Халх голын 75 жилийн ойд оролцохоор ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ирсэн, Халх голын ахмад дайчин Н.Г.Богданов сандал дээр сууж байсан хоёр монгол ахмад дайчин руу дөхөж очоод “Алив, найзууд аа тэврэлдье” гэнэ. Ойролцоо зогсч байсан хүн тэдэнд орчуулж туслав. “Богданов гэдэг, одоо 94 настай хүн байна” хэмээн тэр тайлбарласан. Ихэнхдээ хүүхэд, хөгшид нарлаж байдаг Маршал Г.К.Жуковын хөшөөний эргэн тойронд бямба гаригт сэтгэл хөдөлгөсөн уулзалтууд болов. Цэцэг өргөх ёслолд оролцсон Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ “Та нарынхаа алдар, гавьяаг үеийн үедээ мартахгүй” хэмээн ахмад дайчдад хэлж байна лээ. Халх голын ахмад дайчин хэд байгааг лавлахад Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар “Халх голын ахмад дайчин 37 хүн бий. Орост долоон хүн бий. Тэд бүгд ёслолын ажиллагаанд оролцоно” гэв. Дайнд оролцсон ахмадуудаа хэрхэн харж үздэг талаар асуухад “Дайнд оролцсон ахмадууддаа Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлдэг. “Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-д ахмад дайчидтай холбоотой өөрчлөлтүүд орохоор бэлтгэж байна” хэмээн төрийн нарийн бичгийн дарга товчхон хариуллаа.
Цэцэг өргөх ёслолд мөн ОХУ-ын Эрхүү хотоос ирсэн залуучууд байлцав. “Дайчин нөхөрлөлийн замаар” аялалд оролцогч залуус Халх голын байлдаан болсон замаар тойрон аялал хийж, Эрхүү хотоос гараад 5500 км зам туулсан гэнэ. Цэцэг өргөх ёслолын үеэр хоёр орны Төрийн дуулал эгшиглэсэн. Орос залуус Төрийн дууллаа чин сэтгэлээсээ дагаж дуулсан нь онцгой сэтгэгдэл төрүүлнэ.
Цэцэг өргөх ёслолд хүрэлцэн ирсэн ахмадууд дунд Монгол Улсын баатар Ц.Олзвойгийн охин байлаа. “Аавынхаа баярт урилгаар Ховд аймгаас ирж оролцоод, магнай хагартлаа баярлаж явна” гэж тэрбээр ярьсан юм.
Японы сэтгүүлчид ч энэхүү дурсгалт мөчүүдээс хоцорсонгүй. Японы сэтгүүлч залуу ахмад дайчин Д.Хэнгэрэгээс асууж лавлах юм их бололтой. “Халх голын байлдаанд оролцож явсан хүн байна, та. Сэтгэгдлээсээ ярихгүй юу” гэж орчуулагчаараа дамжуулан лавлаж байна. “Айхавтар ширүүн байлдаан болсон. Харанхуйлаад, хаа яваа нь мэдэгдэхгүй, аюултай юм болсон” гэж өвгөн дурсав. “Монгол, Япон найрамдалтай улс болсон. Энэ талаар та сэтгэгдлээсээ хэлээч” гэхэд нь өвгөн “Япон хоёр дахиж Монгол руу дайрсан. Зөвлөлтийн улаан арми л аварсан” гэхээс өөр юм хэлсэнгүй. Харин ахмад дайчин Г.Бадам гуай “Тэр үед япончуудтай байлдаж явлаа. Одоо япончууд манайханд энд тэнд их тусалж байна гэж дуулж явдаг аа” гэж хэлнэ лээ.
Тэргэнцэр дээр суугаа ахмад дайчин Г.Бадам гуай нас сүүдэр 97 зоогложээ. Хэдийгээр түүний үгийг ялгаж сонсоход амаргүй байсан ч өвгөн хуучлах тун дуртай байна. “Хуягт машины жолооч байсан. Японы онгоцыг буудаж явлаа. Бөмбөгдүүлж ч явлаа, буудуулж ч явлаа. Суманд оногдоогүйдээ баярлаж явдаг. Байлдагчаас дарга хүртэлээ явсан” л гэнэ. Ямар цолтой явсан бэ хэмээн лавлахад “Дэслэгч цолтой байсан” гэв. Өвгөнтэй хамт явсан бага охиноос нь “Ахмад дайчин хүнийг асрахад хэцүү байдаг уу, дайнаас үлдсэн ул мөр байдаг уу” гэж асуулаа.
-Амаргүй шүү. Манай аав хоёр жилийн өмнө давсагны хагалгаанд орсон. Гуурсаараа шээдэг. Чих нь муу. Онгоц бөмбөгдөхөд аймаар дэлбэрэлтэнд хэдэн удаа орж байсан гэдэг юм. Тэрнээс болж чих нь муудсан гэж өөрөө ярьдаг юм. Халх голд байлдаж байхад нь бактерлогийн зэвсэг хэрэглэдэг байжээ. Худгаас ус уугаад дезентерий тусч байсан. Окопондоо үхэх шахаад хэвтэж байхад нь Оросын эмнэлгийн тусламж ирж аврагдсан гэж ярьдаг. Одоо гэдэс дотор муутай. Хоёрдугаар эмнэлэгт үзүүлдэг. Төрөөс сар болгон 200 мянган төгрөг өгдөг. Сүхбаатарын одонгоор шагнаж байгаа гэсэн хэмээн охин нь ярилаа. Г.Бадам гуай 1935 онд сайн дураар цэрэгт яваад 1945 онд цэргээс халагдсан. Дэслэгч цолтой, салаан дарга байсан. “Зүрх шимшрэм он жилүүдийн дурдатгал” гэж ном бичсэн гэнэ. “Манай аав Халх голд хуягт машины жолооч явсан хүн. Японы онгоцууд Хамар даваанд айхавтар бөмбөгдсөн гэсэн. 20-21-тэй залуу байсан. “Хүмүүс винтовоор онгоц буудаж унагаад байна гэсэн. Би яагаад унагаж болдоггүй юм” гээд онгоц бөмбөгдөөд эхлэхээр манай аав нэг винтов олж аваад онгоцыг чиглүүлээд нэлээд хэд буудсан ч оноогүй гэдэг юм билээ. Тэр үед зарим нь буугаа хаяад нуувчинд орсон гэсэн. Дайны дараа Гал командад салаан дарга, төмөр замд насаараа машинист хийсэн” хэмээн охин нь аавынхаа тухай ярив. Г.Бадам гуай гурван хүүхэдтэй. Бага охиныдоо амьдардаг аж. “Төр засгаас харж үзсээн. Анх 35 сая төгрөг өгч байсан. Тэрнийг нь хамгийн түрүүн авсан” гэж охин нь хэлсэн юм. Үр хүүхдүүдээс нь цэргийн хүн гараагүй. Хүүхдүүд нь цаг уурын инженер, бичиг хэргийн ажилтан, уул уурхайн инженер мэргэжилтэй аж.
Энэ өдөр Соёлын төв өргөөнд болсон баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэхдээ:
-Тэртээ 1930-аад оны сүүлээр эхэлсэн дэлхийн дайны дарийн утаа Монголын газар нутагт уугиж, дэлхийн дайныг дуусгах гарын үсэг зурахад Монголын дайчид оролцож, төгсгөж байсан юм. Үүнийг түүх мартах ёсгүй…. Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, сайн сайхан амьдралын төлөө Зөвлөлтийн хүмүүс, ОХУ-ын иргэд халуун амиа зориулсан. Бид манай хойд хөршийн ард түмний, төр засгийн, та бүхний энэ гавьяат үйлсийг хэзээ ч мартахгүй. Үүнийг Монголын ард түмэн, төр засаг үеийн үедээ санан дурсаж явах болно” гэсэн билээ.
Соёлын төв өргөөнд дараа нь Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, Чингис хааны талбайд үдшийн цэнгүүн, ёслолын буудлага болсон юм.
Б.ЯНЖМАА