Хятадын засгийн газрын зохицуулах хорооноос онлайн худалдаагаар дэлхийд тэргүүлэгч Алибаба компанийг 2.75 тэрбум ам.доллараар торгохоор болжээ. Энэ нь тус улсын түүхэнд байгаагүй хамгийн өндөр торгууль юм. Зохицуулах хороо Алибаба компанийг олон жилийн турш зах зээлд давуу байдлаа ашиглан шударга бус өрсөлдсөн гэж буруутгасан юм байна. Тус компани дээрх торгуулийг хүлээн зөвшөөрч, алдаагаа засаж залруулахаа мэдэгджээ.
Алибабаг үүсгэн байгуулагч Жэк Ма өнгөрсөн оны аравдугаар сард болсон нэгэн чуулганы үеэр Хятадын засгийн газрыг хурцаар шүүмжилсэн мэдэгдэл хийсэн. Үүний дараа тус улсын эрх баригчид Алибаба төдийгүй түүнтэй төстэй үйл ажиллагаа явуулдаг дотоодын бусад компаниудад шалгалт хийжээ. Өнгөрсөн сард монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр хэд хэдэн компанийг торгожээ. Үүнд улсдаа дээгүүрт орох Tencent, Baidu зэрэг байгууллагууд багтсан байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР