Олон улсын судлаач шинжээчдийн “Varienties of democracy” байгууллага олон улсын 2022 оны ардчиллын индексийн тайланг өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Олон улсын энэ тайлан нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа ардчилал Монгол Улсад хэр батжиж байна вэ гэдгийг хэдэн зуун жилээр ардчилсан нийгэм нь хөгжчихсөн улс орнуудтай харьцуулан харж болдог том боломж. Харамсалтай нь муу мэдээтэй. Бүр нэлээд муу мэдээ шүү.
Монгол Улс сүүлийн таван жилийн тайланд бүх индексээр нь жил дараалан байр ухарчээ. “Ардчиллын тайлан-2023”-ыг зургаан үзүүлэлтээр хэмждэг бөгөөд Монгол Улс либерал ардчиллын индексээр 2017 онд олон улсад 64 дүгээр байрт жагсч байсан бол 2023 онд 77-д, сонгуулийн ардчиллын индекс 62-оос 81 дүгээр байрт, либерал индекс 72-оос 74 рүү, тэгш эрхийн индекс 46-аас 88 руу, оролцооны индекс 92-оос 124 рүү, зөвлөлдөх индекс 36-аас 73 дугаар байр руу ухарчээ. Олон улсын байгууллага биднийг ингэж үнэлж байна. Энэ бол Монгол Улсад ардчилал үнэ цэнээ алдаж байгаагийн илэрхийлэл.
Үнэндээ монголчууд дотооддоо ч ардчиллаа алдаж байгааг ухаарч, мэдэрдэг болсон. Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх өнгөрсөн 2022 онд хамгийн их зөрчигдлөө. Эрх баригч МАН, Засгийн газрын хууль бус үйл ажиллагааг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлэн тайван жагсаал хийсэн иргэд хэдэн арваараа цагдаад баривчлагдаж, эрүүгийн хэрэгт татагдах болсон. Олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх тас хаагдсан гэхэд болно. Сайд дарга нарыг шүүмжилсэн хэнбугай ч Зөрчлийн хуулиар торгуулах энүүхэнд боллоо.
НҮБ-ын тусгай шинжээч Монгол Улсад ажиллаад буцахдаа хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг баривчлахдаа 99.8 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хууль бусаар цагдан хорьж байна гэж зарлалаа. Хүний эрхийн хамгийн ноцтой том зөрчил бол энэ юм.
Ардчиллын бас нэг чухал хэмжүүр болох хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хууль сахиулах байгууллага цагдаа, прокурорууд санаатайгаар саад хийсэн нэг бус тохиолдол гарлаа. Хууль сахиулагчид сэтгүүлчийн үйл ажиллагаанд халдана гэдэг олон нийтийн мэдэх эрх хумигдах ноцтой үйлдэл юм.
Эрх чөлөөт, шударга ёс өнөөдрийн нийгмээс бүр алсарч байна. Эрх баригч, сайд дарга нар эрх мэдэл албан тушаалаа ашиглаж нийтийн баялгаа цөлмөдөг, түүнийгээ бүр олон нийтийн нүдэн дээр ил хийдэг болсон. Үүний жишээ, Хөгжлийн банк, ЖДҮ, нүүрсний хэрэг гээд хөвөрнө. Зөвхөн нүүрснээс гэхэд 40 их наядтай тэнцэх хохирлыг эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс улсдаа, ард түмэндээ учруулчихаад өнөөдөр хээв нэг төрийн сэнтийдээ заларч суугаа. Тэдэнд шударга ёс тогтоож хариуцлага үүрүүлж чадах хууль шүүх үгүй болсон. Хууль, шүүхийнхэн өөрсдөө хууль бус, шударга бус зүйлд гар дүрж, эх орон, ард түмнээсээ урваж байгаа.
Ардчилал ийнхүү алсарч байгаа нь өнөөдрийн эрх баригч МАН-тай шууд холбоотой. Сүүлийн таван жил ардчиллын индексүүд жил дараалан буух хугацаанд энэ нам дангаар удирдаж ирсэн. МАН-ын өнгөн дээр Монголын ардчилал мөхөж байна.
Нөгөөтэйгүүр ардчилал үнэ цэнээ алдаж, ганхах болсонд өнөөдрийн АН-ынхан ч буруутай.
Ардчиллыг тэд л өмчилдөг. Ардчиллын алтан хараацай, партизанууд гэж цээжээ дэлддэг. Түүнийг нь монголчууд буруутгадаггүй. Гэтэл тэд ардчиллыг өмчилдөг шигээ хайрлаж, арчилж чадсангүй. Ардчиллаа хаяад тэд 10-аад жил зөвхөн сандал суудал, тамга тэмдгийн маргаан өрнүүлж Дээд шүүхийн үүдийг сахиж ирлээ. Эрх баригчидтай үгсэж сайд даргын суудал горилж, төрөөс хулгай луйвар хийхэд л тэд гар бие оролцдог болсон гэхэд буруудахгүй.
Ардчилал АН-ынх гээд эрх баригчид орхиж болохгүй юм. Ардчиллын ач буянаар ажил амьдралаа босгосон залуус л өнөөдөр МАН-ыг авч яваа. Өнөөдөр тэр төрийн эрхийг барьж байна. Тиймээс тэд ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд онцгой анхаарах ёстой. Ардчиллыг өмчилдөг АН ч үүнд онцгой хувь нэмэр оруулах ёстой юм.
Ардчилалгүй бол бид үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй, зөвхөн эрх баригчдын заасан мөрөөр хатуу чанга дэглэмд явах замд орно. Ийм замаа, ийм нийгмээ дэлхийн соёлт хүн төрөлхтөн аль хэдийнэ халж, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг уралдан цогцлоож байна. Тиймээс ардчиллыг хүн бүр арчилж байх ёстой юм. Ардчилал бол хүн бүхэнд ус, агаар мэт хэрэгтэй зүйл билээ.