АНУ холбоотнуудынхаа хамтаар Сирид агаараас цохилт өгөх ажиллагаа явуулж байгаа нь олон улсын бүх хууль, дүрэм журмыг зөрчсөн хэрэг бөгөөд ОХУ үүнийг “түрэмгийлэл” гэж үзэж байна гэж Оросын Төрийн Думын Батлан хамгаалах хорооны тэргүүн дэд дарга Александер Шерин хэлээд, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Адольф Гитлертэй харьцуулжээ.
“Спутник” агентлагийн мэдээлснээр, А.Шерин өнөө өглөө сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бол зүгээр ч нэг гэмт хэрэгтэн биш. Д.Трамп бол дэлхийн хоёр дахь Адольф Гитлер” гэж хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших сөрөг хүчнийхний түшиц газарт Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн давшилт үйлдэн 40 орчим хүний аминд хүрч, хэдэн зуун хүнийг химийн хорт бодист хордуулсан гэх хэргийн хариуд АНУ Франц болон Их Британитай хамтран Сирийн цэргийн байгууламжуудад цохилт өгч эхэлсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний дараа А.Шерин дээрх мэдэгдлийг хийлээ.
Мөн ОХУ-ын Төрийн Думын Батлан хамгаалах хорооны дэд дарга Юрий Швыткин мэдэгдэл хийхдээ “АНУ, Франц болон Их Британийн Сирид явуулж байгаа ажиллагаа сайн юманд хүргэхгүй. АНУ ба түүний холбоотнуудын энэ болчимгүй үйлдлийг зогсоохын тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблей яаралтай хуралдах шаардлагатай байна” гэжээ.