэн кирилл үсгийг нэвтрүүлснээр цоо шинэ салбар хэл үүсэх хандлага буй болжээ. Монгол Улс II дайны дараагаас халх аялгад түшиглэсэн кирилл үсэг нэвтрүүлснээр өөрөөсөө олон монголчуудтай Хятадын өвөрлөгч монголчуудаас мөн аажмаар ялгагдаж эхэлжээ.
Хэдийгээр өнөөдөр зонхилох эрдэмтэн энэ тунгус, монгол, түрэг гурван үндэстнийг нэг гарал үүсэлтэй гээд Алтайн язгуурын хэлэнд багтаадаг боловч зарим шинжээчид эдгээр овгийнхон маш эрт цагт тал талаас нүүдэллэн ирж хутгалдан амьдарч, ээлжлэн бие биенээ эзэрхэж байсан гээд эднийг хоорондоо хэлний болон гарлын ямар ч холбоогүй бие даасан үндэстэн гэж үздэг байна4. Чингис хааны өвөг дээдэс нь их далайг гатлан ирж Хэнтийн нуруунд суурьшсан тухай Монголын нууц товчоо-нд дурдсан байдаг нь дэмий нэг домог ч биш байж болох талтай.
Юутай ч гэсэн Төв Азийн нүүдэлчдийг дэлхийн хамгийн ууган үндэстний нэг гэдэг дээр эрдэмтэд, түүхчид эргэлздэггүй билээ. Хятадын сурвалж бичигт умрын ху хэмээн анх тэмдэглэгдэж байхдаа л тэд Хятадын эртний династиудыг үргэлжийн түгшүүрт байлгаж байв. Монголчууд хятад сурвалжид мэн-гу хэмээн бичигдэж байх үедээ л Тан династийг байн байн уулгалан довтолдог байж. Тэд өмнө нь Төв Азид ноёрхож асан түрэг болон тунгус угсаатны нэгдсэн төрт улсад хамаарч явжээ. Хүннү нар оршин тогтнох хугацаандаа ганц Хятадыг сүйтгээд зогссонгүй, IV зууны үед Баруун Европ хүртэл довтлон вандал, гот аймгийнхны хамтаар Ромын эзэнт улсыг унагасан гол “хэрэгтнээр” түүхэнд тодрон үлджээ.
Сүүлийн үед митохондрын ДНХ-аар дамжуулан хүний нүүдэл, үндэстэн угсаатны гарал, холбоог тогтоох болжээ. Одоогоос 40 мянган жилийн өмнө Африкаас гарч Синайн хойгоор дамжин дэлхийн өнцөг булан бүрт очин суурьшсан хомо сапиенс нь их нүүдэл хийхдээ ердөө арван мянгуулаа байсан5 гэдэг. Хятадын Фуданы Их сургуулийн доктор Ли Хуй ази гаралтай хүмүүсийн ДНХ-г судалж үзээд 30 мянга орчим жилийн өмнө монголоид хүмүүсийн өвөг дээдэс Зүүн Өмнөд Азид нүүдэллэн ирэхдээ генетикийн М89 кодын хэв шинжтэй байгаад генетик өөрчлөлт явагдаж М122 хэв шинжийг агуулах болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэд цааш гурван салаа болон умар тийш нүүдэллэж, нэг хэсэг нь арван мянган жилийн хугацаанд М134 шинжийн генетик код агуулах болж, Шар мөрөн (Huang He or Yellow River) хавьд ирсэн аж. Нэг хэсэг нь Хятадын зүүн далайн эргийг даган хойш нүүсээр хорин мянга орчим жилийн өмнө одоогийн Манжуур хавьд ирж суурьшсан нь Алтай язгуурын хүмүүсийн өвөг дээдэс, өөрөөр хэлбэл хожмын солонгос, хүннү, түрэг, монгол, манж хүмүүсийн дээдэс ажээ6.
2010 онд Орос, Монгол, Хятадын хилийн ойролцоо Алтайн нуруун дахь Денисовын агуйгаас олдсон булшинд буй шарилын митохондрын ДНХ-г судалж үзэхэд 41 мянган жилийн өмнө амьдарч байсан уг хүн нь хомо неандертал, хомо сапиенсын эрлийз болох нь тогтоогдсон7. Хомо сапиенсуудын нүүдэл одоогийн төсөөлж байснаас хавьгүй өмнө, бүр 125 мянган жилийн тэртээгээс эхэлжээ гэсэн шинэ гаргалгаа эндээс буй болж байна. Юутай ч хүний нүүдэл анх хэзээ, хаашаа, хэрхэн явагдсан нь одоо ч оньсого хэвээр.