Categories
мэдээ нийгэм

Алслагдмал зам, талбай, замын нуухны цэвэрлэгээг бүрэн, чанартай хийхийг үүрэг болголоо DNN.mn

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа шуурхай зөвлөгөөнийг удирдаж, нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлага мэдээлэл өгөв.

Зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг 18 аж ахуйн нэгж хариуцан ажилладаг

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн хэмжээнд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгж, байгууллагын 971 үйлчлэгч 78 машин техниктэйгээр 13.2 сая ам метр зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь 180 км гаруй зам буюу гол магистрал замууд, дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд туслах зам талбай болон орон сууцны дундах 5.5 сая ам метр талбай, холбогдох ТҮК болон бусад аж ахуйн нэгж 4.7 сая ам метр талбайг хариуцан ажиллаж байгаа. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 4000 тонн гаруй давс, 2647 тонн бодис нөөцөлсөн. Энэ жил цас харьцангуй их орж байгаатай холбогдуулан давс, бодисын нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1786 тонн давс, 631.8 тонн бодисын үлдэгдэлтэй. Цаашид 1700 тонн гаруй давс, 527 тонн бодис татаж авна. Мөн дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагуудад татан авалт хийх чиглэлийг хүргүүлсэн. УБЗАА-наас дүүргүүдэд 675 тонн давсыг хүлээлгэн өгсөн. Мөн гэр хорооллын болон алслагдсан зам талбай, явган хүний замуудад цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэлийг хүргүүлж байна. Ерөнхий менежерийн өгсөн чиглэлийн дагуу зам цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагуудын хүчин чадлын үнэлгээг хийнэ” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тохижилт, үйлчилгээний байгууллагууд өөрсдийн хариуцсан зам, талбайн цэвэрлэгээг хангалтгүй хийж байгааг онцолж, хүчин чадлаас шалтгаалан зарим тохиолдолд хувийн хэвшилтэй хамтрах боломж байгааг хэлж байлаа. Тэрбээр “Нийслэлийн өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангахын тулд цэвэрлэгээг цаг алдахгүй хийх ёстой” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *