Categories
мэдээ цаг-үе

Алтай Таван Богдын алтан бэлээс…

Нарны баяр буюу Наурызын баярын өмнөхөн Өлгий хотын онгоцны буудалд газардахад казах түмэн минь уран домборынхоо аялгуугаар угтлаа. Алтай Таван Богдын зүүн өмнөдөөс эх авсан Ховд голын мөсөн дээр урин хавар цаг эрхлэн хөрвөөжөө. Гуравдугаар сарын хорьдын зөөлхөн савир салхинд эргээдээ цамнаж хадаалсан голын мөс дотогшоогоо шүүрс алдан хөлөрч харагдана. Харин эргэн тойрон дахь догшин хүрэн уулс нь алсад мөнгөн дуулгаа духдуулж омогт Алтайн нуруу ч дүрээрээ байна. Өлгий хотын гүүрэн дээгүүр шунган өнгөрөх ахуйд алаг нүдэн казах бүсгүйчүүдийн гоёмсог өмсгөл салхинаа дэрвэхийг анзаарч л явлаа. Урт цагаан сахалтай аксакалууд энд тэнд таваргаж яваа нь уулын өвгөн бүргэдийн дүртэй. Үндэснийх нь баяр тулаад ирчихсэн хүн бүр хөхин баясалтай байгаа нь мэдээж. Ийм л цаг дор эх орны алтан хажлага, алс баруун хязгаар Баян-Өлгийн төвд хөл тавьсан юм.

Ардын уран зохиолч Тангадын Галсангаар ахлуулсан бидний нөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилсан эх хэл бичиг, утга соёлын баярт уригдан ирсэн минь энэ. Ерөнхийлөгчийн урлаг соёл, шашны бодлогын зөвлөх, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Цоодолын Хулан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга хатагтай Гочоосүрэнгийн Байгалмаа, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, “Алтан-Өд”-ийн шагналт яруу найрагч Магван-Эрдэнийн Саруулдай гэсэн бүрэлдэхүүнтэйгээр очсон. Эхлээд утга зохиолын салбар зөвлөлийн тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Х.Сураганыхаар зочиллоо. Наурызын баярынхаа идээ будааг дэлгээд хүндэтгэлтэйгээр угтав. Өлгий хотод Монголын их утга зохиолын галыг манаж байгаа тэрээр олон бүтээл туурвиснаас гадна “Дорнод туркестаны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан нэгэн. Түүнийх нь баталгаа биз исламын домогт эр Оспан, маршал Чойбалсан хоёрын Ховдын Булганы Алаг толгойд уулзсан зураг гэрийнх нь хананд байна лээ. Оюутан ахуй цагт Сураган найрагчийн сургийг Чилаажав ахаас сонсч байсан санагдана. Харин сүүлд нийслэл хүрээнд ирээд байхад нь Дашбалбарын Мөнгөндалайн хамт “Өдрийн сонин”-ы ойролцоох уушийн газар уулзалдсан. Мань хүн сонинд боогоод цүнхэлчихсэн, тос нь нэвчсэн нутгийн идээ “каз”-аар дайлсан юм даг. Түүнээс хойш мэндтэй устай явсан эрхэм ахынд ийнхүү учран золголдлоо. “Галсан гуай манай аймгийн хүндэт иргэн. Олон ч удаа ирж байна” гэж элгэмсгээр хэлээд хоёр давхарт номын өргөөнд морилохыг урьсан. Анхны Ерөнхийлөгч Очирбат гуайгаас аваад Норовын Алтанхуяг тэргүүт ардчиллын лидерүүдтэй авахуулсан зурагнууд харагдана. Ерэн оны цагаан морин жил эх орны баруун хязгаарт ардчиллын салхийг салхилуулсан анхдагчдын нэгэн нь Сураган найрагч бүлгээ.

Казахын бичгийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, цэцэн билэгт найрагч Үлимжийн Акыт, Казахын яруу найргийн ноён оргил, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт зохиолч Бабийн Ахтаан, ардын уран зохиолч Бөхийн Бааст нарын нэрэмжит “Алтайн гурван оргил” яруу найргийн наадам театрын тайзнаа эхэллээ. Монголын ард түмний эх хэлний нэгдмэл байдлыг баталгаажуулах, үндэстэн ястнуудын язгуур соёлыг сурталчилах, эх хэл бичиг соёлын авьяастнуудыг тодруулах зорилго бүхий найргийн наадмыг Хулан найрагч нээсэн. “Сүүлийн жилүүдэд монголчууд бид хэл соёл, цаашлаад тусгаар тогтнолынхоо үндсэн дархлааг улс төрийн шуурганаас болж гажуудуулж ирлээ. Ард түмнийг дотор нь хагалан бутаргадаг цөвүүн цагийн салхинд казах ч гэлтгүй, халх ч гэлтгүй Монгол даяараа нэрвэгдлээ. Казах монголчуудын дунд Монгол төрийн хэл болох монгол хэлээр найргийн наадам сүүлийн олон жилд болсонгүй. Туурга тусгаар орныхоо эх хэл соёлын дархлаа, нэгдмэл байдлыг хадгалж, хойч үедээ залгамжлуулан үлдээнэ. Тийм ч учраас Наурызын баярыг тохиолдуулан яруу найргийн баярыг Өлгий хотод зохион байгуулж байна. Казах түмэн минь улсын цолтой бөхчүүдээ төрүүлж байгаа. Уянгат сайхан найрагчаа төрүүлж, улс даяар алдаршуулах цаг чинь ирсэн. Казахын авьяас билэгт хөвгүүдээс “Алтайн гурван оргил” шигээ яруу туурвилын аваргууд төрөх болтугай” гэж хэлээд Хурманханы театрт хуран чуулсан олны зүрхнийх нь галыг асааж орхих нь тэр.Найргийн наадамд Казахстан, Шинжаан уйгараас хүмүүс зорьж ирж шүлгээ уншсан. Ихэвчлэн казах хэл дээр уншицгаав. Зохиолчдын хорооны Саруул дарга бид хоёр шүүгчдийн бүрэлдэхүүнд сууж “гадаад” хэлээр шүлгийн наадам шүүлээ. “Ахтааны Бүргэд найраглал Монголын утга зохиолын хөх сүмбэр оргилуудын нэг мөн” гэж Дорнын найрагч Явуугийн хэлсэн үг байдаг.

“Бүргэд”-ийн Ага-йыг-ийн дэгдээхэйгээр монгол түмний танил болсон, өөрөө ч бүргэд адил том монхор хамар, урт ширүүн хар сахал, хурц тод нүдтэй Ахтаан жинхэнэ казах эрийн шинж бүрдмэл төгс нэгэн байжээ. “Зохиолчдын их хуралд ирээд аугаа их Бямбын Ринчен, Сономын Удвал нарын дунд хүндтэйгээр сууж харагдах нь цаст Алтайн бүргэд ирэв үү гэлтэй даанчиг сүрлэг бадрангуй…” хэмээн эдүгээ ерэн насны босгонд ойрхон яваа Тангадын танхай Галсан өгүүлж байна.Одоогоос 120 гаруй жилийн өмнө буюу нэгэн мянга найман зуун ерэн долоон онд Шинжаанд ядуу тариачны гэрт Ахтаан гуай мэндэлсэн байдаг. Түүний эх Карипжаан нь авьяаслаг яруу найрагч, сайхан дууч эмэгтэй байсан тухай түүхэнд үлджээ. Бага балчраасаа казах ардын аман зохиол, үлгэр тууль сонсож өссөн хүү арав гаруйхан настайгаасаа шүлэг зохиол бичиж эхэлсэн байна. Авьяаслаг найрагчаас гадна жүжгийн нэрт зохиолч юм. “Ермалай”, “Жамаал”, “Калкаман Мамыр хоёр” жүжгүүдээрээ зартай. “Бүргэд” найраглал, “Суваг”, “Чамаас өндөр”, “Оршилын оронд” туурвилуудыг нь төрийн хошой шагналт Дашзэвэгийн Сэнгээ монгол хэлнээ орчуулсан. Мэдээж Бөхийн Бааст гуайн гавьяа их байж таарна.

Энэл домогт зохиолчдын наадамд уригдаж, их уулсын тэргүүнд шүлгийн цуурай хадахыг сонсох яахын аргагүй бахтай.

Сургуулийн сурагч, оюутан, чөлөөндөө суугаа хурандаа гэдэг шиг ахмад уран бүтээлчид гээд хорь орчим хүн шүлгээ дуудсаны дотор Монгол Улсын гавьяат багш Ванчингийн Суранхүү байлаа. Увсын Бөхмөрөн, Баян-Өлгийн Цагааннуурын заагт төрсөн эл эрхэм 40 гаруй жил алс баруун хязгаарт багшилж, монгол хэлний дархлааг хадгалж яваа гавьяатан. “Баян-Өлгийн зарим сумдууд хичээлийн программаасаа монгол хэлийг хаслаа” гэж Улаанбаатарт ирж сонин хэвлэлд мэдэгдэж байсан ч удаатай. 2012 онд Наурызын баяраараа гавьяатын тэмдэг энгэртээ зүүчихээд “Түүх, нийгмийн багш Жанат гэж залуу сүүлийн үед сүрхий бичиж байгаа. “Ховд гол” гээд олон шүлэг нь биднийг баярлуулж, бахдуулах болсон” хэмээн ярьж байсан сан. Тэгвэл өвгөн багшийн горьдлогыг бататгаж “Алтайн гурван оргил” наадмын тэргүүн шагналыг өнөө Жанат хэмээх бадрангуй найрагч хүртдэг байна шүү. “Нүүдлийн шувуудын нүднээс гунигийн манан сэмрэх”-ийг мэдэрсэн түүний шүлэг эрхгүй уулга алдахад хүргэсэн. Монгол хэл дээр ч омог төгөлдөр уншин домогт найрагчдынхаа хишгийг хүртэж, нэг сая төгрөгийн шагналыг уухайн түрлэгтэй гардсан.

Хөгжимт драмын театрын алдрын буланд “Үер” киноны Болд өвгөнөөс аваад олон дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон ардын жүжигчин Сангижавын Гэндэн гуайн зураг заларч харагдана. Зууны манлай бүжиг дэглээч Сэвжид тэргүүт соёл урлагийн сор болсон аваргууд Баян-Өлгийн театрын хөшгийг анх нээсэн түүхтэй. Тодруулбал, тавин зургаан онд Сайд нарын зөвлөлийн тушаалаар уг театр байгуулагдаж байжээ. Хурманхан хэмээх орчуулагч, төр нийгмийн зүтгэлтэн хүмүүн Их Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг тэртээ жараад оны эхээр орчуулан хүргэснийг, мөн Нацагдоржийн тухай өгүүлсэн “Монгол ардын суут” жүжгийг хөдөөгийн театруудаас анхлан тавьж буй зэргээ залуухан дарга Б.Асылбек өгүүлсэн. Хулан найрагчийн “Монгол ардын суут” жүжиг энэ үеэр тавигдаж, театрын уран бүтээлчдэд төрийн дээд одон медаль гардуулан ард түмнийг хөөр баярт умбуулж орхилоо. Тэгээд ч зогсохгүй аавынхаа “Ахтааны хойноос хашхирсан шүлэг” хэмээх ерэн долоон онд зуун жилийнх нь ойгоор бичсэн шүлгийг уншин морин хуурын аялгуу шиг домборынхоо эгшигэнд уярдаг монхор хэдэн казахаа уйлуулж орхилоо. Дөнгөтийн Цоодол найрагч

“…Домборын чинь утас тийм олон билүү, хоёрхон шүү, Ахтаан

Дотно хэдхэн монгол чинь тийм олон билүү, цөөхөн шүү, Ахтаан

Агтын чих өнчин билүү, Ахтаан

Ага-йыг-ийн жигүүр өрөөсөн билүү, Ахтаан

Хаврын шувуу урагшаа буцдаг билээ

Харин хэсэг шувуу хойшоо ниссэн шүү, Ахтаан

Цаст уулын бүргэд үүрээ хаядаг юм уу

Цагаан сүүгээ хөхүүлсэн ижий хоёр байдаг юм уу

Цаадуулаасаа намайг асууж байна гэж хэлж аль, Ахтаан…” гээд зуун жилийнх нь ойгоор уулын омогт эрсийг уйлуулсан гэдэг.

Эл үеэр театрынхаа уран сайхны удирдагчаар олон жил ажилласан, урлагийн гавьяат зүтгэлтэн Рахманы Өсерхан “Ийм сайхан юм гэж бас байдаг аа” хэмээн өгүүлэн тун чиг сэтгэл хангалуун сууна. Тэрээр төрийн шагналт Чойжилын Чимидээр театрын түүх, аугаа эрдэмтэн Сономын Лувсанвандангаар гоо зүйн урлаг заалгаж, зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидтэй багш шавийн барилдлагатай том амьтан. Ахтаан шигээ бүргэд хамар, бүдүүн дуу, хурц нүд, ширүүн сахалтай тэрээр Бөхийн Бааст гуайтай нэг гол ус Алтанцөгцийнх ажээ. “Өгөр толгой Гүрсэд (“Саруул талын ерөөл” кинонд Нацагдоржийн дүрийг бүтээсэн гавьяат), ардын жүжигчин Самбуугийн Сарантуяа бид чинь нэг ангийнхан юм. Тэртээ далаад оны дундуур Багшийн дээдийн кино драмын ангийг төгсөж байлаа” хэмээн өнөө бүдүүн хадуун дуугаараа хэлэв.

Очсон өдрийнхөө орой нь яруу найрагч, зохиолч Баймергений Зархумынд зочилсон. Мөн л Наурызын баярынхаа идээ будааг дэлгэсээр угтав. Оросын Санкт-Петербург хотноо нийгмийн ухааны академи төгссөн дүнжгэр сайхан хүмүүн “Улбарланхан цайсан өглөө”, “Аргамаг хүлэг” яруу найргийн, “Орчлонгийн аяс”, “Тэнгэрийн хаяа” үргэлжилсэн үгийн бүтээлүүд туурвижээ. Өнгөрөгч оны сүүлээр хэвлүүлсэн “Үүлс болж нүүнэ” найргийн номоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн юм. Уг номын өмнөтгөлийг соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Бэхтэйн Монголхүү тун чиг халуун дотно бичсэн байна лээ. Гэрийн эзэн нэг л мэдэхэд домбороо барьчихсан монгол, казах дууг баруун солгойгүй бөмбөрүүлж өглөө. Дондогдоржийн Дашдондогийн шүлэг, төрийн шагналт Зундуйн Хангалын хөгжим “Аяны шувуу”-гаас аваад, “Харзны ус шиг мэлтэлзсэн намуун зөөлөн аашаараа…” гээд хичнээн ч дууг казах монголоор хослуулав.

Хоёр мянгаад оны эхээр Утга зохиолын сургуулийн оюутан болоход манай ангид хоёр, гурван ч казах охин ирж билээ. Улсын “Хүрэл тулга” наадмаас урилга гардаж тус сургуулийн босго алхсан Балабейн Сара бид дотно найзууд байсан. Оюутны амралтаар Өлгий явах онгоцных нь билетийг хүртэл хамтдаа хөөцөлдөж л байсан. Хоёр мянга дөрвөн онд Улс тунхагласны 80 жилийн ойн “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмын Алтан цом хүртээд дуурийн театрын тайзнаа нүдэндээ нулимстай зогсож байхыг хол тэртээ Баян-Өлгийн Цэнгэл суманд суугаа Сара минь зурагтаар харжээ. “Чиний ярих дуртай Алтай Таван Богдын өвөр бэлээс Сара чинь ёслов” гэсэн нандин захидал над руу илгээсэн. Ийм л учралыг Зархум ахынхаа уран домборын аялгуунд сэтгэл халгин суухдаа он жилүүдийн цаанаас бодмоглолоо.

Өглөө Сураган найрагчийн хамт утга зохиолын салбарын өргөөгөөр нь орж ном бүтээлээс нь адис аваад яаран гарахуйд үүдэн дээр шинэхэн “Алтан гадас” одонт зураач Халамханы Дастан таарч, урландаа түр саатахыг хүслээ. Бүтээл юуг нь шимтэн сонирхох агшинд ширээнийнхээ арын хананд байрлуулсан “адуун сүрэг”-ийг буулгаж ирээд хоёр гардан барьдаг юм. Үдшийн бүрий нөмрөх үест уул толгодын дээгүүр зурваслан татах тэнгэрийн хаяаны улбар туяанд зогсож буй адуун сүрэг. Бараан голдуу сүргийн захад ганц цагаан унага үүрийн цолмон шиг гялалзаж харагдах нь содон. Эрдэнээ гуайн “Зүүдний цагаан унага” гэдэг шиг. Ийм л сэтгэлийн долгионыг аяслуулсан “цагаан унага”-аа“хөтлөөд” онгоцонд суулаа. Өлгийгөөс хөөрсөн хөлөг Ховдын төв дээр түрхэн газардав. Цаст цагаан Цамбагарав, Мөнххайрханы мөнгөлөг цагаан оргилын дээгүүр өглөөний тунгалагт онгоцоор нисэх нь даанч тэнгэрлэг. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Жамсрангийн Бямбадоржтой таарлаа. Ховдын Сутай хайрхны унаган хүү тэрээр нутагтаа алба ажлаар ирж байгаа ажээ. Бямбадорж даргатай таарсныг ч хэлэх үү, сүр жавхлант тэнгэрийн цэнхэрлэгт цавцайн цайрах оргилуудын дээгүүр нисч явааг ч хэлэх үү, аян замын сэржим өргөлөө.

Алтан соёмбот Баатар хайрхны бараа, Ховдын сууринд газардаад буцан нисэх ахуйд хэдхэн хоногийн өмнө хүмүүний хорвоогоос явчихсан Урианхайн хөх уулсын онгодтой найрагч Хөөдөгийн Эрдэнэбаатарын шүлгүүдийг эрмэг их уулсынх нь тэргүүн дээр, тэнгэрийн цэнхэрлигт уншсаан. Энэхэн агшинд эх хэл соёлын минь дархлаа бүтэн байж, цаст Алтайн бүргэд шиг эрмэг найрагчид цагийн цагт төрнө гэсэн тэнгэрлиг бодол сэтгэл эзэмдэж байлаа. Алтай Таван Богдын алтан бэл, Толбо нуурын торгон хаяа, Ховд голын хоргой эмжээр Өлгий хотод өнжин хонон саатсан минь ийм ажгуу.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *